Х.Тэмүүжин: Хүний амиар тоглох хүртлээ хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж байна
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.06.02

Х.Тэмүүжин: Хүний амиар тоглох хүртлээ хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж байна

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Нийгэмд хүлээлт үүсгэсэн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Эрүүгийн болоод Захиргааны хэргийн тухай хуулиас ямар давуу бодлогыг хуульд шингээсэн бэ?

-Захиргааны хариуцлагын болоод Эрүүгийн хууль нь хоёр өөр зохицуулалттай юм шиг хэрнээ олон зүйл дээр давхацсан байдаг. Хоорондоо зөрчилтэй хууль байх нь хуулийн үйлчлэлийг саармагжуулдаг. Мөн хууль хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудад маш их боломжийг олгодог. Авлига, хээл хахууль, танил тал, хувийн ааш аягаа ч гаргах боломжийг олгосон гэсэн үг. Тиймээс зөвхөн Эрүүгийн хуулийг өөрчилж байна гэж харж болохгүй. Жишээлбэл, Захиргааны хариуцлагын болон бусад хуулиудад энэ заалтыг зөрчвөл тийм хариуцлага хүлээлгэнэ гээд биччихсэн хэрнээ бусад 220 хуульд яг тэр заалтаа өөр шийтгэлтэйгээр томъёолоод оруулчихсан байдаг нь төвөгтэй байлаа.

Жишээ нь Эрүүгийн хуульд "баримт бичгийг хуурамчаар үйлдвэл гурван жил хорино" гэсэн заалттай. Гэтэл Боловсролын тухай хуульд "Боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн бол 50 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан. Нэг үйлдэлд хоёр өөр шийтгэл оноохоор хуульд тусгачихсан нөхцөлд хуульч яаж ажиллах вэ гэдэг асуудал босно. Өөрт нь таалагддаг хэсэг бүлэг, танил талдаа хөнгөн шийтгэлтэйг нь, таньж мэдэхгүй, мөнгө төгрөггүйд нь хүнд шийтгэлтэй хуулийг нь ашиглах боломж байгаа юм. Ихэнх тохиолдолд хүнд шийтгэлтэй хуулиа барьж аваад "Чамайг гурван жил хорино" гэдэг. Тэгэхээр иргэн гурван жил шоронд суухгүйн тулд танил талаараа яриулж, хахууль өгөх гэж оролдоно.

Ингээд хууль хэрэгжүүлэх бус, хувь хүмүүсийн хоорондын яриа өрнөнө.

Тохирч чадвал 50 мянган төгрөгөөр торгоно, чадаагүй бол гурван жилийн ялыг нь өгөөд явуулдаг. Ийм ойлгомжгүй, тодорхойгүй, дур зоргоороо аашлах хуулийн тогтолцоо манайд байна. Үүнийг өөрчлөхийн тулд Зөрчлийн болон Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан. Хууль батлагдвал хоёр гараар иргэдтэй харьцдаг хуулийн байгууллагын ажиллагааг таслан зогсоох боломжтой.

-Эрүүгийн хуулийг хэт шоронжсон гэж шүүмжилдэг. Гэмт хэргийн тухай хуульд ялын бодлого яаж тусч байгаа бол?

-Эрүүгийн тухай хуульд маш их шүүмжлэл байсан. Нэгдүгээрт нь шоронжуулсан бодлоготой, өчүүхэн жижиг алдаа гаргасан залуу үеийнхэнд хамгийн хатуу хууль юм. Хоригдлуудын ихэнх нь залуус байна. Дийлэнхдээ танхайн хэргээр орсон байдаг. Яагаад гэвэл хууль нь ийм хатуу. Шүүгчдэд ямар ч боломж олгоогүй. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гээд ангилчихсан. Үүнээс болоод шүүхийн шийдвар гэмт хэргийн нөхцөл байдалд тохирч гаргахаасаа илүүтэй ялыг механикаар тулгадаг. Шүүхэд боломж олгоогүй, ялын бодлогыг хэтэрхий хайрцагласан байгаа нь шоронжсон нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь Эрүүгийн хуулийг өөрчлөх гол шаардлага болсон. Нэг хэрэгт 5-8 жил өгөх бус, 3-8 жил өгөх гэх мэтээр ялын дээд, доод хэмжээг дэлгэж өгсөн.

- Шинээр маш олон гэмт хэргийн заалтууд олон орсон, энэ нь эргээд нийгмийг шоронжуулах нь гэсэн шүүмжлэл бас гарч байна билээ?

-Шинэ төрлийн гэмт хэргийг одоо байгаа Эрүүгийн хууль үнэхээр зүйлчилж чадахгүй байна. Товчхондоо улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэх мэт үзэгдлүүдийг зүйлчилж хариуцлага тооцоход Эрүүгийн хуулийн хүч, нөөц нь хүрэхгүй байгаа юм. Үүнийг өөрчилж, зүйлчилж өгсөн. Бас нэг асуудал байсан нь үнэт зүйл. 1990 оноос хойш бид шинэ нийгэм рүү орсон ч шинэ нийгмийнхээ үнэт зүйлийг хамгаалдаг хууль тогтоомжтой болсон уу гэвэл үгүй. Энгийн нэг жишээ дурдахад "нэр төр гутаах" гэдэг асуудал хувь хүнд байдаг болохоос биш төрийн байгууллагад байж болохгүй.

Гэтэл өнөөдөр төрийн байгууллага миний нэр төрийг гутаалаа гээд иргэдээ шоронд хийх нь холгүй байна. Энэ нь уг хууль социализмын үеийнх шиг хамгийн чухал нь төр, хоёр дугаарт иргэн гэдэг зарчмыг хадгалсны илрэл. Иймэрхүү үнэт зүйл, хандлага, зарчим гээд олон зүйлийг өөрчлөхийн тулд Эрүүгийн хуулийг өөрчлөх шаардлага байсан.

Захиргааны хариуцлагын тухай хуульд иргэн захиргаанаас тогтоосон дүрэм журам, хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд торгоно гэсэн байх атлаа хажууд нь төрийн албан хаагч, төрийн байгууллага албан үүргээ гүйцэтгээгүй бол бас торгоно гээд биччихсэн байгаа юм. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгээгүй бол цалингийн хувийг хасна, сануулна эсвэл албан тушаалаас нь бууруулна,  хөөн зайлуулах ёстой. Гэтэл торгуулийн шийтггэл оноохоор заасан нь албан тушаалтныг эргээд "авлига ав" гэсэнтэй адил болж байгаа юм. Дараагийн нэг эмгэнэлтэй зүйл нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар төр иргэнийг буруутгаад шийтгэж байна. Тэгсэн атлаа иргэний шүүхээр асуудлыг шийдэж байна. Иргэний шүүх хоёр иргэний асуудлыг шийддэг болохоос биш төр, иргэн хоёрын хоорондох асуудлыг шийддэг газар биш. Энэ бүгдийг бид анзааралгүй урсгалаар нь явуулснаас иргэний эрх хөсөр хаягдаж байна.

-Тэгвэл хувийн өмчийн халдашгүй байдлын тухай ойлголт ямар хэм хэмжээнд туссан бол?

-Аль ч оронд гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийг хураадаг. Гэтэл одоо байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэгт огт хамааралгүй, өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон баялгийг нь буюу "хөрөнгө хураах" ялтай. Гэмт хэргийн тухай хуулиар тэр ял байхгүй болж байгаа. Юу үлдэж байгаа вэ гэвэл хохирол барагдуулах зорилгоор иргэдийн өмчид халдаж болно, мөн гэмт хэргийн улмаас олсон орлого болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өмч хөрөнгийг нь хураана.

-Сэжигтнийг заавал цагдан хорьж байж хэргийг нь шийддэг нь иргэдийн эрхийг ихээр зөрчих, улмаар эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулахад хүрдэг тухай байнга шүүмжилдэг. Үүнийг өөрчилж байгаа гэсэн. Хууль батлагдвал "Ганц худаг"-т хүн үлдэхгүй гэсэн үг үү?

-Гэмт хэргийн тухай хууль Өршөөлийн хууль биш. Гэмт хэргийн тухай хуулиар зарим нөхдийнх нь ял багасна. Гэмт хэргээс зөрчил рүү орсон зүйлчлэлтэй бол суллагдана. Тэгэхээр бүгд гарна гэсэн үг биш. Зарим төрлийн гэмт хэрэг дээр хуучин ялын бодлогыг хадгалж үлдэж байгаа. Албан тушаалын гэмт хэрэг дээр л гэхэд хуучин ялын бодлого хэвээрээ байгаа. Мөн Гэмт хэргийн тухай хууль гарахтай холбогдуулаад өршөөл үзүүлэх, Өршөөлийн тухай хуулийг гаргах асуудал яригдана. Харин сэжигтнийг хэрэг хийсэн гэдгийг нь нотолж чадаагүй байж хугацаагүйгээр хорьдог байдал өөрчлөгдөж байгаа. Юу юуны туханд хүрэлгүйгээр цагдан хорьж, тэгээд гэм буруутай гэдгийг нь өөрөөр нь хэлүүлж байж шийтгэдэг зөвлөлт маягийн энэ арга барилаас татгалзана. Цахим гав, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг нь хязтаарлах гэх мэт шинэ төрлийн ялтай болж байгаатайгаар холбоотойгоор хүнийг заавал цагдан хорьж байж хэргийг илрүүлэх шаардлагагүй болно. Цагдан хорьж байгаа гол шалтгаан бол мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулах, оргон зайлах магадлалтай гэсэн хоёр үндэслэл байгаа шүү дээ. Энэ шалтгаанаар бүгдийг нь хоморголон хорьж байгаа. Электрон гавыг нэвтрүүлчихвэл тэр хүнийг хаана явж байгааг нь араас нь хөөцөлдөлгүйгээр мэдэж чадах учраас оргон зайлах боломжгүй болж байгаа юм.

-Урьдчилан саатуулах хугацааг ямар хэмжээнд тогтоож өгч байгаа вэ?

-Бидний гол зорилго бол буруутгагдаж байгаа хүнийг барьж хорьж, өөрөөр нь хэрэг хүлээлгэх бус, гэмт хэрэг хийсэн гэдгийг нь хуулийн байгууллага өөрөө нотлох ёстой. Социализмын үед гэмт хэргийг нотлох эхний арга техник нь хүн гэм буруугаа хүлээх гэж үздэг байсан. Зодож байгаад ч болов гэм буруутай гэдгийг нь хүлээлгэчихвэл баттай нотоллоо гэж үздэг. Ардчилал хөгжсөн орнуудад гэмт хэргийг өөрөөр нь нотлуулахыг эрүүдэн шүүх ажиллагаа гэж үздэг. Тэгэхээр хуулийн байгууллага өөр бусад нотлох ажиллагааг хийх ёстой. Тэгэхийн тулд шинжлэх ухаан, нотлох онол, хууль сахиулах байгууллагын арга барил өөрчлөгдөж байгаа.

-Хамгийн их шүүмжлүүлж байгаа заалт нь 14 настай хүүхдэд ял эдлүүлэхээр болсон асуудал юм шиг?

-Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд ял эдлүүлэх нас 16-аас эхэлж байгаа. Зарим хүнд хэрэг дээр 14 наснаас эхэлдэг. Үүнийг нийтээр нь 14 нас руу буулгасан нь гэмт хэргийн орчинд хүмүүжиж байгаа хүүхдүүдтэйгээ хуулийн байгууллагууд өөрсдөө ажиллахыг шаардаж байгаа юм. Нас нь болоогүй гээд ялгүй гаргачихаар тэр хүүхэд 16 нас хүртлээ нөгөө гэмт хэргийнхээ орчинд амьдраад мэргэжлийн хулгайчийн хэмжээнд оччихож байна. Товчхондоо өнөөдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуульд хүүхдэд ялыг яаж оноох вэ гэдэг тусгай бодлого байгаагүй. Насанд хүрсэн хүнтэй яг адилхан ял оноодог. Харин Гэмт хэргийн тухай хуульд үүнийг тусгайлан зааж өгсөн. Жишээ нь хүүхдийг хорихдоо том хүнтэй ижил шоронд аваачаад хийдэг байсан бол Гэмт хэргийн тухай хуулиар хаалттай тусгай дунд сургуульд хүмүүжүүлэхээр заасан. Заавал нийгмээс нь тусгаарлахгүйгээр өөр бодлогоор гэмт хэргээс нь холдуулахаар ялыг зүйлчилсэн. 14 нас болгож бууруулсан маань хүүхдэд аюултай гэхээсээ илүү хүүхдийг цаашид аюултай замд орохоос нь хамгаалах арга юм.

-Танхайн хэрэг яагаад хуульд байхгүй болчихов гээд Ц.Нямдорж гишүүн асуугаад байсан. Үйлдэл тус бүрээр нь зүйлчилж өгсөн гэсэн үг үү?

-Танхайн гэмт хэрэг гэж байхаа болино. Хамгийн гол нь танхай гэдэг нь бүхнийг оруулж болдог уут юм. Социализмын үед иргэдийг төр засгийнхаа эсрэг босгохгүй, хянаж цагддаг тэр хэлбэрээ эвдэхгүйн тулд "танхай" гэж зүйлчилдэг байсан. Одоогийн хуульд танхайтай холбоотойгоор гэмт хэрэг гэж үзэж болох гурван л зүйл бий. Хэн нэгэн агсам согтуу тавьж бусдын биөд гэмтэл учруулсан бол, бусдыг өмч хөрөнгө, эд зүйлийг эвдэж, устгасан бол, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гээд хуульд тусгачихсан байгаа. Энэ гурван үйлдэл нь гэмт хэрэг мөн гээд зүйлчлэгдчихээд байхад дахиад "танхай" гэж бүхнийг чихдэг уут байж болохгүй. Хүнийг тодорхой зүйлээр, үйлдлээр нь буруутгах ёстой.

-Эрүүгийн хуульд ял авахаар зүйлчлэгдсэн, одоо зөрчил болоод торгохоор заачихсан асуудлуудыг УИХ-ын гишүүд шүүмжилж сонсогдсон?

-Хуулийг бүтэн унших ёстой. Жишээ нь хууль бусаар галт зэвсэг эзэмшихтэй холбоотой нэг хэсэг асуудал нь Гэмт хэргийн тухай хууль дээр бичээтэй байна. Харин зөрчил рүү орсон хэсэг нь журам зөрчсөн тохиолдлууд байх юм. Жишээлбэл, би хуулийн дагуу галт зэвсэг эзэмших эрхтэй. Гэтэл галт зэвсгийг яаж хадгалах вэ гэдэг журам байна. Буу нь битүүмжлэгдсэн хайрцганд сумнаасаа тусдаа байх ёстой гэдэг ч юм уу. Үүнийг зөрчсөн тохиолдолд зөрчил гэж үзээд торгоно. Харин гэмт хэрэгтэй холбоотой асуудал үүссэн бол Гэмт хэргийн тухай хуулиар шийтгэнэ.

-Гэм буруугаа хүлээвэл ялаас чөлөөлөгдөх үү?

-Гэмт хэргийн тухай хуулийн хамгийн дэвшилттэй бас нэг асуудал бол хохирол барагдуулах асуудлуудыг нэлээд түлхүү оруулж байгаа. Ний нуугүй хэлэхэд зарим төрлийн гэмт хэрэг дээр хохирсон иргэн хохирсноороо үлдэж, хохироосон нөхөр нь шоронд яваад алга болчихдог. Аль аль нь асуудлаа шийдүүлэлгүй, нэг нэгнээ үзэн ядсан хэвээрээ үлддэг. Үзэн ядсан харилцаа бугшаад ирэхээрээ нийгмийг зөрчилдөөнтэй, харгис болгодог. Энэ бүхнийг зохицуулахын тулд хохирлыг барагдуулах тухай нэлээд заалт оруулж ирсэн. Жишээ нь гэм буруугаа өөрөө хүлээвэл гэдэг заалт. Би буруутай гэж хэлбэл ялын хэмжээ нь доошоо буудаг шинэ тогтолцоо бий болж байгаа. Гэм буруугаа хүлээгээд, хохирлоо барагдуулаад бараг ялгүй үлдэх үү, эсвэл буруугүй гэж зүтгэсээр байгаад эцсийн дүнгээ харах уу гэдгээс сонголтоо хийж болно гэсэн үг.

-Шүүх хурлын үе шат бас өөрчлөгдсөн гэж яригдаж байсан?

-Анхан шатны шүүх хурал л гэхэд дөрөв салж байгаа. Баривчлахдаа шүүх хурал хийнэ. Нотлох баримтын шүүх хурал, гэм буруугүйн шүүх хурал, ял оноох шүүх хурал гэж тусдаа явна. Ингэж ялгаж , зааглаж байж ял завшихгүй байх боломж бүрдэнэ. Ийм систем бүрдээгүйгээс бараг бүх хэрэг давж, заалдах, дээд шүүх рүү явж байна. Сүүлийн үед хэн нэгэн өөрийн талд асуудлыг шийдүүлэхийн тулд дээд шүүхийн 15 шүүгчийн нэгийг нь таньдаг байхад хангалттай гэдэг зарчим хүртэл гарсан байна.

-Авлига өгсөн, авсан этгээдүүдэд ямар хариуцлага ирэх бол?

-Авлига авна гэдэг гэмт хэрэг. Харин тодорхой тохиолдолд авлига өгсөн талыг нь гэм буруугүйд тооцно. Жишээ нь, иргэд газрыг өмчилж авах хууль ёсны эрхтэй. Өмчлөөд авах гэтэл төрийн албан тушаалтны хүнд суртал, ойлгомжгүй байдлаас нь болоод өмчилж чадахгүйд хүрч, арга ядахдаа гарыг нь хүндрүүлж байна. Ингэж хууль ёсны эрхээ эдлэхийн тулд иргэн хахууль өгсөн гээд гэмт хэрэгтэн болж болохгүй. Харин авах ёсгүй үйлчилгээгээ авахын тулд төрийн албан хаагчид авлига өгсөн байвал хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Үүнийгээ илчлээд ирвэл ялыг нь хөнгөрүүлнэ.

-Гэмт хэргийн болон Зөрчлийн хууль гарснаар хоригдлуудын хэдэн хувь нь суллагдах бол гэдгийг нийгмийн нэг хэсэг хүлээж байх шиг?

-Ямар гэмт хэрэг үйлдсэнээс нь шалтгаална. Мэдээж ялын бодлого зөөлөрч байгаа. Нөгөө талд нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийг тодорхойлох шинж чанар нь илүү иргэншсэн, ухаалаг болж байгаа. Энэ зохицуулалтын үндсэн дээр одоо ял эдэлж байгаа хоригдлуудын 40 орчим хувь нь суллагдана. Үлдсэн хоригдлуудынх нь ял багасна. Ийм байдлаар үр дүн гарна.

-Ярилцлагын сэдвээсээ хазайхад хорих байгууллагуудад хүний амь нас эрсэдсээр байна. Хамгийн сүүлд төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан хүний амь эрсэдлээ. Энэ явдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Цагдан хорих төвд нэг иргэн нас барсан. Үүнтэй холбоотойгоор шалгалтууд хийгдэж байна. Буруутай, хариуцлага алдсан гэж үзэж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцно. Гэхдээ шууд хувь хүмүүсийг буруутайд тооцмооргүй байна.Яагаад ийм нөхцөл үүсээд байна вэ гэдгийг харах ёстой. Хуулийн болон хуулийн бус алдаанууд байна. Хүнийг бариад, цагдан хориод түүнийхээ дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж буруутай гэдгийг нь нотлох арга барилаасаа салахгүй бол хуулийн байгууллагууд бүгд хүнийг барих донтой болчихсон байна. Хоёрдугаарт нь цагдан хорьж байгаа нөхцөл байдал нь эрүүдэн шүүх хэв маяг руу орчихож гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна. Хүнийг мэдээлэлгүй, гэр бүл, амьдралаас нь тасалчихаад тэр бухимдал дээр нь тоглодог, түүгээр нь дамжуулж ар гэрийнхнийг нь дарамталдаг байдал газар авчихсан байна. Энэ бүгдийг таслан зогсоох ёстой. Урт хугацаа шаардагдах ч хийх л естой. Гэмт хэргийн хуулиас гадна Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуульд энэ тухай заалтууд орно. Мөн ял эдлүүлэх, цагдан хорих үйл ажиллагааны тухай хуулиудаар зохицуулах ёстой.

-Дээрээс тушаал өгсөн гэдэг шалтгаанаар эмчилдэггүй ойлголтыг яах вэ?

Хэн тушаал заавар өгсөн талаар тодруулах байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотроо тийм тушаал өгсөн асуудал бол байхгүй байх. Хамгийн гол нь хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага айдас үйлдвэрлэж ажиллах арга барил руу орчихлоо. Манай байгууллагын аваачиж хийсэн хүнийг тэгсэн байх юм бол өөр дээр чинь хэрэг үүсгэнэ шүү гэдэг ч юм уу. Аман сүрдүүлгээр ийм асуудал үүсгэх болж. Яах аргагүй араас нь тийм ажиллагаанууд явагддаг. ШШГЕГ-ынхан хуулийн дагуу ажиллаж байтал "бидэнд таалагдахгүй байна" гэсэн шалтгаанаар араас нь хэрэг үүсгэх гэж хөөцөлдөх, заналхийлэх тохиолдол байна. Энэ нь эцсийн дүнд хүний амиар тоглох хүртэл хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж байна, Үүнийг засах ёстой. Хатуу хандах ёстой. Нөхцөл байдал тодорсны дараа хариуцлагыг нь үүрүүлж, өөрчлөх асуудлууд байвал бүхнийг хийнэ. ШШГЕГ руу би зохих хэмжээний шийдвэрийг явуулсан.

-Одоо танай Засгийн газрын хувьд нэлээд хүнд үеийг туулж байна. Эдийн засгийг хүндрүүлсэн гол буруутан нь Засгийн газар гэж сөрөг хүчин шүүмжлүүлж байна. Та кабинетийн гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа бол?

-Эдийн засгийн энэ хүндрэл сүүлийн нэг хоёр жилийн дотор бий болсон зүйл биш. Бид уул уурхайтай холбоотой, гадны хөрөнгө оруулалттай холбоотой таатай жижигхэн “цонхон” дээрээ үнэхээр тэнэг авирласан. Тэр мөнгөөрөө ирэх эрсдэлийг зохицуулах, баялаг бүтээх, бизнес эрхлэлтийг дэмжих бус нийгмийн халамж руугаа тараагаад дуусгасан. Бүр олж байгаа орлогоосоо ч бус, нэмж зээл аваад тараасан. Тэр зээлийг дарахын тулд өнөөдөр энэ эдийн засгаа шатааж байна. Хоёрдугаарт нь популистууд худлаа эх оронч царайлж олон нийтэд таалагдах гэснийхээ золиосонд эх орноо, бодит эдийн засгаа шатааж дууслаа. Гадны хөрөнгө оруулалтыг хөөлөө. Олон төсөл хөтөлбөр, компанийг зогсоолоо. Эдийн засгийн цус сэлбэлтийг боомилоод хаачихлаа. Боомилчихсон тохиолдолд тэр эдийн засаг үхжих нь ойлгомжтой. Үхжээд ирэхээр нь энэ хэний буруугаас болов гэж үсчих нь зохимжгүй. Тэгэхээр нь оношийг нь зөв тавих ёстой. Улстөржсөн нүдээр хараад байвал онош зөв тавигдахгүй.

Нэг ийм хошин шог байдаг шүү дээ. Асуудал тулгарахад шийддэг гурван арга байдаг. Асуудал юу байна гэдгийг хараад, юунаас болов гэдгийг нь олоод, асуудлаа шийдчихээд цаашаа явдаг нэг арга байна. Асуудал байна, байхгүй гэж баахан хэрэлдэж байснаа "асуудал байхгүй боллоо" гээд пиар хийгээд цаашаа явдаг бас нэг арга байна. Гуравдугаарт энэ асуудал хэнээс болов гэж зодолдож байгаад буруутныг олоод тэрийгээ цаазалчихаад цааш явдаг бас нэг арга зам байна. Энэ гурван арга замын алинаар нь явах вэ гэдгийг бидний ухаан л шийднэ.