Эдүгээ хямралд өртөөгүй салбар гэж Монголд байна уу?
2014.06.03

Ж.Энхбаяр: Эдийн засаг унахад хүзүүгээ хугалах уу, хөлөө хугалах уу?

Монгол улсын эдийн засаг хүндэрч зарим нэг компаниуд цомхтгол явуулж, зарим нь хаалгаа бариад байна. Энэ байдал цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхой бус. Хямралтай үед хямралд бага өртдөг салбаруудаа сайтар дэмжих нь чухал гэдгийг эх сурвалжууд онцолж байна.

Саяхныг хүртэл олон улсын шинжээчид Монгол улсын эдийн засаг бол хамгийн их өсөлттэй эдийн засгийн нэг хэмээн үзэж байсан ч төрийн тогтворгүй, оновчгүй шийдвэр, үйл ажиллагаанаас болж эдийн засаг уналтанд орж, зээлжих зэрэглэл хүртэл буураад байна. Эдүгээ хямралд өртөөгүй салбар гэж Монголд байна уу? Энэ асуудлаар төрийн эрх баригчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Эдийн засгийн уналт эхэлж байна гэдэг нь тодорхой боллоо. Аль болох хохирол багатай даван гарах нь чухал болоод байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг унахад хүзүүгээ хугалах уу, хөлөө хугалах уу? Эдийн засаг өсөхгүй байгаа нь харагдаж байна. Энэ тухай олон түмэнд ний нуугүй хэлэх хэрэгтэй. Ойрын хоёр жилд Монголын эдийн засаг унана. ДНБ агшина.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Хэтэрхий гадны хөрөнгө оруулалтад шүтсэн. Гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг би муу гэж хэлээгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчид нь гадны хөрөнгө оруулагч нартай гэрээ хийдэг болохоос тэднээсээ давж УИХ, Засгийн Газар, сайд нар нь гэрээ хийдэггүй юм. Үүнийгээ эргэж харах цаг болсон. Хямралд өртөөгүй ганцхан салбар нь хөдөө аж ахуй. Түүн дотроос махны экспортыг хүчтэй дэмжих хэрэгтэй.