“Нэгэнт ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байхад Р.Амаржаргал шиг хүчээр авч үлдэхгүй болов уу”
МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан
2014.05.05

“Нэгэнт ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байхад Р.Амаржаргал шиг хүчээр авч үлдэхгүй болов уу”

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, гишүүд байр сууриа нэгтгэсэн байна.  Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Бүлгийн гишүүдийн үзэж буйгаар Ашигт малталын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарал татсан чухал хууль аж. Тиймээс МАН-ын бүлэг  энэ хуулийг орон нутгийн иргэдийн оролцоотой болгох, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарсан, шийдэл гаргасан хуулийн төсөл хэмээн үзэж судалсан ч бүрхэг хууль өргөн мэдүүлсэн гэдгийг тус намын бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон юм.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан "Төсвийн мөнгөөр нөөцийг нь тогтоосон хайгуул хийсэн бол 51, 34 хувиас дээшхийг төр эзэмших ёстой гэсэн заалт байсан ч 34 хүртэл гэж өөрчилсөн. Ингэж тодорхойгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тодорхой бус, ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Тиймээс зарим заалтыг тодорхой болгох, тогтвортой байхаар УИХ нухацтай хэлэлцэх ёстой гэсэн байр суурьт тус бүлгийн гишүүд хүрчээ. Тиймээс дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн бусад асуудал дээр ажлын хэсэг байгуулахаар болжээ.

МАН-ын зүгээс эдийн засгийг хүндрүүлсэн зарим сайд нартайгаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шаардаж байгаа

Мөн энэ өдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх төсөлийн талаар ярилцсан байна. МАН-ын бүлгийн гишүүд  эрх баригчдын зүгээс манай улсын эдийн засаг тогтвортой байгаа хэмээн мэдэгдэж байсан ч одоо эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар ярьж байгаа нь тэд бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдож байгаа аж. Манай улсад эдийн засаг хямралд орсон нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс МАН-ын зүгээс эдийн засгийг хүндрүүлсэн зарим сайд нартайгаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас шаардаж байгаа ажээ. Хэрэв шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох юм байна.

Үүнээс  гадна  МАН-ын бүлгээс Х.Баттулга сайдын асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Х.Баттулга сайд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн. Нэгэнт ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байхад Р.Амаржаргал гишүүн шиг хүчээр авч үлдэхгүй байх.  Ийм шийдвэрийг УИХ хүчээр гаргахгүй байх" гэсэн юм