Боловсрол,Шинжлэх Ухааны сайд эрдэмтэдтэй уулзлаа
2012.08.27

Боловсрол,Шинжлэх Ухааны сайд эрдэмтэдтэй уулзлаа

 
Монголчууд хэзээнээсээ эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж ирсэн бөгөөд үүний тод илэрхийлэл нь Хувилай цэцэн хаан 1273 онд төрийн бодлого боловсруулахад зөвлөх үүрэг бүхий Бичгийн мэргэдийн хүрээлэнг, Богд хаант Монгол улсын засгийн газраас Монголыг судлах газрыг, Ардын засгийн газраас 1921 онд эх орны байгаль, түүх соёлыг судлах үүрэгтэй төрийн яамны зиндаатай Судар бичгийн хүрээлэнг, 1961 онд орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой Шинжлэх ухааны Академийг тус тус байгуулан ажиллуулж байснаас харагддаг.
2012 оны 08-р сарын 24 ны өдөр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон яамны бусад төлөөлөгчид Шинжлэх ухааны Академи түүний салбар Хөдөө Аж Ахуйн Академи, Анагаах Ухааны Академи болон харьяа хүрээлэнгийн эрдэмтэн судлаач нартай уулзлаа. Уг уулзалтанд эрдэмтдийн зүгээс Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдал болон тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэх тодорхой арга замын талаар сайдад танилцуулан харилцан санал солилцлоо.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний байгууллагуудын лабораторын чадавхи төдийлөн сайжраагүй хэдий ч, гадаад хамтын ажиллагааны үр дүнд хүний нөөцийн чадавхи мэдэгдэхүйц дээшилсэн нь нэг гол ололт юм.
Монгол улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр баталж хэрэгжүүлэх арга хэмжээ авч байгаа боловч, төсвийн санхүүжилт, түүний дотор хөрөнгө оруулалт хэтэрхий бага, тогтвортой бус байгаагаас  шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил удаашралтай байгаа. Шинжлэх ухаан, технологийн чадамж нь олон жилээр хуримтлагдан өсөх замаар дээшилдэг зүй тогтолтой болохоор  сүүлийн  жилүүдэд баримталж байгаа “мөнгөтэй болохоороо дэмжих” гэдэг бодлого нь зарчмын хувьд туйлын буруу, улс орны хөгжлийн ирээдүйд халтай болох нь харагдаж байгаа юм.
Уулзалтын үеэр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлэхдээ Монгол улсын Шинжлэх ухаанд зарцуулж байгаа санхүүжилт хангалттай гэдэгт би санал нийлэхгүй байна. Эрдэмтдийн эрдэм шинжилгээний зардалд бид мөнгө зарах хэрэгтэй, тэгэж байж бид үр дүнг нь гаргах юм. Та бүхэн хийсэн ажилаа Монголчуудад таниулах хэрэгтэй байна. Шинжлэх ухааны академи болон түүний харьяа хүрээлэнгүүдийг их сургуультай механикаар нийлүүлэх нь учир дутагдалтай бөгөөд харин түүний оронд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн хамтран ажиллах нь зөв юм. Тэрээр уулзалтын төгсгөлд эрдэмтдээ дэмжин ажиллахыг дурьдаад шинжлэх ухаанд тулгарч буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар өргөн оролцоотойгоор хэлэлцүүлэг өрнүүлэн, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх саналын хамт ойрын үед БШУЯ-д хүргүүлэхийг ШУА-ийн удирдлагууд болон эрдэмтдэд үүрэг болгов.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.