Моргейжийн зээлийг санал болгов
Арга хэмжээний үеэр
2014.06.20

Моргейжийн зээлийг санал болгов

Монголын эдийн засгийн форумаас зохион байгуулж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдрийн уулзалт  “Их тэнгэр” цогцолборт болж байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болгож бизнес эрхлэгч, хувийн хэвшлийг дэмжиж, тэдгээрийн санал бодлыг сонсч, асуудлыг шийдэх зорилготой уг бизнесийн дээд хэмжээний уулзалтад төрийн өндөрлөгүүд ихээхэн ач холбогдол өгч буй.

Дээд хэмжээний уулзалтад дотоодын болон гадаадын 20 орны нийт 300 орчим төлөөлөгч оролцож, хувийн хэвшлийг дэмжин хөгжүүлэх талаар хэлэлцэхээр ийнхүү цуглаад байна. Тодруулбал,  Австрали, БНХАУ, ХБНГУ, Турк, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ зэрэг 20 орчим улсын хөрөнгө оруулагчид болон Монголд суугаа Элчин сайдын яамны албаныхан оролцож байгаа юм.

Хурлаар хувийн хэвшлийн өнөөгийн байдлыг хэлэлцэхдээ санхүү, барилга, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө гэх зэрэг салбар бүрээр төрөлжүүлж буй. Түүнчлэн энэ үеэр гадны хөрөнгө оруулагчдад төмөр зам, “Тавантолгой” цахилгаан станц, мах боловсруулах үйлдвэр, Эгийн голын усан цахилгаан станц, хурдны зам, цементийн төслүүдийг танилцуулах ажээ.

Өнөөдрийн уулзалтыг албан ёсоор нээхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнесийн салбарыг хэрхэн дэмжих талаарх илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнесийн салбарыг хэрхэн дэмжих талаарх илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Тэрбээр илтгэлдээ “Монголын сайн сайхны төлөө хувь нэмэр үргэлж оруулж байдаг хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлж байна. Хувийн хэвшлийнхэн бол хамгийн бага зардлаар оновчтой шийдлийг гаргадаг. Тэдний ороогүй салбар унаад байдаг учраас одооноос төрийн оролцоо бус хувийн хэвшлийн оролцоо гэж ярьдаг болмоор байна. Хамгийн гол нь хувийн хэвшлийнхэн хийх ажил, шинэ санаагаа оновчтой танилцуулаад төрөөс тодорхой зүйл шаардах хэрэгтэй. Мөн энэ бодит секторыг моргейжийн зээл рүү оруулах хэрэгтэй болж байна” гэж дурдсан юм.

Хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид бизнесээ амжилттай эхлүүлсэн ч цаашдаа тогтвортой, үр ашигтай ажиллахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө байдаггүйгээс олон бизнес зогсдог. Тэгвэл үүнийг дэмжихийн тулд хувийн хэвшлийнхнийг моргейжийн зээл рүү оруулах саналыг төрийн тэргүүн ийнхүү хэлсэн юм. Уг саналыг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн талархан хүлээн авч байсан бөгөөд моргейжийн зээлийг энэ салбар луу оруулахад хууль эрх зүйн орчин дутагдахааргүй гэдгийг эдийн засагчид үзэж байлаа.

Энэхүү моргейжийн зээлээр хувийн хэвшлийнхэнд тоног төхөөрөмжийн болон бусад худалдан авалтыг дэмжих боломжтой ажээ. Хэлэлцүүлгийн асуулт, хариултын үеэр “Чингис” бондоос үлдсэн хөрөнгийг цаг алдалгүй салбаруудад хөрөнгө оруулах, банкны зээл олгох нөхцлийг уян хатан болгоход төрөөс анхаарах  хэрэгтэй гэсэн санал гаргаж байлаа.

“Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” зургадугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдрийн уулзалт “Их тэнгэр цогцолборт 18.00 цаг хүртэл болох юм.