Хамтарсан байнгын хорооны хуралдаан хойшлов
2014.06.05

Сайд нарын асуудал хойшиллоо

Сүүлийн үед сайд нарын асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. ХХАА-н сайд хэн болох, ЭЗХ-ийн сайд огцрох эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр ЭЗ болон БОХХАА-н байнгын хороогоор эдгээр асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хойшилжээ.

ЭЗХ-ийн сайд Засгийн газрын хуулиар хүлээсэн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээлийн асуудлыг шийдэх үүргээ биелүүлээгүй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Засгийн Газар 2013 онд улсын төсвийн зургаан их наяд төгрөгөөс гадна үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис Бонд, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг зарцуулжээ. Гэтэл зарцуулсан мөнгөний хэмжээгээр эдийн засаг өсөх биш уруудаж байна гэж тус намынхан үзэж байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

Монгол улсын эдийн засаг хямралын байдалд орчихлоо. Эдийн засгийн хөгжлийн бус эдийн засгийн хямралын яам боллоо. Ард түмэн ч ингэж ойлгож байна.

Өнөөдөр ЭЗ болон БОХХАА-н байнгын хорооны хуралдаан өглөөний есөн цагт зарлагдсан боловч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшиллоо. Түүнчлэн ҮХАА-н сайдыг томилох асуудлыг Засгийн газар УИХ-д өргөн бариагүй учир хамтарсан хуралдаан хийх шаардлагагүй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Б.Гарамгайбаатар:

Н.Батбаяр сайдын хувьд хэлэлцэх асуудал орсон байсан ч байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй учир хурал хойшилсон. МАН, АН-аас ердөө тус тус хоёр гишүүн ирсэн.

Давхар дээлээ тайлсан сайдын оронд дахин давхар дээлтэйг нь томилох хэрэггүй гэж зарим гишүүд үзэж байна. Ш.Түвдэндорж гишүүний хувьд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаа ч одоо үйлчилж буй хуулийн хүрээнд ажлаа хийнэ гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Б.Гарамгайбаатар:

ЭЗБХ-ны хуралдаанаар нэлээд олон асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм. Хамтарсан байнгын хорооны хуралдаанаар МАН-аас ашигт малтмалын тухай хууль дээр бүлэг дотроо тодорхой зөвшилцөлд хүрэх болтол хойшлуулна уу гэсэн хүсэлтийг гаргасан. Газрын тосны тухай хууль ч ийм байдалтай байна.