Мэдрэлийн эмч нар чуулав
Хот хөдөөгийн бүх шатны эмнэлгийн 113 эмч, мэргэжилтэн оролцлоо.
2014.07.16

Мэдрэлийн эмч нар чуулав

Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, Мэдрэл судлалын тасгийн 50 жилийн ойд зориулан Мэдрэл судлалын төвөөс энэ сарын 4-5-ны өдрүүдэд “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний тулгамдаж буй асуудал” анхдугаар конференцийг амжилттай зохион байгууллаа.

Тус конференцийн үйл ажиллагаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт оролцож үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаад талархал илэрхийлээд Монгол хүнээ дээдэлдэг, эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх, орлого багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амд эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд УИХ анхаарлаа хандуулан энэ чиглэлээр хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж буйгаа онцлон тэмдэглэв.

Уг конференцид ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ны мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Өлзийбаяр болон хот хөдөөгийн бүх шатны эмнэлгийн 113 эмч, мэргэжилтэн оролцлоо.

Мөн мэдээллийн технологийн орчин үеийн ололтод тулгуурлан хүн амд суурилсан харвалтын нэгдсэн бүртгэлийг хийх WWW.NEUROCENTER.MN сайтын нээлт болов.