Ирэх жилээс эмч нарын цалин гурван сая төгрөг болно
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.28

Ирэх жилээс эмч нарын цалин гурван сая төгрөг болно

Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын "11 11" төвд ажилладаг уламжлалтай. Тус төвд иргэдээс эрүүл мэндийн салбартай  холбоотой асуулт нэлээд ирдэг байна. Үүний дагуу өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож 4500 гаруй иргэний сонирхсон асуултад хариулт өглөө.  

Орон нутагт хавдрын шинж тэмдгийг эрт илрүүлэх талаар авч  хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөнгүй асуулт ирлээ. 11 аймгийн төвд компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, лабораторийн болон дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуул байгааг сайд дуулгав.  

Эдгээр төвүүдэд гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хийдэг бүх төрлийн шинжилгээ оношилогоог хийх боломжтой бөгөөд зарим аймагт Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд байхгүй орчин үеийн тоног төхөөрөмж байрлуулж тэнд ажиллах эмч, боловсон хүчнийг сургаж бэлтгэсэн гэдгийг сайд хэллээ.

-Эмч нарын цалинг гурван сая болгоно гэж хэлсэн. Үүнийг бодит судалгаанд үндэслэн гаргаж байгаа юу?

-Монголын эрүүл мэндийн салбарын 90 жилийн түүхэнд ажилчдынхаа бодит хөдөлмөрийн үнэлэмжийг судалж тогтоож байгаагүй. Бид анх удаа маш том судалгааг хийсэн. Энэ бол шинжлэх ухааны өндөр түвшинд тогтоосон дүн. Тухайлбал, эмч 2.7 сая төгрөг, сувилагч 1.6 сая төгрөгийн бодит ажил хийж байна гэж тогтоосон. Иймд эмчийн цалинг гурван сая төгрөг болгохоор бид үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллахаар болсон.  

-Ингэж цалинг огцом нэмэх нь төсөвт дарамт болохгүй юу?

-Төсвөө нэмнэ. Дэлхий эрүүл мэндийн байгууллага улсын төсвийн 10-12 хувь нь эрүүл мэндийн салбарт хувиарлагдах ёстой гэж үздэг. Гэтэл манайд долоон хувийг зарцуулдаг. Хэрэв бид дэлхий нийтийн жишгийг дагах юм бол энэ салбарт гарч буй маш олон хүндрэлүүдийг давна.

-Энэ нэмэгдэл хэзээнээс эхлэх вэ?

-Энэ жилийн төсөв батлагдсан. Төсвийн тодотголоор шийдэх боломжгүй. Ирэх жил бодлогоо гаргана. Аль болох л богино хугацаанд бодит үнэлэмжинд ойртуулахаар манай яам ажиллаж байна.  

-Даатгалын системийг өөрчлөх тухай ярьж байсан. Хэрхэн өөрчлөлт орж байгаа вэ?

-Шинэ хуулиар даатгалд хамрагдах тусламж үйлчилгээг төрлийг нэмэгдүүлсэн. Үүн дээр нэмээд өндөр өртөг бүхий эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлын 85 хүртэл хувийг даатгалаас гаргаж болох саналыг багтаасан. Мөн ирэх долоо хоногт “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барина.