“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 24 дэх удаагийн цахим хурал
2014.07.21

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ээлжит цахим хурал боллоо

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 24 дэх удаагийн цахим хурал өнөөдөр /2014.07.18/ Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.

Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, Г.Соёлгэрэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа болон УБ хотын дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтнүүд оролцов.

Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг оны эхний хагас жилийн байдлаар товч мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1521 төрөлт бүртгэгджээ. Энэ оны эхний 6 сарын нийт төрөлтийг өнгөрсөн оны 6 сарынхтай харьцуулхад 3,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

НҮБ-ын Дээд хэмжээний Чуулга уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцож, халдварт бус өвчний талаар илтгэл тавьсанаа товч танилцууллаа.

Мөн Монгол улс ДЭМБ, ХАС, Хүүхдийн сан, Дэлхийн банк, Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын нөхөн үржихүйн хорооны гишүүн орноор сонгогдсоныг дуулгалаа. Өмнөговь аймагт 07 дугаар сарын 01-нд “Уул уурхай ба эрүүл мэнд” анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан.

Орон нутагтаа салбар дундын уулзалтыг өргөн хүрээнд зохион байгуулсан аймгийн засаг дарга, болон эрүүл мэндийн газрын дарга нарт талархал илэрхийлсэн. 

Энэ намар Ерөнхийлөгчийн ивээл дор архины асуудлаар үндэсний хэмжээний чуулга, уулзалтыг Эрүүл мэндийн яам, Хуульзүйн яам, Гадаад хэргийн яам, Үйлдвэр, худалдааны яам хамтран зохион байгуулах юм. Энэ үеэр архины хор хөнөөлийг бууруулах үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явагдах юм байна.

Дараагийн төлөвлөсөн ажил нь сургуулийн эмч нарын зөвлөгөөнийг ЭМЯ, БСШУЯ-тай хамтран хийхээр болсон явдал юм. Зөвлөгөөнөөр сургуулийн эмч нарын ажлын байрны стандарт, тодорхойлолтыг гаргах, гарын авлагыг бэлтгэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдэхэд анхаарал хандуулна гэсэн үг юм. 

Эрүүл мэндийн сайд, нийт эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэхээр ирсэн харьяаллын бус ямар ч өвчтөнд шаардагдах эмчилгээ, үйлчилгээг хийсний дараа харьяаллын эмнэлэгт шилжүүлж байхыг үүрэг болголоо. 

Түүнчлэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэлээ. “Эх, хүүхэд бүрт үйлчилье ” сэдвийн хүрээнд тус аймгийн өрхийн эмч нар айл, өрхөөр явж 217 хүнд мэдээлэл өгсөн бол эрүүл мэндийн ажилтнууд сум, багт ажиллаж, 564 иргэнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа өгсөн. Түүнчлэн 14 эмч, мэргэжилтэн ОХУ-ын Буриад улсад туршлага судалж байна. 

Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтэн Б.Дэлгэрмаа дээрх чиглэлээр “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тус дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь 193,689 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Дүүргийн эмзэг бүлгийн 53 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дүүргийн ЕБС-ийн сургуулийн 11,899 хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, оношилгоог хийж, эмчилсэн байна. 

Дараагийн цахим хурлаар Ховд аймгийн эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хийсэн ажлаа танилцуулахаар тогтсоноор хурал өндөрлөв.