Төрийн нарийнуудад төсөв хэмнэхийг даалгав
Сангийн сайд Ч.Улаан
2014.06.06

Төрийн нарийнуудад төсөв хэмнэхийг даалгав

Сангийн сайд Ч.Улаан Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, төсвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэхтэй холбогдуулан Сангийн яаманд хэрэгжүүлж эхлээд байгаа ажил болон салбарын яамдын түвшинд хийх ажлын талаар чиглэл өгч, харилцан санал солилцов.

Энэ үеэр Сангийн сайд төсвийн хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэн сайдын ажлын албаны орон тоогоо бууруулан зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчгүй ажиллаж, тэдгээрийн чиг үүргийг яамны үндсэн бүтцийн чиг үүрэгт хамааруулан хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.

Сангийн сайд “Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” 122 дугаар тушаалыг баталж, харьяа байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон чиг үүргийн давхардлыг арилгах, ажилтан албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах замаар орон тоог бууруулах,төсвөөс цалинждаг зөвлөх, орлогч даргын туслахын орон тоог цомхотгох, төсвийн жилд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх, төрийн албаны гэрээт ажилтны орон тоог бууруулах замаар цалингийн зардлыг хэмнэх, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул  хамгаалалт, халаалт дулаан, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, албан тушаалын болон албан ажлын автомашины зардлыг багасгах, томилолтын зардлыг бууруулах, хурал, сургалт, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулахыг Сангийн яам болон харьяа агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.

Түүнчлэн төсвийн хэмнэлтийн горимд шилжихтэй холбогдуулан бараа үйлчилгээний зардлыг хэмнэх чиглэлээр Сангийн яам, түүний харьяа агентлагуудын түвшинд хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний жагсаалтыг баталснаа яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулсан байна.