Хуулийн төслийг дахин өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаан
2014.06.09

Хуулийн төслийг дахин өргөн мэдүүлнэ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд  Одоогийн хууль, эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 8 шат дамжлагаар 5 хоногт бүртгүүлж байгааг хялбаршуулж, бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлэх, бүртгэлийг хурдан шуурхай болгох шаардлагатай гэж үзэж  байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг 2003 онд баталснаас хойш 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа юм. Бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийн шинэ болон нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд бүртгэлийг мэдээллийн сүлжээ ашиглан цахим хэлбэрээр хийж, тогтолцоог шинэчлэх шаардлага гарч байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар тусгажээ.

Бүртгэлийн цахим мэдээллийн  сүлжээг нэвтрүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, өргөдөл гаргах болон түүнийг шийдвэрлэх явц зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр авах зохицуулалтыг оруулжээ.

Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногт хийж,  гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээж, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна.