“1072 хувьцааг өвлүүлэх, худалдсан иргэд тухайн үеийн ханшаар эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэхийг зорино”
2025.02.03

“1072 хувьцааг өвлүүлэх, худалдсан иргэд тухайн үеийн ханшаар эргүүлэн авах асуудлыг шийдвэрлэхийг зорино”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Үенч сумын иргэдтэй энэ сарын 3-нд уулзав. 

Баруун бүсийг эрчим хүчний төв болгох зорилгын хүрээнд энэ оны төсөвт Үенч суманд Хөшөөтийн уурхайгаас Үенч хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөлийн ажлыг тусгаад байна. Тус бүтээн байгуулалт хэрэгжсэнээр Үенч сум хэрэглээний эрчим хүчнээс гадна үйлдвэрлэл эрхлэхэд цахилгаан, эрчим хүчний хязгаарлалтгүй болох боломжтой юм.

Үенч сумын иргэдээс цахилгааны үнийн огцом нэмэгдлийг хэрхэх талаар санал хүсэлт хэлж байна. Тиймээс цахилгааны үнэ тарифын нэмэгдлийг шалгаж, шийдвэрлэх талаар Засгийн газарт уламжилна гэдгийг УИХ-ын дарга онцлов.

Түүнчлэн, 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгож эхэлсэнтэй холбогдуулан урьд өмнө нь хувьцаагаа зарсан иргэд эргээд худалдан авах боломж бий эсэхийг тодруулж байна.

Тус хувьцааг өнгөрсөн жилээс эхлэн “амь оруулж”, ногдол ашгийн хуваарилалтыг хийж, 2024.01.01-ний өдрөөс өмнө төрсөн бүх хүүхэд хувьцаа эзэмшиж чадсан. Харин цаашдаа хувьцааг өвлүүлэх, худалдсан иргэд тухайн үеийн ханшаар эргүүлэн авах зэрэг асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхийг зорьж ажиллана гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.