Д.Болормаа: Хувьчлаад л орхидог тогтолцоог хална
Төрийн өмчийн хорооны удирдлагын газрын дарга Д.Болормаа
2014.08.08

Д.Болормаа: Хувьчлаад л орхидог тогтолцоог хална

Төрийн өмчийн хорооны удирдлагын газрын дарга Д.Болормаатай ярилцлаа.

-Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын алдагдлыг бууруулах ямар зарчим, менежментийг барьж ажиллаж байна вэ?

Бид нар өнгөрсөн онд нийтдээ төрийн болон төрийн өмчийн оролцоотой 97 компанийг хүлээж авч, төрийн аж ахуй эрхлэх байдал ямар цар хүрээтэй явагдаж байна, төрийн сан хөмрөгийг хэрхэн арвижуулах хөгжүүлэх тухайд үнэлэлт дүгнэлт өгсөн.

Ингэхээр үндсэндээ төрийн өмчит компаниудыг зарчмын хувьд нийгмийн хариуцлагатай компани, ашигтай ажиллах компани, хувийн хэвшлийнхэн хийж гүйцэтгэх боломжтой, эсвэл хамтрах боломжтой хэмээн гурван хэсэгт хуваасан.

Өндөр хөгжилтэй, хуучин социалист дэглэмтэй байсан улс орнууд, хөрш зэргэлдээ улсын төрийн өмчийн удирдлага нь ямар байгааг судалж үзэхэд зайлшгүй төр удирдах ёстой нийтийн өмчийг цаашид хэрхэн авч явах бололцоо байгааг судалсан.

Энэ хүрээнд Норвеги улсын туршлагыг судалсан. Тус улсад төрийн сан байгуулаад үүссэн мөнгийг нь хөрөнгийн зах зээл дээр арвижуулж, ашигтай ажиллаж буй компаниудыг худалдаж авах замаар ажилладаг. Хувьцаа болон сангаас бүрдсэн ашгаас ард иргэдийнхээ халамжийн асуудлыг шийдвэрлэж тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарыг түлхүү санхүүжүүлж байсан.

Сингапурын “Темасек” загварын сан

Түүнээс гадна Сингапурын “Темасек” загварын сангийн талаар судалж үзсэн. Сангаас үүссэн хөрөнгөөр нийгмийн халамжид зарцуулахаас гадна компаниуддаа томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийх замаар дэмждэг тогтолцоотой. Төрийн өмчийн хорооны зүгээс бусад улсуудын сайн туршлага, дэвшилтэт аргаас боломжтой зүйлүүдийг ашиглахаар ажиллаж байгаа.

-Алдагдлын шалтгаан нь яг юу юм бэ. Хөрөнгө мөнгө дутсанаас болж байна уу, сэтгэл дутсанаас уу. Эсвэл чадварлаг боловсон хүчин байдаггүй, улс төрийн томилгооны уршиг нөлөөлдөг үү?

Одоо менежментийн зөв зохистой арга хэмжээг явуулж байгаа нь үр дүнгээ өгч байна. Үндсэндээ алдагдлын хоёр л шалтгаан байгаа. Нийгмийн хариуцлагын үүднээс төр алдагдлаа хариуцаад явах ётой салбарын нэг хэсэг байхад нөгөөдөх нь  хөрөнгө оруулалтын асуудлыг хийхдээ ханшийн зөрүүнээс үүсч буй алдагдал байгаа юм.

Түүнээс биш одоо ТӨК-иуд дотроос үйл ажиллагаагаараа алдагдал хүлээж буй газар байхгүй гэдгийг баталгаатай хэлнэ. Өнгөрсөн 2013 онд зөв зохистой менежмент, нөөцийн зөв хуваарилалтыг хийж чадвал болдог гэдгийг харуулсан. 2014 онд ч бас тэгнэ гэж итгэж байна.

-Төрийн өмчийн удирдлага, нийтийн өмч, компанийн засаглал, менежментийн экспертүүдийн үзэж буйгаар ТӨК-иудад чадварлаг боловсон хүчин дутагдалтай байгааг хэлж байсан. Энэ алдаа дутагдлыг хэрхэн сайжруулах тал дээр арга хэмжээ авч байгаа болов уу?

Компаниудаа хэрхэн өргөжүүлж, ашигтай ажиллуулах вэ, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ, яаж ашгийг өндөр хэмжээнд байлгах вэ гэдгийг судалж байна.

Төрийн өмчийн хорооны зүгээс оруулж байгаа хөрөнгийнхөө тодорхой хэсгийг төсөвт төвлөрүүлж, компаниуд нь эргээд бие дааж, гадна дотны хөрөнгө оруулалтыг өөртөө татдаг, хөрөнгө босгодог, түншлэлийг бий болгох концепцийн үндсэн дээр ажиллаж байгаа.

Түүнчлэн ТӨК-иуддаа технологийн шинэчлэл, хүний нөөцийг чадавхижуулах, нэмүү өртөг шингэсэн өндөр бүтээмжтэй технологиудыг оруулж ирэх чиглэлээр ажиллаж байна. Энэ чиглэлд хэд хэдэн компаниуд хамтарч ажиллахаар саналаа ирүүлсэн. Энэ бол Төрийн өмчийн хорооны хийж буй томоохон ажлын нэг.

-ТӨК-ийг удирдах гүйцэтгэх захирал, ТУЗ-ийг хэрхэн сонгодог вэ. Ямар шалгуур үзүүлэлтийг гол болгож байна?

Энэ жил чадвартай боловсон хүчинг сонгохыг гол зарчмаа болгож ажилласан. Компанийн тухай хууль, төрийн болон орон нутгийн тухай хуульд заасны дагуу одоо үйлчилж буй хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй болгох үүднээс компанийн захирлуудыг нээлттэй зарлаж байгаа.

Ингээд сайдтай зөвлөлдсөний дагуу томилгоог хийдэг.

Компанийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос шалгуураа тавьж нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж сонгогдсон хүнийг Төрийн өмчийн хороо тухайн салбарын сайдад санал болгодог. Ингээд сайдтай зөвлөлдсөний дагуу томилгоог хийдэг.

-Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн томилгоог улс төрөөс хараат бус байлгаж чадсан уу?

Компанийн удирдлагуудыг олон нийтэд хэлбэрээр зарлаж, сонгон шалгаруулж байгаа. Хэн нэгэн улс төрийн томилгоогоор томилогдохгүй. Бидний дараагийн том алхам нь ТУЗ-д том өөрчлөлт хийсэн.

Өмнө нь нэг хүн долоо найман компанийн ТУЗ-д орсон тохиолдол байсан. Гэсэн мөртлөө зарим хуралдаа суудаггүй. Бид төрийн өмчийн хорооны түүхэнд байгаагүй өөрчлөлтийг хийж чадсан.

Бүх яамд, харьяалагдах байгууллага, салбан оролцоог хангаж өгсөн. 60 гаруй компанийн ТУЗ-ийг өөрчилсөн. Аудитын хороо, Цалин хөлсний хороо, Нэр дэвшүүлэх хороог албан ёсоор байгуулж, ажиллах журмыг нь шинэчилсэн.

Ингэснээр ТУЗ идэвхтэй оролцож шийдвэр нь бодитой болж, компанийн асуудлын гүн рүү орж эхэлсэн. Хуучин бол ТУЗ худалдан авалт, тайлан балансийг л баталдаг байсан.

- 22 компанийг хувьчлахаар болсон. Үүн дотор цахилгаан холбоо, эрчим хүч, чухал салбарууд харагдаж байна. Чухам хувьчлалын ямар арга хэлбэрээр зохицуулах вэ. Өмнөх алдааг давтахгүйн тулд ямар зарчим барьж байна?

22 компанийг хэн нэгэн хүн сэтгэлийн хөөрлөөр гаргаж ирээд хувьчлахаар гаргаж ирээгүй. Явцын дунд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шийдсэн хэрэг.

Ер нь төр өөрийн хувь эзэмшлийг тодорхой үе шаттайгаар бууруулах нь зүйтэй гэдгийг гол болгож тухайн салбарт тэргүүлэх чиглэлээр явж байгаа дэвшилтэт технологийг эзэмшээд явж байгаа аж ахуй нэгжийг хувийн хэвшилд шилжүүлж байгаа. Гэхдээ хувьчлаад л орхидог байсан тогтолцоог халж компанийн үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх зарчмыг барина.

Үндсэндээ компанийг худалдаад авчихдаа гол нь биш, хувьчлалын найман есөн арга хэлбэрүүдийг ашиглаж тэр дотроос аль болох олон нийтэд компанийн хувь хэмжээнээс, хөрөнгө оруулах чиглэлд олон нийтийн оролцоог хангах үүднээс хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах байдлаар шийдэж байгаа. Энэ бол манай хувьчлалын гол зарчим.

-Хувийн хэвшил оролцоод аваад явах боломжтой салбарт төр заавал ч үгүй оролцох гэхгүй гэж үзэж байгаа. Үүнтэй санал нийлэх үү?

Тийм төрлийн ТӨК-ийг хувьчлахдаа үндсэн үйл ажиллагааг нь алдагдуулахгүйгээр хувьчлах зарчмыг барьж байгаа. Жишээлбэл урд өмнө нь алдаатай хувьчлалын нөлөөгөөр Хүүхэд залуучуудын театр, циркийн асуудал сөхөгддөг.

Нийгэм олон нийтийн зүгээс үндсэн үйл ажиллагаа нь өөрчлөгдөж, нийгэм дэх үүргээ гүйцэтгэхгүй байгааг шүүмжилдэг. Бид энэ алдааг давтахгүй.

Ер нь бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад салбарын үүргийг алдагдуулахгүй байх зарчмыг барьж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.