Б.Алтантуяа: Эрүүдэн шүүгчтэй хариуцлага тооцдоггүй
Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 ТББ Мөрдөн байцаах албыг татан буулгасантай холбогдуулан УИХ-д хандан гаргасан асуулгад УИХ-ын байнгын хороо хариу өгсөн юм.
УИХ-д хандан гаргасан асуулгад уг шийдвэр нь ОУ-ын гэрээ конвенцэд нэгдэж байгаа эсэх, хараат бус үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, мөн мөрдөн байцаах албанд 10 гаруй жилийн турш зориулсан хүний нөөц, техникийн хөрөнгө оруулалт, АТГ, цагдаагийн байгууллагад шилжиж байгаа эсэх, мөн камер байрлуулсан эсэхийг тусгасан байна. Харин УИХ-ын байнгын хорооны хариу тодорхой бус гэж ТББ-ууд үзэж байна.
“Монголын Эмнест интернешнл” ТББ-ын захирал Б.Алтантуяа: “Эргээд энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаад эхэлнэ гэдэг бол аль ч талаасаа бодсон хараат бус байдалд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг хуулиар бий болгосон. Энэ бол прокурорын дэргэдэх, прокурорын хараат гэсэн үг биш. Гэтэл яг энэ үндэслэлээр олон нийтийн санал асуулгаар хүмүүс эргэлзэж байгаа учраас энэ тогтоолыг гаргасан гэж тайлбарлаж байгаа нь эргээд өөрөө яг ямар олон нийтээс гаргаж байгаа юм бэ гэдэг асуудлыг бидний өмнөөс тавьж байгаа.”
Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан судалгаанд эрүүдэн шүүхтэй холбоотой гэмт хэргийн 90 гаруй хувь нь цагдаагийн байгууллагын ажилтантай холбоотой байдаг нь тогтоогджээ. Эрүүдэн шүүхийг дэлхий даяар хориглодог боловч өнөөдөр манай улсад энэ байдал байсаар байгааг олон улсын ТББ-ууд хэлж байна. Байнгын хорооноос өгсөн хариуг ТББ-ууд хэлэлцэж байр сууриа илэрхийлнэ гэлээ.
Мөн Б.Алтантуяа хэлэхдээ: “Яагаад гарсаар байна вэ гэдэг дээр маш сайн ярилцаж, ярьж байх ёстой. Нэгдүгээрт, эрүүдэн шүүгчтэй хариуцлага тооцохгүй байна. Ингэснээрээ буцаад энэ хэргийг өөгшүүлж, хариуцлагаас мултарсан хүмүүс эргээд энэ гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэх нөхцөлд хүргэж байна” гэсэн юм.
Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 1992 онд прокуророос ЦЕГ-т шилжүүлж, буцаагаад 2002 онд Улсын прокурорын дэргэд шилжүүлжээ. Тус мөрдөн байцаах албын үндсэн хоёр албын нэг нь эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа байсан юм.