Ямар ч өмчгүйгээр төр яаж оршин тогтнох билээ
МУИС-ийн ХЗС-ийн багш, дэд профессор, доктор Г.Банзрагчтай өмчийн талаар ярилцлаа.
-Нийтийн өмч гэж юу вэ?
Юуны өмнө “нийтийн өмч” гэж тодорхойлохын зорилго юу билээ гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүний зорилго бол “хувийн өмч” гэсэн ойлголтоос ялгаатай гэдгийг харуулж байгаа. Хэрэв ямар нэгэн ялгаа байхгүй байсан бол зүгээр л “өмч” гэх байсан. Нийтийн болон хувийн өмчийн тухай ойлголт нь өмчийн зүйлс, эзэн, өмчлөх эрхийн агуулгаараа ялгаатай юм. Иймд хувь судлаачийнхаа хувьд “нийтийн өмч” гэснээс илүү “нийтийн эд зүйлс” гэсэн нэр томъёог илүү оновчтой гэж үздэг.
Хууль зүйн хувьд “нийтийн өмч” гэсэн ойлголтыг Монгол улсын Иргэний хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зохицуулсан байдаг. Эдгээр хуулийн тодорхойлолтоор бол нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байгаа юм. Хуулийн энэхүү тодорхойлолтын хувьд шүүмжлүүштэй зүйл байдаг.
Гэхдээ ерөнхий агуулгын хувьд төр үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй шаардагдах “өөрийн хөрөнгө”, жишээ нь барилга байшин, сандал ширээ, төсвийн хөрөнгө гм; мөн “нийтийн зориулалттай” буюу хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар заасан зүйлсийг, жишээ нь газар, ус, ой мод, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, зэргийг хэлнэ.
Нэг үгээр хэлбэл “нийтийн өмч”-ийг тодорхойлох гол үндсэн шинж нь: нэгдүгээрт тухайн эд зүйлсийн “зориулалт” юм. Нийтийн өмчийн зориулалт буюу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн нийтлэг хязгаарлалт нь “нийтийн эрх ашиг” юм. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө зориулж байгаа л бол “нийтийн өмч” гэж ойлгож болохгүй. Жишээ нь хувийн өмчийн эд хөрөнгийг, жишээ нь газрыг нийтийн эрх ашгийн төлөө ашиглаж болно, гэхдээ тухайн эд хөрөнгө нь хувийн өмч хэвээрээ л байна. Иймд хоёрдугаарт тухайн эд зүйлсийг хууль, журам, заншлын хэм хэмжээ, захиргааны шийдвэр зэрэг нийтийн эрх зүйн хэм
хэмжээгээр “нийтийн эрх зүйн статус”-тай болгосноор л “нийтийн өмч” болно.
Манай хуулийн тодорхойлолтоос авч үзвэл төрийн болон орон нутгийн өөрийн болон нийтийн зориулалттай өмч нь “нийтийн өмч” гэсэн ойлголттой илүү нийцдэг. Харин хуульд тодорхойлсончлон “шашны өмч” “олон нийтийн өмч” хэмээх ойлголтын зорилго, агуулга нь тодорхой бус, маргаантай юм.
-Манай улсад нийтийн өмч яагаад эзэнгүйддэг вэ?
Хуулийн зохицуулалт хангалтгүй, тодорхой бус байгаатай шууд холбоотой. Энд гол нь нийтийн өмчийн хэлбэр болох төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, хяналтын асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Төрийн өөрийн өмчийн хувьд харьцангуй хяналт илүү гэж болно. Яагаад гэвэл түүний эзэн нь тодорхой, удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх эрх, үүргийг нь хуулиар тодорхой заасан байгаа.
Харин төрийн нийтийн зориулалттай өмч хөрөнгийн хувьд эзэнгүйдэх асуудал их байдаг. Дуртай этгээд нь нийтийн эзэмшлийн гудамж, зам тайлбай дээр, уул ус, ой модонд дуртай зүйлээ хийдэг, сүйтгэдэг, устгадаг. Нэг бодлын нийтийн өмч юм чинь юу дуртайгаа хийх эрхтэй ч юм шиг! Тэгэхээр нийтээр эзэмших, ашиглах “нийтийн зориулалттай өмч”-ийг хувийн эрх зүйн өмчлөх эрхтэй адилтгаж болохгүй гэсэн миний хамгийн эхэнд хэлсэн зүйлийн агуулга энд байгаа юм.
Өөрөөр хэлбэл нийтийн өмчийг хэн дуртай нь “нийтийн нэг нь би” гэдгээр өөрийн дур зоргоороо өмчлөх эрхээ туйлын байдлаар, жишээ нь зарах, түрээслэх, бэлэглэх, өөрчлөх, усгтах зэргээр хэрэгжүүлэх боломжгүй. Нийтийн зориулалттай өмчийг төрийн нэг байгууллага, жишээ нь Төрийн өмчийн хорооноос бүгдийг бүртгээд, хянаад байх боломжгүй.
Харин төрийн өөрийн өмчийн хувьд тодорхой байшин барилга, эд хөрөнгө, мөнгө төгрөг зэрэг байдаг учир харьцангуй хяналт тавих боломжтой. Иймд тухайн нийтийн өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг хариуцах этгээдийг тодорхой заах, түүний эрх, үүргийг тодорхой олгох, үүргээ хэрэгжүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг үр нөлөөтэй болгох шаардлагатай байгаа юм.
Ер нь иргэд нийтийн эзэмшлийн нийтийн өмч буюу эд зүйлсийг үндсэндээ гурван байдлаар эзэмшиж, ашигладаг гэж болно. Тухайлбал, ямар нэгэн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр зориулалтаар нь шууд ашиглаж болно, жишээ нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, тайлбай, гол, мөрөн, ус, агаар гэх мэтийг, зарим зүйлсийг тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг, жишээ нь гол мөрний усыг аж ахуйн зориулалтаар ашиглах гэж байгаа бол, эсхүл нийтийн эзэмшлийн зам талбайг хааж үзэсгэлэн худалдаа хийх гэж байгаа бол, тусгай хэрэгцээний газрыг ашиглах гэж байгаа зэрэг тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай, мөн тусгай журмын, тухайлбал “Ашиглалтын журам”-ын хүрээнд эзэмших нийтийн эд зүйлсийг байна.
Жишээ нь нийтийн номын сангаар, эсхүл усан бассейнаар, эсхүл нийтийн машины зогсоолоор үйлчлүүлэх гэж байгаа бол холбогдох журмынх нь дагуу ашиглана гэсэн үг. Иймээс энэ бүхнийг хариуцах эзнийг, түүний эрх, үүргийг нь холбогдох хууль, журмыг нь тодорхой болгох ёстой гэсэн үг юм.
-Төрийн заавал авч явах ёстой ямар салбар байдаг вэ?
Дэд бүтэц. Гэхдээ энэ ойлголт нь зөвхөн зам, харилцаа, цахилгаан станцаар хязгаарлагдахгүй. Үүнд боловсрол, эрүүл мэнд, харилцаа холбоо гээд нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг дэмжихэд шаардагдах бүхий л орчин хамаарна.
Дэлхийн нийтийн хандлага гэхээсээ илүү бодит байдлаа харах ёстой байх
Гэхдээ төр заавал авч явах ёстой гээд төрийн өмч байна гэсэн үг биш гэдгийг сайн анхаарах ёстой. Төр удирдлага, зохион байгуулалт, хяналтыг хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл ямар байх ёстой, байж чадаж байна уу, яаж бий болгох вэ гэдэг бодлогыг хэрэгжүүлнэ. Харин өмчийн хувьд төр боломжтой бол өөрөө хийж болно, эсхүл хувийн хэвшилтэй хамтран хийж болно, эсвэл хувийн хэвшлээр дангаар нь хийлгэж болно.
-Төр өмчтэй байх хэрэгцээ шаардлага юу вэ?
Сүүлийн үед зарим улс төрчид, судлаачид “төрийн өмч” гэсэн ойлголтоос цэрвэх болсон байна. Гэтэл энэ нь бодит байдал дээрээ ч, хууль зүйн хувьд ч байдаг, байх ёстой зүйл. Ямар ч өмчгүйгээр төр яаж оршин тогтнох билээ? Наад захын төрийн өмчийн жишээ бол төсөв байна шүү дээ.
-Нийтийн өмчийн талаарх дэлхийн өөрчлөлтүүд хаашаа чиглэж байна?
Дэлхийн нийтийн хандлага гэхээсээ илүү бодит байдлаа харах ёстой байх. Төр байгаа, ард түмэн байгаа цагт нийтийн өмч, нийтийн эд зүйлс байх нь гарцаагүй. Нийтийн /төрийн/ өмчийг байхгүй болгоод бүгдийг хувьчилна гэвэл хувийн өмчийг устгаж бүгдийг нийгэмчилсэнтэй л адил үр дагавар үүсэх биз.
-Төрийн компани байгуулах хэрэгцээ шаардлага хаанаас гардаг вэ?
Төр үйл ажиллагаагаа явуулахад хөрөнгө санхүү зайлшгүй хэрэгтэй /төрийн үйл ажиллагаа гэдгийг зөвхөн төрийн байгууллагын урсгал зардлаар ойлгохгүй, үүнд нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ гээд төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний зардлууд хамаарна/ бөгөөд үүнийг зөвхөн татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлнэ гэвэл тун хэцүү асуудал үүсэх байх.
Иймд төр нэг талаас өөрийнхөө урсгал зардлыг хаах, нөгөө талаас төрийн үйлчилгээг сайн хүргэх шаардлагаар, түүнчлэн эдийн засгийн бодлогоор тодорхой салбарыг дэмжих гм, төрийн өмчийн компани байгуулах хэрэгцээтэй гэж үзэж байна. Гагцхүү төрийн өмчийн компани гэдгээрээ зах зээлд давуу байдалтайгаар үйл ажиллагааг эрхэлж болохгүй.
Өөрөөр хэлбэл зах зээлийн бусад оролцогчтой ижил тэгш байдлаар бизнесийн зарчмаар ажиллах ёстой, үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалт нь тодорхой байх хэрэгтэй. Нөгөө талаасаа төр заавал оролцох шаардлагагүй, хувийн хэвшил дангаараа авч явж байгаа зах зээлд оролцоод байх бас хэрэггүй байх. Төр эхэлж ямар салбарыг дэмжих вэ, ямар салбарт заавал оролцох хэрэгтэй байна гэдгээ тодорхойлох ёстой болов уу.
Мөн заавал компани байгуулах бус, худалдан авах /тендер/, хамтран ажиллах /концесс/ зэрэг хэлбэрээр оролцож болно шүү дээ. Гэхдээ энэ бол эдийн засагч биш, хуульч хүний бодол шүү.