Д.Долгорсүрэн: Ийм орчинд төрийн өмчийн хэлбэртэй ч бай, хувийн ч бай ямар ч компани үр ашигтай ажиллаж чадахгүй
Удирдлагын Академийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д.Долгорсүрэн
2014.06.26

Д.Долгорсүрэн: Ийм орчинд төрийн өмчийн хэлбэртэй ч бай, хувийн ч бай ямар ч компани үр ашигтай ажиллаж чадахгүй

Сэдэв: Төрийн өмчийн хэлбэр үү хувийн хэвшил үү гэж сөргүүлэн харах бус харин нөхцөл байдалд тохируулан өмчийн оновчтой хувилбарыг сонгох нь чухал. Удирдлагын Академийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор Д. Долгорсүрэнтэй энэ талаар ярилцлаа.

-Төрийн өмчийн компаниудыг талаарх дэлхийн өөрчлөлтүүд хаашаа чиглэж байна. Гадны туршлага юу байна вэ?

Хуучин сэтгэлгээгээр төрийн өмчит компани гэдэг нь урьд социалист чиглэлтэй байсан улсуудад улс төрөөс хараат байдлаар үр ашиг муутай үйл ажиллагаа явуулдаг компани, харин барууны орнуудад хувийн хэвшлийн компани төлөөлөн удирдах зөвлөлтэй ба хувьцаа эзэмшигчийн өмнө тайлагнан үр ашигтай ажиллаж зах зээлд чөлөөтэй өрсөлдөнө  гэж үздэг бол ОХУ болон Хятадын төрийн өмчит компанийн дүр төрх сүүлийн хэдэн арван жилд ихээр өөрчлөгдсөн бөгөөд  зах зээлийг либералчилсан учир компани хэрхэн үйл ажиллагаа явуулах болон төр тухайн компанид хэрхэн хөрөнгө оруулалт хийх асуудал эрс өөрчлөгдсөн билээ.

Сүүлийн хэдэн жилд шинээр хөгжиж буй болон өндөр хөгжилтэй улсууд хэдэн мянган  компаниудыг хувьчилж ирсэн ба ОХУ-д бүх компани

төрийн мэдлийнх байсан бол одоо хэдэн мянган л төрийн өмчийн компани байна. Хятадын улсын үйлдвэр ойролцоогоор 20 мянгад хүрээд байна. Өндөр хөгжилтэй улс буюу Австрали, Канад, Япон, Их Британи, Франц зэрэгт зуун хувь төрийн мэдлийн болон төрийн хагас хяналттай компанийн тоо 100 гаруй  байсан бол 10 хүртэл цөөрчээ.

Төрийн өмчит компанийн тоо цөөрч байгаад бус харин тэдгээрийн бүтэц өөрчлөгдөж байгаад хамаг учир байна. Зарим томоохон төрийн өмчит компаниуд бараг хувийн корпораци хэлбэртэй болжээ. Учир нь тэдгээр компанийн хувьцааг хөрөнгийн зах дээр арилжиж тус компани төлөөлөн удирдах зөвлөлтэй, магадгүй хөрөнгө оруулалтын удирдлагыг гуравдагч гадны байгууллага гүйцэтгэх болжээ.

-Хөгжиж буй улсуудын хувьд байдал ямар байна вэ?

Шинээр хөгжиж байгаа улсуудын төрийн өмчийн томоохон компаниуд хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч хөрөнгө босгож нийтийн өмчийн хувьтай болж байгаа нь өрсөлдөх чадвартай компаниуд үүсч байгааг харуулна. Тэгэхээр төрийн өмчит компаниудыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадваргүй гэж хэлэх үндэслэл үгүй болж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) хэсэг судлаачид Forbes сэтгүүлийн жагсаалтад багтсан дэлхийн 2000 том компаниуд буюу тэдгээрийн 330 000 салбар нэгжээс судалгаа авч төрийн өмчит компаниуд ямар байр суурьтай байгааг илрүүлж тэдгээрийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөг тодорхойлох оролдлого хийсэн байна.  Төр шууд болон шууд бус замаар хувьцааны 50.01% эзэмшдэг компанийг төрийн өмчит компани (ТӨК) гэж тус судалгаанд тодорхойлсон байна. Энэхүү тодорхойлолтын дагуу дэлхийн хамгийн том компаниудын 10 хувь буюу 204 компани төрийн эзэмшилд байгаа аж. Эдгээр компаниуд 37 улсаас гаралтай бөгөөд 2011 онд нийт борлуулалтын хэмжээ нь 3.6 их наяд ам.доллар байв. Энэхүү дүн нь

Forbes сэтгүүлийн хамгийн том 2000 компаниудын нийт борлуулалтын 10 хувь бөгөөд дэлхийн ДНБ-ний 6 хувьтай тэнцэж байгаа нь ХБНГУ, Франц, эсвэл Их Британи улсын ДНБ-ээс их утгатай үзүүлэлт юм (Зураг 1).

Зураг 1. Их Британи, Франц, ХБНГУ-ын ДНБ-нийг дэлхийн хамгийн том 2000 компаниудад багтдаг ТӨК-н борлуулалттай харьцуулсан, 2011.

 
   

Энэхүү судалгаанд цуглуулсан мэдээнд хөрөнгийн биржид бүртгүүлээгүй компаниуд багтаагүй бөгөөд шуудан, цахилгаан түгээх нийтийн ашиглалтын компаниуд байгаа аж.  

Тухайн улсын хамгийн том компаниудад төрийн өмчийн хэлбэр хэрхэн ноёрхож байгааг харахад төрийн өмч хамгийн их зонхилсон таван улсад  Хятад (96%), Арабын Нэгдсэн Эмират (88%), ОХУ (81%), Индонез (69%), болон Малайз (68%) байна. Зураг 2-оос харахад шинээр хөгжиж байгаа улсуудад төрийн өмч ноёрхож байгаа боловч өндөр хөгжилтэй улсуудад ТӨК байсаар байна. Уг судалгааг зөвхөн арван том компани дээр бус

Зураг 2. Улсын арван том компанид төрийн өмчийн эзлэх хувь (%) Тэмдэглэл: зөвхөн 10% дээш үзүүлэлттэй улсуудыг харуулсан. Эх сурвалж: Ковалски болон бусад судлаачид (2013).

харин 200 компани дээр авч өргөжүүлэхэд төрийн өмчийн эзлэх хувь хэмжээ буурч байгаа боловч харьцангуй утга хэвээр байсан юм.

Төрийн өмчийн хэлбэрийн аж ахуй давамгайлсан эдийн засгийн салбаруудыг авч үзье. Төрийн өмч хамгийн их хувь эзэлсэн буюу – 20% ба 40% – байх салбарт байгалийн нөөцийн олборлолт, эрчим хүч ба хүнд үйлдвэр орж байна. Мөн алсын холбоо, санхүүгийн зуучлал, бөөний хадгалалт, архитектур зураг төслийн ажил гэх мэт үйлчилгээний зарим салбарт болон цөөн тооны аж үйлдвэрийн салбарт төрийн өмчийн эзлэх хувь 10% дээш байна (Зураг 3).

-Төрийн компани байгуулах хэрэгцээ шаардлага хаанаас гардаг вэ?

Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Алдо Мусачио болон Бразилийн Боловсрол ба Судалгааны Институтын Сержио Г. Лазарини нар төрийн өмчит компани (ТӨК) ямар онцлогтой болон өнөөгийн зах зээлд ямар тохиолдолд давуу талтай байж болох талаар судлажээ.

Мусачио болон Лазарини нэг талаас төрийн өмч дийлэнхи хувийг эзэлдэг компаниуд, нөгөө талаас сүүлийн хорь гаруй жилд ихэд дэлгэрч буй төрийн өмч багахан хувь эзэлдэг компаниуд гэж хоёр ангилсан. Хоёр дахь ангилалд багтах төрийн өмчийн хувь нь цөөнхи болсон компаниуд дотроо олон төрөл байх бөгөөд үүнд хагас хувьчлагдсан компани, төрийн өмчит компаниас багахан хөрөнгө оруулалттай компани, төрийн өмчийн банкнаас давуу эрхтэй зээл авдаг компани гэх мэт байна.

Судалгаанаас харахад төрийн өмчит компанийн тоо ерөнхийдөө цөөрсөн боловч газрын тос болон харилцаа холбоог хариуцсан төрийн өмчит чухал компаниудын тоо хэвэндээ байгаа юм. 

Хөрөнгийн зах зээл сайн хөгжсөн улсад хувийн хэвшлийн компани сайн ажиллах бол харин хөрөнгийн зах зээл бага хөгжсөн хувийн хөрөнгө оруулалт сулхан улсын хувьд төрийн хөрөнгө оруулалтаас ашиг тус

Зураг 3. ТӨК эзлэх хувь салбараар (%) Тэмдэглэл: зөвхөн 10% дээш үзүүлэлттэй улсуудыг харуулсан. Эх сурвалж: Ковалски болон бусад судлаачид (2013).

хүртэх боломжтой юм.

Барууны зах зээлд хувьчлалын хөтөлбөр идэвхитэй явагдсаны үр дүнд хөрөнгийн зах зээл хөгжиж ирсэн тул засгийн газар компаниудыг санхүүгээр дэмжих шаардлагагүй.

Харин ихэнхи шинээр хөгжиж байгаа улсад хөрөнгийн зах зээл ажиллахгүй байгаа тул зах зээлийн энэ гажуудлыг засгийн газар нь засан залруулж  хувийн компаниудын багахан хувьд хөрөнгө оруулалт хийх эсвэл компаниудад тэтгэлэгтэй зээл олголт хийж байна.

-Зарим экспертийн зүгээс зайлшгүй төрийн зүгээс авч явах ёстой нийгмийн шинжтэй салбарыг төр заавал авах ёстой гэдэг?

Төрийн өмчит компаниуд байх бас нэг үндэслэл бол зарим улсад нийгмийн сонирхол буюу эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг тэтгэх, ажлын байр бий болгох гэсэн давхар зорилго нь ашиг олох зорилготой адил хэмжээнд үзэгдэх бол төрийн хувийг тус компанид нэмэгдүүлж болох юм.

Гэхдээ хоёр талтай. Жишээлбэл төрийн өмч багахан хувийг эзэлдэг компани байлаа гэхэд шатахууны үнийг буулгаж бага түвшинд барих нь сонгуульд оролцогчид ашигтай тул түүний саналыг авах боломж гарахад нөгөө талд үндэсний газрын тосны компанийн хувийн оролцоотой талын ашиг буурах хандлагатай юм.

Тухайн бизнест төр багахан хөрөнгө оруулалтын хувьтай тохиолдолд өмч эзэнгүйрэх асуудал гэхээс илүү төрөөс хөрөнгө оруулалтын давуу байдлыг эрэлхийлэх, улс төрийн танил талаар дамжин зээл авах гэсэн төртэй сүлбэлдэх асуудал буюу төрийн кронизм (public cronyism) үүсдэг байна.

Ийм тохиолдолд төрийн кронизмыг хянах бие даасан шүүх болон хуулийн институци байгууламж байгаа цагт төрийн хөрөнгө оруулалт сайн үр дүнд хүргэнэ. Төр аливаа компанид хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ  хараат бус, бие даасан шинжтэй хийх ёстой.

Мусачио болон Лазаринигийн Бразилд хийсэн судалгаанд төрийн шууд хөрөнгө оруулалт хүлээн авсан компани нь тэтгэлэгтэй зээл авсан компанийг бодвол илүү сайн гүйцэтгэлтэй буюу хариуцлага, хяналттай байжээ.

Учир нь тэтгэлэгт зээл авч байгаа компани зээл авах шаардлага байгаагүй ч өөрийн зардлыг бууруулах зорилгоор зээл авдаг бол хөрөнгө оруулалтыг зөвхөн шаардлага үүссэн тохиолдолд компани авдаг ба төр хөрөнгө оруулагч болж хөрөнгийн хувь эзэмшигч утгаар хяналтыг сайн хийдэг байна.

-Төр өмчтэй байх хэрэгцээ шаардлага юу вэ?

Төрийн өмч үүсэх хоёр шалтгаан гэвэл (i) зүй ёсны монополь, (ii) стратегийн ач холбогдолтой салбар.  Зүй ёсны монополь үүссэн эдийн засгийн салбарт төрийн өмчит компани үүсдэг.

Жишээлбэл тухайн салбарын технологийн онцлогоос үүдэн уг салбарт хоёр компани байсанд орвол ганц томоохон компани байхад нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал буурч байвал дангаараа үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг засгийн газраас олгодог. Энэ нь цахилгаан эрчим хүч түгээх, шуудан, нийтийн тээвэр зэрэг салбар байж болно.

Нөгөөтэйгүүр, тухайн улсад стратегийн ач холбогдолтой салбарт төрийн өмч үүснэ. Жишээлбэл батлан хамгаалах салбарт, газрын тос, хий, нүүрс гэх байгалийн нөөцийн ашиглалт ба олборлолтын салбар байж болно. Ихэнхи газрын тос экспортлогч орнуудын байгууллагын (OPEC) гишүүн улсад газрын тосны компани төрийн өмчит хэлбэртэй байдаг. Энэ нь улс орны аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

-Төрийн заавал авч явах ёстой ямар салбар байдаг вэ?

Боловсрол, дэд бүтэц, нийгмийн хамгаалал, санхүүгийн тогтвортой орчин, эрүүл мэнд, соёл урлаг, батлан хамгаалах, үерийн далан хамгаалалт, нийгмийн дэг журам сахиулах,  байгаль орчны хамгаалалт зэрэг асуудлуудыг хувийн хэвшил, зах зээл орхигдуулдаг тул төр эдгээр бараа үйлчилгээг бий болгодог юм. 

Иймээс нийтийн ашигт сонирхолыг хамгаалах үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэхийн тулд эдгээр салбарт төрийн бодлого боловсруулагч яам болон зохицуулалтыг хэрэгжүүлэгч агентлагуудыг үүсгэдэг байна.

-Манай улсад нийтийн өмч яагаад эзэнгүйддэг вэ? Шийдвэрлэх арга зам?

Хуучин социалист дэглэмтэй байсан улсуудад бас нэг ажиглагдаж байгаа зүйл бол төрийн өмчит компаниудад өмч эзэнгүйрэх асуудал гарсаар байна.

Өөрөөр хэлбэл ТӨК-ийн захирал хувийн ашиг сонирхолд хэт автагдан компанийн эрх ашгийн уландаа гишгэх явдал байна. Гэхдээ урьд өмнө төрийн өмчит компаниудын захирлыг улс төрийн сонирхлоор томилдог ил тод байдал байхгүй байсан үзэгдэл эдүгээ буурч захирлын сонгон шалгаруулалт өнөөдөр мэдлэг чадварт илүү суурилсан болжээ. Харин манай улсын ТӨК-д хараахан энэхүү шилжилт харагдахгүй байна.

Яагаад гэвэл төрийн өмчит компанийн захирлын томилгоо нь улс төрийн уйл явцын нэг хэсэг болж  төрийн өмчит компани нь бизнесийн зарчмаас гажихад хүрч байна. Төрийн өмч эзэнгүйрэх үзэгдэл ажиглагдах үндэслэл юу вэ гэвэл төр гэсэн эзэн өөрөө байхгүй байгаагийн шинж юм.  Өөрөөр хэлбэл төр нь нийтийн ашиг сонирхолыг  хамгалах үүргээ умартуулан хувийн ашиг сонирхолоо эрхэмлэдэг хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүн болсон байна гэсэн үг.

Төрийн өмч эзэнгүйрэх үзэгдэл ажиглагдах үндэслэл юу вэ гэвэл төр гэсэн эзэн өөрөө байхгүй байгаагийн шинж юм.

Ер нь компанийн удирдлагын хяналт өмчийн эздээс холдож компанийн менежерүүд  дур мэдэн хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг үр ашиг багатай төсөлд захиран зарцуулах асуудал зөвхөн төрийн өмчийн компанид бус мөн хувийн хэвшлийн компанид ч мөн ажиглагддаг. Үүнийг агентын асуудал хэмээх ба өмчлөх эрх болон өмчийн хяналтын эрх хоёр тусдаа болсоны илрэл юм.

 Өөрөөр хэлбэл хөрөнгийн эзэд буюу хувьцаа эзэмшигч эсвэл хувь нийлүүлэгч  компанийн удирдлагын үүрэг гүйцэтгэж байгаа менежерийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах боломжгүй тул менежер эздийн хөрөнгийг зохисгүй ашиглан шамшигдуулах үрэн таран хийх боломж гардаг. Агентын асуудлыг шийдэх нэг арга бол компаний ашгийг хэрхэн хуваарилах талаар менежертэй байгуулах үр дүнгийн гэрээ юм.  Уг гэрээнд бүх боломжит нөхцөлд яах тухай наривчлан заах бөгөөд амьдралд тохиох бүх боломжит нөхцөл хувилбарыгг тусгасан төгс гэрээ байгуулах нь ховор юм.  

Магадгүй гэрээнд заагдаагүй нөхцөл байдал үүслээ гэхэд өмчийн эзэн өөрөө шийдвэр гаргана гэж гэрээнд заалт оруулж болох боловч эргээд өмчийн эзэнд мэргэжлийн шийдвэр гаргах мэдлэг чадвар дутах учир менежерт хандахаас өөр аргагүй юм. Энэ утгаараа ямарч тохиолдолд менежерт гэрээнд урьдчилан  заагдаагүй нөхцөл байдал үүсэхэд өөрөө мэдэн шийдвэр гаргах эрх түүнд үлддэг байна. Агентын асуудлыг шийдвэрлэх арга гэвэл менежерийн цалин хөлсийг ажлын гүйцэтгэлтэй нь холбох явдал юм.

Үр дүнгийн гэрээг төрөл бүрийн хэлбэрээр байгуулж болдог. Жишээлбэл цалин хөлсийг урт хугацааны ажлын гүйцэтгэлтэй холбож компанийн хувь өмчлүүлэх хэлбэрээр зохион байгуулж болно. Өөр нэг хэлбэр бол ажлын гүйцэтгэлээс хамааран хувьцаа амлах явдал юм.

Мөн орлого ашиг багатай ажилласан тохиолдолд менежер ажлаас халагдах нөхцөлтэй гэрээ байгуулж болно. Хэдийгээр хөрөнгө оруулагчийн мөнгийг менежер хангалттай өөрийн мэдлээр байршуулж үрэн таран хийх боломж байгаа ч яагаад компанийн үнэт цаас үнэ цэнээ алдахгүй байна вэ?

Корпорацийн удирдлага үр ашигтай байх дараахь арга механизм бий: (i) хөрөнгө оруулагчдаас дараагийн хөрөнгийг босгох зорилгоор өр зээлээ эргүүлэн төлдөг компанийн нэр хүндийг бүрдүүлэх гэсэн компанийн удирдлагын эрмэлзлэл, (ii) хөрөнгө оруулагчийн өөдрөг үзэл бодол компанид гаднаас санхүүжилт олох боломж бүрдүүлдэг,  (iii) хөрөнгө оруулагчийг хуулиар  хамгаалсан байдаг, (iv) өмчийг төвлөрүүлэх буюу хөрөнгө оруулагчийг хувь том байх тусам өөрийн эрхээ хамгаалах, ноогдол ашгаа нэхэмжлэх эрх мэдэл их, удирдлагад тавих шаардлага өндөр байна, (v) өр барагдуулах гэрээ байгуулах зэрэг байж болно.

-Төрийн өмчит компаниудыг эрхэн зөв удирдах вэ? Төрийн өмчийн байгууллагуудын удирдлага ямар байх ёстой вэ, Тавигдах шаардлага, сэтгэлгээний онцлог?

Төрийн өмчит компаниудын төрийн төлөөлөл заавал засгийн газрын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга, яамдын дарга байх албагүй юм. Тэр ч бүү хэл аль нэг намын харъяа хүн байх ч шаардлагагүй.

Учир нь компанийг үр ашигтай авч явах мэдлэг, алсын хараа,  чадвартай мэргэжлийн хүн байхад хангалттай юм. Төр харин тухайн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулж  гэрээнд заагдсан төлөвлөгөө биелээгүй тохиолдолд ажлаас халахад бэлэн байх, хяналтаа зүй ёсоор хэрэгжүүлэх нь чухал. 

Төрийн төлөөлөл уг менежерээс юу хүсэн хүлээж байгаа, тус компанийн зорилгыг тодорхойлсон цагт менежер уг зорилгын биелэлтийг хангахад  мэдлэг чадвараа дайчилна. Уг гэрээ нь ямар нэгэн улс төрийн нөхцөлөөр бус харин цэвэр зах зээлийн зарчимд тулгуурласан байж компани үр ашигтай ажиллана. Манай төрийн өмчит компаниудын тайлагнал иргэдэд ил тод болоогүй байна.

-Төр хамгийн муу менежер гэх зэргээр шүүмжилдэг. Зарим талдаа менежментийг хувьд шилжүүлэх нь зүйтэй гэсэн лоозон явдаг ч энэ нь амьдрал дээр хэр боломжтой вэ.

Томилогдсон эсвэл сонгон шалгаруулалтаар гарч ирсэн захирал менежментийн баг бүрдүүлж газар албадын дарга нартай мөн үр дүнгийн гэрээ байгуулж зах зээлийн зарчмаар ажилласан тохиолдолд компани үр ашигтай ажиллана. 

Асуудал нь өмч хувийн байх уу төрийн байх уу гэдэгт бус өмч эзэнтэй байхад л байгаа юм. Эзэн нь төр ч байж болно эсвэл хувь хүн ч байж болно.  Дээр дурьдсанаар төр мөнгө босгож хөрөнгө оруулалт хийх чадвартай байдаг тул хөрөнгийн зах зээл хараахан хөгжөөгүй улсад төрийн өмчийн хэлбэр давуу талтай байдаг.

-Төр компаниа байгуулаад хөл дээр нь босгочихоод, үүргээ биелүүлчихээд яах юм бэ. Дараагийн алхам юу байх вэ. Орчин үед менежментийг хувьчлахаар зарах уу, түрээслэх үү, концессийн гэрээгээр үү, ХК болгох уу, олон нийтийн хяналттай болгох уу

Хувийн хэвшил үр ашигтай ажиллах гурван нөхцөлийн нэг нь  төрийн зохицуулалт хийх чадвар гэж дээр дурьдсан. Манай улсад төрийн хууль боловсруулах тогтолцоо хууль хэрэгжүүлэх тогтолцоо хоёр давхардсан байхад засгийн газар Улсын Их хуралд тайлагнах асуудал утгаа алдаж төрийн зохицуулалтын тухай ярих боломжгүй.

Ийм орчинд төрийн өмчийн хэлбэртэй ч бай, хувийн өмчийн хэлбэртэй ч бай ямар ч компани үр ашигтай ажиллаж чадахгүй юм. Ер нь удирдлагын аль хувилбарыг сонгох, нээлттэй компани болох эсэх нь тухайн компанийн зорилго зорилтоос хамаарна.

Жишээлбэл, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, гадны зэх зээлээс газрын тосны нөөц бүрдүүлэх зорилготой CNOOC Ltd. хэмээх Хятадын газрын тосны төрийн өмчит компани байгуулагдан  1999 онд Гонконг болон 2001 онд Нью Йоркийн  хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоод  хорин жилийн дотор хөрөнгийн хэмжээ нь арав гаруй дахин өсөж эдүгээ таван тивд өөрийн олборлолтыг эрхэлдэг олон улс дамнасан томоохон конгломерат болж чаджээ. Үүгээр барахгүй 2013 онд Канадын газрын тосны Nexen Inc. компанийг худалдан авсан байна.

-Хувийн хэвшлийн компани үр ашигтай ажилладаг уу?

Хувийн компаниуд дараах гурван нөхцөл бүрэлдсэн цагт амжилттай ажилладаг. Үүнд: (i) хөрөнгийн зах зээл хөгжсөн байх;  (ii) компани ашиг, борлуулалтыг хамгийн их болгох гэсэн ганцхан зорилготой, ө.х. ямар нэгэн нийгмийн давхар зорилго агуулаагүй байх; (iii) засгийн газар нь үр дүнтэй зохицуулалт хийх чадвартай байх.

Гуравдахь  нөхцөл хангагдах нь илүү чухал юм. Харин шинээр хөгжиж байгаа зах зээлд зохицуулалт хийх нь их түвэгтэй байдаг. Учир нь томоохон компаниуд лоббидох болон сонгуулиар ялсан болон засгийн газрын түшмэдийг эрхэндээ оруулах хангалттай хүчин чадалтай байдаг.

Тэгэхлээр төрийн өмчийн хөрөнгө оруулалт  нь муу юу эсвэл сайн уу гэж асуудлыг дэвшүүлэх бус харин тухайн улс орны нөхцөл байдалд тохируулан олон талаас нухацтай судлаж өмчийн оновчтой хувилбарыг сонгох нь чухал юм.

Төрийн өмч бол өнгөрсөн түүхийн муу зуршил гэж ойлгох бус харин шинээр хөгжиж байгаа ОХУ, Хятад, Бразил гэх мэт улсуудын хамгийн сайн компаниудтай өрсөлдөж байна гэдгийг ухаарах цаг болсон.

Эдгээр төрийн өмчит компанийг үр ашиг муутай улсын үйлдвэрийн газар гэж харах бус харин төрийн эрх мэдлийг ашиглаж сурсан мөн зах зээл дээр хэрхэн ажиллах талаар багагүй туршлага хуримтлуулсан гэж харах нь зохистой юм.

-Төрийн өмчит компани байх нь олон улсын түвшинд ямар үр дагавартай вэ?

Дэлхийн хэмжээний компаниудад төрийн өмчийн эзлэх хувь харьцангуй өндөр байх нь олон улсын зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөх юм. Төр гурван үүрэгтэй: (i) зохицуулалт хийх, (ii) зохицуулалтыг хэрэгжүүлэгч, (iii) өмчийн эзэн юм.

Тэгэхлээр төр өмчтэй байхад төрийн өмчийн компаниудад зарим тохиолдолд давуу эрх эдлэх боломж бүрдэж байна гэсэн үг. Үүнд шууд тэтгэлэг олгох, концессийн санхүүжилт, төрөөс баталгаа гаргах, зохицуулалтаас гадна үлдэх боломж, шударга бус өрсөлдөөнийг хорих хуулийн заалт эсвэл дампуурлын зарчмаас чөлөөлөх зэрэг байж болно.

Дээрхи давуу эрхийг зах зээлийн гажуудлыг арилгах, нийтийн бараа үйлчилгээг бий болгох, эдийн засгийн хөгжлийг идэвхижүүлэх гэсэн дотоодын зах зээлийн нөхцөлд үндэслэн хүлээн зөвшөөрч болох юм.  Харин улс хооронд үйл ажиллагаа явуулах компани иймэрхүү давуу эрх эдлэхээр  ялгаварлан гадуурхахгүй байх, зах зээлийн зарчимд тулгуурласан олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалтын ашиг тусыг бууруулах ач холбогдолтой юм.

Ярилцсанд баярлалаа.