Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.05.20

Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.05.20/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Хуулийн төслийг боловсруулах явцад олон нийт, иргэний нийгмийн байгууллагаасгэмт хэрэг, зөрчлийн ялгаа, гэмт хэргийн ангилал ба ялын төрөл хэмжээ, ял шийтгэлийн бодлого, хохирлын хэмжээ, гэмт хэргийн зүйлчлэл, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүн зэрэг асуудалд зүй ёсны шүүмжлэлтэй хандан гаргасан санал, зөвлөмжийг ажлын хэсгийн гишүүд судлан үзлээ хэмээн Хууль зүйн сайд танилцуулгадаа дурдсан. Төсөлд албан ёсны санал авахаар 2013 оны 10 дугаар сард 250 орчим төрийн болон төрийн бус байгууллагад явуулсан бөгөөд Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ирүүлсэн 150 гаруй байгууллагын 1000 орчим санал, 2014 оны 1 дүгээр сард Зөрчлийн хуулийн төсөлтэй хамт санал авахаар гаргасан 91 байгууллагын 900 орчим саналыг үзэл баримтлалд нийцүүлэн тусгажээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд заасан зарчмыг агуулгын хувьд шинээр томьёолж, Гэмт хэргийн загвар хуульд тулгуурлан хууль ёс, шударга ёс, хүнлэг энэрэнгүй ёсны зарчмыг Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан агуулгаар тусгасан байна.

Баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж, хорих ялыг нэг сараас хорин жил хүртэл хугацаатай байхаар тооцож, иргэн, нийгэм, төрд шууд хохирол учруулахад чиглэгдсэн үйлдлүүдийг хуулийн төсөлд тусгажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ялын бодлогоор онц хүнд, хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж дөрөв эрэмбэлэн заасан ангилал нь "хохирлын хэмжээ" буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр дүйцүүлэн тооцсон "бага бус", "үлэмж", "их", "онц их" гэсэн хэмжээнээс шалтгаалж өөрчлөгддөг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан нийт гэмт хэргийн 80 орчим хувь материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээ заасан байдгаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх болгонд ангилал өөрчлөгддөг.

Хуулийн төсөлд материаллаг шинж, босго тогтоосон хэмжигдэхүүнээс зайлсхийж, гэмт үйлдлийг шууд тоочих замаар хууль зүйн техник ашиглаж, ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг ангилахгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан үзэхээр зохицуулалт оруулсан байна.

Шүүхээс энэ хуулийн тусгай ангид хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах өргөн боломжтой, хорих ялын дээд болон доод хэмжээг сунгаж, харьцангуй уян хатан байдлаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр гэмт хэргийн ангилал, шүүхээс оногдуулсан ял хоорондоо уялдаагүй, хатуу хязгаарын хүрээнд гэм буруугийн шинжид тохирдоггүй гэсэн шүүмжлэл арилж, шударгаар хэргийг шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзжээ.

Шүүмжлэл арилж, шударгаар хэргийг шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзжээ

Бүлэглэн болон урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэсэн тодорхойлолтыг өөрчилж, хамтран оролцогч буюу зохион байгуулагч, захиалагч, хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэсэн томъёоллын заримыг нэгтгэх, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн тохиолдолд хуулийн төсөлд заасан ялын төрөл хэмжээ, хязгаарын хүрээнд илүү чанга ял оногдуулдаг байх бодлогыг баримталсан аж.

Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт явдлын шалтгаан байх ёсгүй байдлыг харгалзан сонгон хэрэглэх боломжтой хянан харгалзах арга хэмжээ болох тэнсэж хянан харгалзах, хүмүүжүүлж хянан харгалзах, эмчилж хянан харгалзах, хүүхдэд хүлээлгэх хариуцлагын төрлийг шинээр хуулийн төсөлд тусгасан байна.

Зөрчлийн тухай хуулийн төсөл 16 бүлэгтэй бөгөөд хуулийн төслийн Ерөнхий ангид зарчмын шинжтэй зүйлүүдийг Гэмт хэргийн тухай хуулийн ерөнхий ангитай уялдуулан тусгажээ.

Зөрчлийн шийтгэл нь “торгох”, “эрх хасах” гэсэн хоёр хэлбэртэй байхаар хуулийн төсөлд заажээ. Торгох шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээг харгалзан хувь хүнд арваас арван мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдэд таван зуугаас тавин мянган тооцооны нэгжтэй тэнцэх төгрөг байхаар тусгах бол эрх хасах шийтгэл нь зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдийг тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл тодорхой эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлах, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгах юм байна.

Хуулийн төсөлд албадлагын арга хэмжээг орлого, эд зүйл хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, эд зүйл, хэрэгслийг орлуулан хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх, нийтэд тустай ажил хийлгэх гэсэн зургаан төрөлтэй байхаар тусгажээ.

Хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Хуралдаанд оролцсон гишүүд гүтгэх, танхайрах, тэсрэх, дэлбэрэх бодисыг хадгалах, тээвэрлэх зэргийг гэмт хэрэг гэдгээс хасан зөрчилд тооцохоор хуулийн төсөлд тусгасан талаар тодруулан асууж байлаа. Мөн хүүхэд шийтгэх, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авах, цагаачлах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд оруулж тооцсон учрыг тайлбарлахыг Хууль зүйн сайдаас хүссэн.

Сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, хуулийн байгууллагад хуурамч мэдүүлэг өгсөн бол гүтгэсэн гэмт хэрэгт тооцогдон зохих шийтгэлээ хүлээх бөгөөд хэвлэл мэдээллийг хэрэгслээр таамаглаж буй зүйлийнхээ талаар үзэл бодлоо илэрхийлсэн бол гүтгэсэн хэмээн үзэхгүй юм байна. Хүүхэд шийтгэх гэдгийг аав ээж нь хүүхдээ загнах зандрах гэж ойлгож болохгүй гэж сайд хэллээ. Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн багш, насанд хүрэгчид хүүхдэд хүсэл зорилгоо тулган, түүнийгээ шийтгэх байдлаар гүйцэлдүүлэх явдал гарах болсон тул ийм зүйлчлэлийг төсөлд оруулж өгсөн юм байна. Хууль бусаар халамж үйлчилгээ авах үйлдэл нь нэг төрлийн залилангийн хэрэг бөгөөд үүнээс болж бусад хүмүүсийн эрх ашиг хохирч байдаг гэж тэрбээр мөн тайлбарлалаа.

Дээрх хоёр хуулийн бүх зүйл, заалт нь хүний хувь заяатай холбоотой учир тодорхой хугацаа гарган, мэргэжлийн хүмүүстэй судалж үзэх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлж байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээс өмнө ажлын хэсэг гарган нягтлан үзэх хэрэгтэй гэсэн санал гаргасан ч дэмжлэг аваагүй.

Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ шийдвэр дэмжигдвэл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзэж байлаа