2012.05.02

Сонгуулийн хуулийн зарим заалт хүчингүй боллоо

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуульд харшилсан гэж үзэн өнөөдрөөс хүчингүй боллоо.

Энэ шийдвэрийг өнөөдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан юм.

Дээрх асуудлыг гуравдугаар сарын 28-нд болсон цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг олгож, улмаар зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгосноороо Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан ч УИХ хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Харин эл асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар дахин хянан хэлэлцээд дээрх шийдвэрийг гарган маргааныг эцэслэлээ.

Өнөөдөр хүчингүй болж байгаа заалтууд 2011 оны 12 дугаар сарын 15-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэрхэн туссан байсныг дурдвал 4.9-д энэ хуулийн 27.1-д заасан нэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн жагсаалтаас тус тус сонгоно гэж заасан байсан юм.

49.1.5-д энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид ““В” жагсаалт” гэх/-ыг гаргах  гэжээ.

Мөн 49.1.5.а-д санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч,  49.1.5.б-д санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч, 49.1.5.в-д санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч гээд Энэ хуулийн 48.5-д заасны дагуу дахин санал хураалтад орсон боловч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчийн “В” жагсаалт дахь өөрийн авсан саналын хувь нь анхны санал хураалтын саналын хувь байна гэсэн тайлбар өгсөн байна.

Тэгвэл 49.1.6-д нь тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан “В” жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, “В” жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа тойрогт нэр дэвшигчдээс бусад тухайн нам, эвслээс нэр дэвшигчдийг энэ хуулийн 27.5.4-т заасан жагсаалтад байгаа дарааллаар нь эрэмбэлж жагсаалт /цаашид ““Г” жагсаалт” гэх/-ыг нам, эвсэл бүрээр нь гаргана гэжээ.

Харин  “Г” жагсаалтыг гаргах явцад нэг нам, эвслээс нэр дэвшигчдийн саналын хувь тэнцсэн тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчдийн тойрогт авсан саналын тоог үндэслэн дараалалд оруулах зарчмыг баримтлахаар хуульчилсан байсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.