Засгийн газрын хуралдаан эхэллээ
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Засгийн газрын ээлжит хуралдаан товлогдсон тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл тус хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ.
Хуралдаанаар арав шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, аймгуудыг Улаанбаатар хоттой холбох авто замын ажлын явц ямар шатанд яваа талаар мэдээлэл сонсох юм байна.
Үүний зэрэгцээ “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилт, дулаан хангамжийг хэрхэн шийдэж байгаа, мөн хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэх юм байна. Засгийн газрын хуралдаанд бүх сайдууд оролцож байгаа аж.
Онцлоход, Ерөнхий сайд болон бусад сайдууд өчигдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сум руу тавьж байгаа авто замын ажилтай танилцжээ.