Газраа чөлөөгүй иргэдийг хотын даргад "ховлов"
Тэд энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа хоёр ч замын ажилтай танилцаж, ажлын явцыг нь шалгасан юм.
2014.08.11

Газраа чөлөөгүй иргэдийг хотын даргад "ховлов"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж нарын албаны хүмүүс өчигдөр нийслэлд өрнөж буй авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Тэд энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа хоёр ч замын ажилтай танилцаж, ажлын явцыг нь шалгасан юм.

Дүнжингарав худалдааны төвийн зүүн талаас Улиастайн замын уулзвар хүртэлх зургаан км зам, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17. 6 км авто замын ажилтай танилцсан юм. Дээрх замуудын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэнэ. Гүйцэтгэгч компаниуд нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэж байв.

Бээжингийн  гудамжны  зам арваннэгдүгээр сард ашиглалтад орох нь.

ШУТИС-ийн хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэл баригдаж байгаа Бээжингийн гудамжны замын ажлын явцыг ч нийслэлийн удирдлагууд сонирхлоо. Тус замын ажлын гүйцэтгэл 65 хувьтай байгаа аж.

Бүрэн ашиглалтад орох хугацаа нь ирэх арваннэгдүгээр сарын 30 гэж гүйцэтгэх компанийнхан нь ярьж байлаа.

Нийт 0.9 км авто замд өргөтгөл хийж байгаа аж. Үүний зэрэгцээ авто зам доогуурх инженерийн шугам сүлжээ, ус зайлуулах шугам хоолой зэрэг ажлыг давхар гүйцэтгэж байгаа юм байна. Авто зам барихад шаардагдах хөрөнгө БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас гарчээ. Нийт 59.8 сая юанийн хөрөнгө гарсан гэнэ.

Нийслэлийн Засаг даргын очсон дараагийн газар нь Яармагийн гүүрнээс ТЭЦ-3 хүртэлх шинээр барьж буй зам байлаа. Энэ зам есдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад орох гэнэ.

Гэхдээ сүүлийн үед орж байгаа бороо замын ажлыг хугацаанд нь дуусахад сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж гүйцэтгэгч компанийнхан нь онцолсон.

Цаг агаарын нөхцөлөөс болж хойшиллоо гэхэд аравдугаар сарын 1-ний дотор ашиглалтад өгөх юм байна. Замын ажлыг урагшлахад саад болж буй өөр нэг хүндрэл нь хувь иргэнтэй холбоотой гэнэ.

Энэ замын эхлэл буюу Гурвалжингийн гүүрний хавьд нэг иргэний хоёр давхар хувийн орон сууц байгаа аж. Хувийн сууцтай иргэн газраа чөлөөлж өгөхгүй байгаа гэж гүйцэтгэгч компанийнхан хотын даргад тайлбарлаж байв.

Энэ асуудлыг “Гудамж” төслийн зүгээс шалгаж үзжээ. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүй байгаа айл гэдэг нь тогтоогдсон байна. Хотын дарга энэ үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягаас тухайн айлыг зөвшөөрөлтэй эсэхийг лавлахад “Эргэж тодруулъя” гэсэн хариу өгч байлаа.

Улиастайн ам руу шинэ зам холбоно

Сонирхуулж хэлэхэд энэ жил хоёр ч шинэ замын ажлыг хотоос төлөвлөөд байгаа юм байна. Шар хар, Ботаникийн чиглэлд 2.3 км шинэ зам тавихаар төлөвлөжээ.

Ингэснээр Улиастайн аманд байгаа айл өрхүүдэд автббусны үйлчилгээ хүрэх боломжтой юм байна.

Өөр нэг шинэ зам нь нэгдүгээр хорооллын араар, Москва хороолол, “Талх чихэр”-ийн хойгуур тавигдах нь. Замын ажлын зураг нь дуусчээ.

Одоогоор гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа аж. Ийм шинэ замууд барьснаар замын хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурна гэж албаныхан үзэж байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өөр хэд хэдэн замыг ч шинээр барих бололтой.

ЯармагНисэхийн замын ажил энэ сард дуусна гэв

Хотын даргын шалгалт хийсэн дараагийн газар нь Яармагийн гүүрнээс Нисэх хүртэлх 13.7 км зам байлаа. Хятад Улсын зуун хувийн хөрөнгө оруулалттай “НКВ in ternational” компани энэ замын ажлыг 2012 оны зургадугаар сараас эхлүүлжээ.

26 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр хийгдэж байгаа аж.

Замын ажил энэ сарын 25-нд дуусах юм байна.

Энэ замыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулж байгаа гэнэ.

Хотын даргыг тус компанийн ерөнхий захирал Жон Вон Зун угтан авч ажлын явцаа танилцуулсан юм. Түүний хэлж байгаагаар замын ажил санхүүгийн асуудлаас болж багагүй хугацаагаар хойшилжээ. Харин саяхнаас хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн учраас ажил нь жигдэрчээ.

Одоогоор замын сүүлийн хучилтын ажил дутуу байгаа юм байна. Хотын даргыг ажилтай нь танилцдаг өдөр компанийнхан түр зогсолт хийгээд байв. Шалтгаан нь бороо гэнэ.

Э.Бат-Үүл дарга тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ зам арчилгааны талаар онцолж байлаа. Яармаг, Нисэхийнх шигзадгай талбайтай замд хоёр талаар нь мод тарьж хамгаалах арга дэлхийн нийслэлүүдэд байдаг аж.

Манайх Яармаг, Нисэхийн зам дээрээ туршаад эхэлчихэж. Хотын удирдлагууд “Тод газар" компанийнхантай нэг тохироо хийжээ. Тус компанийнхан эхний ээлжинд өөрсдөөсөө хөрөнгө мөнгө гаргаж энэ замын хоёр талаар нарс мод тарьжээ. Амжилттай болвол хотоос энэ ажлыг дэмжихээр болж. Замын хоёр талаар хориос дээш настай нарс тарьжээ.

“Тод газар компанийнхан “Нарс өнгө үзэмжтэй мод. Бас хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг. Цаашид арчлахад ч бага мөнгө зарахаар мод.

Нэг тарьсан байхад 300 жилийн настай” гэж нарс модны давуу талуудыг хотын удирдлагуудад тайлбарласан. Дашрамд дуулгахад, ирэх жилд 22- ын товчоо хүртэлх задгай талбайд орших замын хоёр талаар ч мод тарих ажил хийхээр төлөвлөжээ.

Замын хоёр талаар мод тарих нь хоёр давуу талтай гэнэ. Эхний давуу тал нь салхины элэгдэл хорогдлоос замыг сэргийлдэг байна. Мөн уснаас хамгаалдаг аж. Мод усыг өөртөө шингээж, тэр хавьдаа хуурайшил үүсгэн замыг борооны усанд элэгдэж гэмтэхээс хамгаалдаг юм байна.

22-ын товчоо хавийг моджуулахдаа тэр хавийн байгууллага, компаниудын хүчийг ч дайчлахаар болжээ. Компаниудад ойролцоох 50 метр орчмын газраа моджуул гэсэн үүрэг өгсөн талаар Нийслэлийн Авто замын газрын дарга ярьж байв.

Нисэх, Яармагийн замын хувьд гэрэлтүүлэг дутуу байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга хотын мэрд дуулгасан юм.

Иргэд чөлөөлөхгүй байгаагаасаа замын ажил удааширчээ

Үүний дараа хотын дарга Э.Бат-Үүл Моносын уулзвараас Нисэх хүртэлх 5.5 км замын ажилтай танилцсан. Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ, явган хүний зам, дугуйн зам зэргийг багтаасан томоохон бүтээн байгуулалт энд хийгдэх нь.

Уг ажлыг хоёр талаас нь “Бадрах ойл", “Арц суварга” компаниуд хийж байгаа аж. Одоогийн байдлаар 16 тэрбум төгрөг зарцуулаад байгаа бегөөд цаашид ч хөрөнгө мөнгө ихээхэн шаардагдана гэдгийг уг ажлыг хариуцагч “Бадрах ойл” компанийн төлөөлөл хэлсэн.

Уг замыг ирэх аравдугаар сарын 20-н гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа ч хугацаандаа багтах эсэх нь эргэлзээтэй байгааг ч гүйцэтгэгч талаас үгүйсгээгүй юм.

Энэ өдөр танилцсан сүүлийн бүтээн байгуулалт Баянхошуунд өрнөж байв. Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км замын ажил энд явагдаж байгаа бөгөөд айл өрхүүд газраа чөлөөлж өгөөгүй байгаагийн улмаас гүйцэтгэгч “Экспресс зам” компанийн ажил саарч байгаа юм байна.

Нийт 100 гаруй өрх зам чөлөөлөх шаардлагатай байгаагаас өдгөө 22 айл газраа чөлөөлөхийг хүсэхгүй байгаа юм байна. Учир нь хоосон хашаатай айл л гэхэд 50 сая төгрөг нэхэмжилж байгаа тул төсөв хөрөнгөдөө баригдаж тэдэнтэй тохиролцож чадахгүй байгаа аж.

Улсын төсвөөс газар чөлөөлөлтөд зориулж гурван тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Харин одоогийн буюу дээрх 22 айлд өгөх мөнгө нь хараахан шийдэгдээгүй байгаа тухай хотын даргад дуулгаж байв. Үүний хариуд Э.Бат-Үүл дарга “Шаардлагатай хөрөнгийг яаралтайгаар цаг алдалгүй хуралд оруулж ир” гэсэн үүргийг өгснөөр нийслэлд өрнөж буй замын ажилтай танилцсан Засаг даргын ажил өндөрлөсөн юм.