Н.Удвал сайд НҮБ-ын чуулганд оролцож байна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.07.10

Н.Удвал сайд НҮБ-ын чуулганд оролцож байна

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Нью-Йорк хотод энэ сарын 10-11-нд болох НҮБ-ын тусгай чуулганы Дээд хэмжээний уулзалтад оролцохоор явлаа.

Дээд хэмжээний уулзалтаар “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг хянах” НҮБ-ын Улстөрийн тунхаглалийн хэрэгжилт, явцыг хэлэлцэхээс гадна цаашид дэлхий дахинд халдварт бус өвчний эсрэг авах хариу арга хэмжээний шинэ чиглэл, хандлагыг гаргах асуудлыг хэлэлцэнэ.

Хоёр өдрийн хуралдаанаар НҮБ-ын гишүүн орнуудын Эрүүл мэндийн сайд нар, их хурлын гишүүд болон холбогдох албаны хүмүүс оролцох аж. Хуралдаанд оролцогчид улс төрийн хүсэл зорилгоо илэрхийлж улс төрийн амлалт авах, ялангуяа үндэсний түвшинд халдварт бус өвчинтэй тэмцэхэд бусад салбарын оролцоо, түншлэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн түвшинд, олон улсын түвшинд халдварт бус өвчнөөс сэргийлэх, түүнийг хянах талаар хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар баримт бичигт тусгах юм байна.  

Манай орны хувьд халдварт бус өвчний үндэсний хоёр дахь хөтөлбөр болох “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, түүнийг хянах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ чиглэлээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд хэвшүүлэх ажлыг эхлүүлээд байна. 

Манай улс өнгөрсөн онд Тамхины хяналтын хуулийг баталсан бөгөөд энэ хууль амжилттай хэрэгжүүлж байгаа хуулиудын нэг болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын, Архины хяналтын конвенцтэй болъё гэдэг асуудлаар удаа дараагийн хурлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай Маргарет Чан болон бусад холбогдох хүмүүст санал болгож байсан бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвал бүсийн хуралдаан, ДЭМБ-ын ассамблейн үеэр энэ асуудлаар хоёр талын уулзалт хийсний үр дүнд ахицтай өөрчлөлт гарч байна.

Энэхүү уулзалтаар НҮБ-ын Архины хяналтын конвенцийг дэмжиж байгаа Тайланд, Турк зэрэг улсын сайд нартай уулзаж, энэ чиглэлээр хамтран баг болж ажиллах хүсэлт гаргасан. Мөн ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Шин Ён Су–тай уулзаж НҮБ-ын Архины хяналтын конвенцийг санаачлах талаар Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн хуралдааныг 2015 оны зургадугаар сард Монгол Улсад хийхээр тохиролцсон. Энэхүү хуралдааны бэлтгэл ажлыг хангахаар Бүсийн захирал манай улсад есдүгээр сард ирэх юм байна.

Эрүүл мэндийн яамны зүгээс архины асуудлаар хүн амын зорилтот бүлгүүдийн дунд өргөн хэлэлцүүлэг явуулж, Үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулж, архидалтыг багасгах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, архины хор хөнөөлийг бууруулах талаар өргөн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Мөн НҮБ-ын Архины хяналтын конвенцийн төслийг гаргах багийг шалгаруулж, Хууль зүйн яамтай хамтарч Үндэсний чуулга уулзалтыг хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.