Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орбис олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзав
Н.Удвал эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах дээрх саналыг тааламжтай хүлээн авч байгаагаа илэрхийлэв
2014.07.29

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орбис олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орбис олон улсын байгууллагын хандивын сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Томас Халлетыг ЭМЯ-наа хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа нар оролцов.

Уулзалтын эхэнд ноён Халлет эрүүл мэндийн салбарт хөнгөвчлөх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа мэдэгдлээ.

Ноён Халлет нь Их Британи Улсын Лондон хотын Челси ба Вестминстрийн эмнэлгийн дарга бөгөөд эрүүл мэндийн салбарын хүмүүнлэгийн байгууллагуудад хандивын сангийн үйл ажиллагааг давхар хариуцан ажилладаг юм байна.

Тэрээр Их Британи Улсын Хавдартай тэмцэх Мари Кьюри хүмүүнлэгийн байгууллагыг арав гаруй жил удирдан ажилласан туршлагатай бөгөөд Орбис олон улсын нүдний нисдэг онгоцтой баг Монгол Улсад ирж ажиллах үеэр Эрүүл мэндийн сайдтай уулзаж, Монгол Улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээний үндэсний стратеги боловсруулахад хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, санал солилцох завшаан тохиолдсонд талархалтай байгаагаа илэрхийлэв.

 Сайд Н.Удвал хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх асуудал нь эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа анхаарал татсан асуудлуудын нэг болохыг онцлон тэмдэглээд 2014 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ын үеэр хөнгөвчлөх тусламж үйлчилгээний өнөөгийн байдал ба цаашид хөгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар дэлгэрэнгүй хэлэлцэгдсэн талаар танилцуулж, цаашид концессын гэрээ байгуулах болон бусад хэлбэрээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. 

Уулзалтын төгсгөлд сайд Н.Удвал эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах дээрх саналыг тааламжтай хүлээн авч байгаагаа дахин илэрхийлж, ойрын хугацаанд холбогдох мэдээллийг хүргүүлж, идэвхтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.