Гэмт хэргийн хуулиар юуг зохицуулах вэ?
Гэмт хэрэг
2014.05.07

Гэмт хэргийн хуулиар юуг зохицуулах вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн дараагийн том хууль гэвэл Эрүүгийн болон Иргэний хуулиуд. Тэгвэл Эрүүгийн хуулийг үзэл баримтлалаас нь эхлэн далайцтай өөрчлөлт хийх болсон хэмээн үзэж шинэчлэхээр хуулийн төслийг боловсруулан УИХ-д оруулжээ.

Гэхдээ Эрүүгийн гэх нэрний “эрүүдэх” гэсэн утга үндэснээс нь эхлэн өөрчлөх ёстой гээд “Гэмт хэргийн тухай хууль” хэмээх нэрийн дор боловсруулсан аж. Мэдээж энэ хууль тийм ч хурдан батлагдахгүй бөгөөд хэлэлцүүлж, боловсруулах зүйл ихтэй байх нь тодорхой тул судлаачдын үзэж буйгаар хагас жил гаруйд хэлэлцүүлгийн шатанд байх бололтой. Хуулийн төслийг шүүмжлэгчид эхнээс нь, нэрнээс нь буруутгаж эхлэв. “Эрүүгийн хууль” гэсэн нэршил Үндсэн хуулиас эхлээд олон улсын гэрээ конвенцид байгаа тул ийнхүү “Гэмт хэргийн” хэмээн өөрчлөх нь буруу гэж шүүмжлэж буй. Гэвч нэр хэлбэрийн асуудлыг бол шийдэж болох биз, гол нь агуулга гэдгийг хууль тогтоогчид маань мэдэж буй биз. Ямартаа ч ийнхүү “эрүүдэх” агуулгаас татгалзсан эрүүгийн хуулийн өөрчлөлт орж ирлээ. Бүгдийг нь уншвал цөөнгүй хуудастай ном шиг томоохон хуулийн төслийн үг, өгүүлбэр бүр нь зорилго, ач холбогдол утга санаа, үр дагавартай байх нь тодорхой. Иймд цөөн өөрчлөлтөөс онцлоё.

Шоронжсон бодлогоос татгалзах

Улсын хэмжээнд арван жилийн хугацаанд нийт 40119 хүн шоронгоос суллагдаж, үүнээс 19000 хүн дахин гэмт хэрэг үйлджээ. Энэ нь сүүлийн арван жилийн дунджаар шоронгоос суллагдсан хүмүүсийн 47 хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж хуулийн байгууллагад шалгагдсаныг харуулж

47 хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж хуулийн байгууллагад шалгагдсан

байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл шорон гэдэг нь хүмүүжигчдийн хувьд гэмт хэрэгт суралцах, гэмт хэргийнхээ карьерийг л ахиулдаг сургууль болж байна гэсэн үг. Бүр тодруулбал, хулгай хийж орсон хүн суллагдаад дээрэм хийгээд ороод ирдэг, дахиж суллагдаад хүн амины хэрэг үйлдээд ороод ирж байна гэсэн үг. үнээс нь бол шорон нь байн байн дүүрч аргагүйн эрхэнд хэдэн жил тутам Өршөөлийн хууль гаргаж, сулласан жилд нь гэмт хэргийн тоо өсч байгаа нь үнэн. Өнөөдөр нөлөө бүхий айлын хүү бусдыг зодоход “бусдын биед гэмтэл учруулах” ялаар зүйлчлэгдэж бага ялтай мултардаг бол, энгийн ардын хүүхэд бусадтай зодолдоход “танхайрсан” хэмээх хүнд ялаар зүйлчлэгдэж шоронгийн хоригдол болж буй нь ч үнэн. Зөвхөн танхайрах гэсэн зүйлээр жилд 300 орчим залуу шалгуулж, 100 гаруй нь ял сонсч байна. Угтаа бол заавал шоронд суулгаад байх шаардлагагүй олон хүнийг баривчилж, хорих боломжийг нь Эрүүгийн хууль олгоод байгаа тул хуулийг өөрчлөхөөс аргагүй.

Хариуцлагыг үйлдсэн хэрэгт нь тааруулан оногдуулах

Эрүүгийн хуулиар яллагдсан олон хүн гомдолтой байдаг нь ихэвчлэн “хүлээх ёстойгоосоо давсан хариуцлага хүлээлээ” хэмээн гомдол. Тэгвэл Гэмт хэргийн хуулиар үйлдсэн хэрэгт нь тааруулсан хариуцлага, тухайн хүнд тохирсон шийтгэлийг ногдуулахыг зорьсноороо онцлогтой аж. Өмнө шүүгчид хэрэгтнийг яллахдаа “уг нь энэ тохиолдолд заавал ингэж хатуурхах шаардлага алга. Гэвч хуулийн доод хэмжээ нь ийм юм” хэмээдэг байв. Тэгвэл шинэ хуулийн төслөөр ялыг сонгон оногдуулах боломжийг гаргаж хорих ялыг багасгаж, үр нөлөөтэй, хүний хувийн байдалд тохирсон байх шинжийг харгалзан үзэх боломжтой болгосон байна. Мөн нийтэд тустай ажил хийлгэх, эрх чөлөө хязгаарлаж тодорхой хүн, хэсэг бүлэг хүн, тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр эдлүүлэх бөгөөд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэх; торгох ялыг оногдуулж биелүүлэхгүй бол ялыг хорих ялаар солих, гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулахаар бол хорих зэрэг ялаас чөлөөлөх ч боломжийг гаргасан байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хариуцлагыг чангална

Хүүхдийг шийтгэснээс хор уршиг учирсан тохиолдолд ял шийтгэл оногдуулах талаар төсөлд тусгажээ

Хууль нь шоронжсон хууль биш болно гэдэг нь ял хариуцлагыг суллаад байна гэсэн үг. Тодруулбал хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хариуцлагыг чангалаад орхиж. Хуульд бэлгийн халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлгийг шинээр оруулсан бөгөөд хүүхдийн эрхийн эсрэг үйлддэг хүчирхийллийн ялын бодлогыг чангатгах, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч хүүхдийг хайхрахгүй орхих, хүүхдийг шийтгэснээс хор уршиг учирсан тохиолдолд ял шийтгэл оногдуулах талаар төсөлд тусгажээ. Мөн “бүлэглэсэн”, “урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг” гэсэн тодорхойлолтыг өөрчилж, хамтран оролцогч, зохион байгуулагч, захиалагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэсэн томъёоллын заримыг нэгтгэх, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд илүү чанга ял оногдуулдаг байхаар болсон байна.

Гүтгэлэг, доромжлолыг иргэний хуулиар шийднэ

Энэ хуульд хэвлэлийнхэнд хамааралтай нэг чухал өөрчлөлт бий. Тэр нь одоо үйлчилж буй Эрүүгийн хууль дахь доромжлох, гүтгэх гэсэн гэмт хэргийг үгүй болгож буй явдал. Сэтгүүлчдийг дарамталдаг, амыг нь барих гэж оролддог, айлгадаг ганц заалт бол энэ. Мэдээж мэдээллийн эх сурвалжаа сэтгүүлч нууцлах эрхтэй. Гэвч ийн нууцалж гүрийснийхээ төлөө өөрсдөө ял шийтгүүлж орхидог. Гэвч энэ нь гүтгэх, доромжлох боломжийг нь гаргаад ирнэ гэсэн үг бас биш. Өөрөөр хэлбэл хэн нэгэн гүтгүүлсэн доромжлуулсан л гэж үзэж буй бол Эрүүгийн биш Иргэний хуулийн дагуу гомдлоо гаргаад хохирлоо барагдуул гэсэн үг. Харин үүнээс гадна Гэмт хэргийн тухай хуульд хувийн мэдээлэлд халдах гэсэн заалт оруулжээ. Үүнийгээ хууль санаачлагчид тайлбарлахдаа “Хувийн мэдээллийг зүй бусаар авч, хэвлэл мэдээллээр түгээх нь гэмт хэрэг. Миний, чиний нууцалдаг зүйлийг хууль бусаар олж мэдээд түгээн дэлгэрүүлбэл уг үйл явц нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн тайлбарлаж.

Энэ мэтээр зарчмын гэмээр өөрчлөлт Эрүүгийн хуулиас Гэмт хэргийн тухай хууль болон өөрчлөгдөж буй төсөлд олон орж. Хэлэлцүүлгийн явцад зарим нь тодорч, тодорсноос нь сэдэв, шүүмж ч өрнөх биз.