Ж.Энхбаяр:Эх орныхоо төлөө гэсэн эрх ашигтай гишүүд байгаа байх
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.07.02

Ж.Энхбаяр:Эх орныхоо төлөө гэсэн эрх ашигтай гишүүд байгаа байх

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ыг тарахыг уриалсан. Чухам юуны учир ийн уриалахад хүрснийг тодруулж цаг үеийн асуудлаар ярилцлаа.    

-Та УИХ-ыг тарахыг уриалсан. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

Ардчилсан нийгмийн хамгийн том илэрхийлэл бол УИХ. Ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг сонгож УИХ-ыг бүрдүүлдэг. Засгийн газрын үйл ажиллагаанд буюу бидний төлсөн татварын мөнгөнд хяналт тавь гэж УИХ-ыг сонгож байгаа. Гэтэл өнөөдөр Их хурал нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж чадахаа больсон. 

Төсвийн зарцуулалт болон Чингис бондын зарцуулалтад хяналт тавьж чадахгүй байна. Төрийн албаны дур зоргоороо авирлаж байгааг харж байгаа биз дээ. Хээнцэрлэж, тансаглаж, хэдэн зуугаараа үнэтэй автомашин худалдан авч тансаглаж байна.

Автомашин унах эрхгүй 220 албан тушаалтан 20 тэрбумын өртөг бүхий автомашин унаж байна.

Энэ 20 тэрбум нь зөвхөн автомашины үнэ бөгөөд шатахуунд мөн л ийм их хэмжээний төсвийн мөнгө зарцуулсан байгаа. Аялал зугаалгын хэмжээ нь хэрээс хэтэрсэн байгааг харсан шүү дээ. Гэтэл хариулцага хаана байгаа юм бэ, мэдэхгүй.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг хаврын чуулганы туршид ярилаа. Одоо чуулган хаалтаа хийж, эрх баригчид нөгөө залиа хэрэглэж байна. “Давхар дээл”-ийн асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж байхад яг л өнөөдрийнх шиг завсарлага аваад тайлж чадалгүй асуудал унасан.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудалд завсарлага авсан бөгөөд ирэх пүрэв гаригт дуусна. Ийм учраас УИХ- ын хаврын чуулганыг өнөөдөрөө багтаж тараах нь эрх баригч Ардчилсан намын ганц зорилго. Дэндүү барьцаалагдсан эрх ашиг, өнгө мөнгөний хооронд холбогдсон эрх ашиг, шаардлагагүй, зарчимгүй, хариуцлагагүй байдал ноёрхож байна.

-Энэ нь таны УИХ-ыг тараах санаачлага гаргах болсон шалтгаан гэж үү?

-Түүний цаана юу үүсээд байгааг харж байна уу. 2012 онд энэ өрийн асуудлыг зөндөө ярьсан бөгөөд ганцхан жилийн дотор буюу 2013 онд таван их наядаар өр нэмэгдсэн байна. Арилжааны зээл учир дандаа эх орноо барьцаанд тавьсан.

Залуучуудынхаа ирээдүйг барьцаанд тавиад байна. Зарцуулалт нь сайн байна уу гэтэл үгүй. Хийсэн ажил нь өртөг өндөр, нас богино. Бондоо төлж дуусахаас өмнө зам нь эвдрээд дууслаа. Энэ бол энгийн жишээ. Үүнийг олон түмэн бүгд мэдэж байгаа. Худалдан зах чадвар эрс муудаж, цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй гээд олон зүйл байна. Үүнд Их хурал хяналт тавих ёстой.

УИХ нь Засгийн газартаа, Байнгын хороо нь -еалбарын яамдаа хяналт тавих ёстой. Энэ чадвар нь бүрэн алдагдчихаад байна. Бүх төрийн ажил нь найран дундаа буюу арилжаан дунд явагдаж байна. Тийм учраас УИХ тарчих шиг сайхан юм алга.

Хоёр жилийн өмнө амласан амлалтаасаа эсрэг зүйлийг хийж байгаа бөгөөд энэ нь ард түмнээ хуурч байгаа хэрэг юм. Энэ Их хурлаар олон түмнээр зайлшгүй хэлэлцэх ёстой төмөр замын асуудал, Ашигт малтмал, Газрын хууль болон өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэх боломжгүй. Учир нь эдгээр асуудлыг хэлэлцэх чадамж байхгүй.

-Таны саналд УИХ дахь МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Янз янз байна. Бүлэг гэхээс илүүтэйгээр гишүүдийн санаа байна. Үүнийг намын эрх ашгаар харж болохгүй. Улс орны эрх ашгийг харах ёстой шаардлага байгаа. Тийм учраас улс эх орныхоо төлөө гэсэн эрх ашигтай гишүүд байгаа байх.

-Намынхаа бүлэгтэй энэ асуудлыг зөвлөлдөөгүй гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Аливаа нэг асууддыг хойшуулах юм уу, аль эсвэл олонхиор хүч түрж шийдэж байна. Ийм цаг үед УИХ-ыг тараах боломж бий юу?

-Оролдоод үзье. Учир нь үнэнд гүйцэгдэж байна. Эдийн засаг улам хүндэрч, бидний найдлага тавиад байсан “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” хүнд байдалд байна. Орлого байхгүй мөртлөө, зардлаа хэтэрхий тэлчихсэн. Улсын хэмжээнд царцаасан 410-аад хоосон байшин байна.

Олон тэрбум төгрөг эргэлтэд орохгүй байна. Монгол Улсын эдийн засаг өөрөө өөрийгөө авч явж байсан чадамжаа алдчихлаа. Өрнөөс өрний хооронд байна. Гадаад өрийн төлбөрийн үйлчилгээг сая тодотгол дээр оруулж ирсэн.

2011 онд жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн гадаад өрийн төлбөр гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр 270 тэрбумыг зөвхөн хүү төлбөрт төлдөг хэмжээнд хүрсэн байна. Энэ маань Монгол Улсын төсвийн ачааллыг хүндрүүлж байна. Өрийн дарамт сүлжээнд орчихоод байна. Үүнээс гарах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.

Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар зээлээс зээлийн хооронд буюу өрийн хэмжээг нэмэх бодлого баримталж байна. Мөнгө л олж байвал хамаагүй гэсэн бодолтой байна. Мөнгө олж байвал 100 жилээр нь газраа гадаадынханд өгчихье, мөнгө олж байвал өргөн, нарийн цариг нь хамаагүй, мөнгө олж байвал алт мөнгөө ухуулъя гэж үзэж байна шүү дээ.

Хаврын урт өдрүүдэд хэлэлцээгүй хуулиудаа нэг өдрийн дотор шуурхайлан хэлэлцэж байна. Ийм хулгайн аргаар хэлэлцэж байгаад харамсч байна.