Эрүүдэн шүүх, хүн хулгайлах, халдлагатай тэмцэх хэрэглээний шинэ программ татаж авахад нээлттэй боллоо
“Panic button нь эрүү шүүлт, халдлагад өртөх, хулгайлагдах аюул заналхийлэлд өртөж болзошгүй дэлхий даяарх хүний эрхийн хамгаалагчдын төлөөх хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилготой.
2014.06.24

Эрүүдэн шүүх, хүн хулгайлах, халдлагатай тэмцэх хэрэглээний шинэ программ татаж авахад нээлттэй боллоо

Эмнести Интернэшнл хүний эрхийн хамгаалагч нар халдлагад өртөх, хулгайлагдах, эрүү шүүлтэд өртөх үед өөрийн хамтрагч нараас яаралтай тусламж хүсэх боломжийг олгож буй Panic button шинэ программыг бүтээсэн ба өнөөдрөөс эхлэн хүн бүр Google Playstore –ээс татаж авах боломжтой болсныг зарлалаа.

Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүний эрхийн хамгаалагчийг аврах боломжийг бий болгох Panic button-ыг хөгжүүлэхэд Google-ийн Global Impact Award – аас  100,000 фунт стерлингийн тэтгэлэг авч бүс нутгийн улс орнуудын хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дунд туршиж эхэлсэн юм.

Андройд гар утсанд зориулсан Panic button нь хэрэглэгчийг аюулд учирсан үед ухаалаг гар утсыг нууц дохио дамжуулах хэрэгсэл болгон хувиргах бөгөөд бусад хамтрагчиддаа хурдан хугацаанд мэдэгдэх, яаралтай тусламж авах боломжийг бий болгосон.

“Panic button нь эрүү шүүлт, халдлагад өртөх, хулгайлагдах аюул заналхийлэлд өртөж болзошгүй дэлхий даяарх хүний эрхийн хамгаалагчдын төлөөх хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилготой.

Хэн нэгнийг баривчилсны дараахь хэдэн цаг түүнийг суллуулахын тулд цагдаагийн газар руу олон хүн утасдаж анхааруулах, эсэргүүцэл өрнүүлэх, яаралтай өмгөөлөгчтэй холбогдох, Эмнести Интернэшнл болон бусад байгууллагуудад мэдэгдэн олон улсын шахалт үзүүлэх кампанит ажил өрнүүлэх чухал цаг үе байдаг.” хэмээн Эмнести Интернэшнлийн Хүний Эрх ба Технологийн хэлтэс дурджээ.  

Энэ программыг 17 улс оронд Эмнести Интернэшнлийн 100 гаруй хэрэглэгчийн сүлжээ дөрвөн хэлээр 3 сар гаруй туршин хэрэглэсний дараа дэлхий даяар татаж аван хэрэглэх боломжтой боллоо. 

“Хэн нэгнийг хэнд ч мэдэгдэлгүй олон сараар хорьж байгааг олж тогтооход төвөгтэй байдаг. Олон хүний тусламжийг авах боломж олгож буй Panic button-ыг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, аюулд өртөж болзошгүй хэн ч өөрийн гар утсандаа суулгаж болно” хэмээн Суданы хүний эрхийн идэвхтэн, энэ программын туршилтанд оролцогч өгүүллээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг : dawn.rennie@amnesty.org / +44(0)2030365941 хаягаар холбогдож авна уу.