ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирлыг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал Янез Ленарчич болон тус байгууллагын зөвлөх Бостиян Сирник нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага нь гишүүн орнуудад болж буй сонгуулийг ажиглах, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бүтэцтэй байгууллага юм.
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал, ноён Янез Ленарчич уулзалтын эхэнд өнгөрсөн 2013 оны 6 дугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийсэн нь хамтын ажиллагааг бататгасан чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглээд ажиглалтын тайланг албан ёсоор хүлээлгэж өгөхөөр ирсэн тухайгаа дуулгав.
Мөн тайланд буй зөвлөмжүүдийг холбогдох хуулийн төслийг хэлэлцэхдээ тусгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн сацуу сонгуулийн үйл ажиллагаа шударга өрсөлдөөнтэй болж өнгөрсөн эерэг дүнтэй тайлан гарсан ч цаашид авч хэрэгжүүлэх олон зүйл байгааг хэлсэн юм.
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал, ноён Янез Ленарчич
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд, Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан сонгуулийг бий болгоход ихээхэн дэмжлэг үзүүлж буйд талархаад тайланд тусгасан заавар зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.
Түүнчлэн энэхүү тайлан нь Монгол Улсын сонгуулийн эрх зүйн орчинг олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөхөд чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглээд орон нутгийн болон Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн хуультай болох үүргийг хариуцсан ажлын хэсэгт тайланг танилцуулна гэлээ.
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал, ноён Янез Ленарчич уулзалтын төгсгөлд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ түргэн шуурхай байх, маргааныг шийдвэрлэх тусгай албатай байх талаар анхаарч ажиллах болон дараагийн сонгууль болохоос өмнө амжиж эрх зүйн орчноо бүрдүүлэх санал зөвлөмжүүд хэллээ.