Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа
Засгийн газар
2014.08.07

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа

Барилгын салбарын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэнэ

Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг барилгын салбарын төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Энэ чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлснээр барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжид заасан салбарын техникийн бодлого боловсруулж, нэвтрүүлэх болон бусад өргөн хүрээний асуудалд илүү анхаарал хандуулах, бодлого боловсруулах, төсөл хөтөлбөр санаачлан ажилласнаар хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд сөрөг нөлөөгүй барилга байгууламж баригдаж, чанар аюулгүй байдал хангагдана гэж үзлээ.    

Дээр дурдсан чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээнд талуудын хүлээх үүрэг хариуцлага, санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгаж, гэрээний хэрэгжилтийг тухай бүр дүгнэн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгалаа. 

Булганы Хутаг-Өндөрт болсон Засгийн газрын хуралдааны мөрөөр ажлын төлөвлөгөө гарлаа

Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг орон нутгийн иргэдэд таниулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, орон нутгийн ахуй амьдрал, цаг үеийн ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар энэ сарын 1-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хуралдсан. Хуралдааны явцад иргэд, байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

Төлөвлөгөөнд дараах ажлуудыг тусгажээ.

  • Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлуудыг энэ онд ашиглалтад оруулах
  • “Адуучин-2014” тэмцээнийг 2014 оны 8 дугаар сарын 23-нд зохион байгуулах, 2015 оноос тус тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах
  • Дотоод, гадаадын аялагч, жуулчдыг орон нутагт татах зорилгоор аймаг, сум орон нутгийн хэмжээнд зохион байгуулах баяр наадмын товыг өмнөх оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тодорхой болгох
  • Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар хэрэгжиж байгаа төсөл, орон нутгийн гэгээрэл хөгжлийн төв болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг эрчимжүүлэх
  • Хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанар, алслагдсан сумдын эрүүл мэндийн төвийн усан хангамж, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, нэн шаардлагатай шинжилгээ хийх түргэвчилсэн оношлуураар хангах, осол гэмтлийн давтамж өндөр байгаа байршилд тусламж, үйлчилгээ үзүүлэх цэг байгуулах, төвүүдийн эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг судалж шийдвэрлэх
  • Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 15, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 16 мянган тн, Увсын Баруунтуруун, Хэнтийн Өмнөдэлгэр, Дорнод аймагт тус бүр 20.0 мянган тоннын элеварторыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах
  • Үндэсний үйлдвэрлэл болон малчид, тариаланчдыг дэмжих зорилгоор улаан буудай, хонь, тэмээний ноос, арьс, ширэнд олгож байгаа урамшууллын үр дүн, үндэсний үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний болон экспортын өсөлт, эдийн засгийн үр өгөөжийг судалж танилцуулах
  • Сумын төвийн шинэчлэл төсөлд хамрагдсан сумын төвийн иргэдийг төслийн ажилд идэвхитэй оролцуулах тогтолцоог бүрдүүлэх, төслийн ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавих
  • Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар тухайн сум, багийн иргэдэд жилд нэгээс доошгүй удаа мэдээлж, үзэсгэлэн гаргах, зээл авсан иргэд, аж, ахуй  нэгж байгууллагаар танилцуулга хийлгэж байх
  • Булган аймгийн Дулааны станцын барилгын ажилд шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг судалж шийдвэрлэх
  • Булган аймгийн Тэшиг сумын “Бага илэнх”-ийн боомтыг нээх асуудлыг судалж, танилцуулах
  • Булган аймгийн Баян-Агт сумын Соёлын төвийн барилгын ажилд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг судалж, 2015 оны улсын төсөвт тусгаж, ашиглалтад оруулах
  • Булган аймгийн Баян-Агт сумын ЗДТГ-ын шинээр барих барилгын ажлыг зурагтөсөвтэй болгох зэрэг ажлыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр баталлаа

“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан баталж, хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгалаа.

Энэ хөтөлбөр иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн урлагийн төрөл болох кино, уран зохиол, хөгжим, хөгжмийн чимэглэл уран бүтээлийг түлхүү туурвиж, тэдгээрийг цахим хэлбэрт хувирган нийтийн хүртээл болгох, мэдээллийн хэрэгслийг үндэсний агуулгаар баяжуулан олон улсын хэмжээнд сурталчлах, үндэснийхээ соёлын дархлааг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хангах юм.

Хөтөлбөрийн хүрээнд архив, хувь хүнд хадгалагдаж байгаа Монголын үндэсний уран бүтээлийг сэргээж уран бүтээлийн урын санг баяжуулна. Үндэсний соёл, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, түүхээ судлах бололцоог нэмэгдүүлэх, төрийн болон олон нийтийн зүгээс дэмжлэг туслалцаа авах, уран бүтээлчдийн ур чадвар, үндэсний агуулгатай уран бүтээлийн тоо, чанарт ахиц гарч, урын сан баяжин, соёл урлагийг тогтвортой санхүүжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.  

Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын дүнг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 07 дугаар сарын 21-24-нд Япон улсад хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.

Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай хийсэн хэлэлцээний үеэр талууд хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэнтэй холбогдуулан Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн хоёр орны зах зээлээр хязгаарлагдах бус хоёр хөрш, бүс нутгийн зах зээл рүү чиглэгдэх учиртай гэдэгт санал нэгдэж, цаашид хамтарсан судалгаа хийх, хамтран үйлдвэрлэх, олон улсын зах зээлд хамтран борлуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтсон байна. 

Япон улстай EPA байгуулснаар зөвхөн хоёр орны чөлөөт худалдаа, мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлээд зогсохгүй Японы Ази, Номхон далайн орнуудтай байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо, аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх боломжийг нээж  байгаагаараа энэ айчлал онцлог боллоо гэжээ. 

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журамд өөрчлөлт орлоо

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны 6 дугаар сарын 22-29-нд олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах зорилгоор тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг энэ оны 6 сарын 1-нээс 7 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчлэхээр баталсан. Энэ хугацаанд тус бүсэд 484,9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13,6 сая төгрөгийн татвар, 62,2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

“Алтанбулаг” боомт 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал тавьжээ.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгалаа. 

Товч мэдээ

·Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд хуралдаан дээр гарсан Засгийн газрын гишүүдийн саналыг тусган үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгав.

·Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий “Монгол зэс” төслийн нэгжийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэд байгууллаа.

·Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сарын 11-нд гарын үсэг зурсан “Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

·Төрийн ордны цахилгаан хангамжийн нөөц эх үүсвэрийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай байгаа 36,8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.