Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, эрт оролцох өдрийг таниулах мэдээлэл хийлээ
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 281 тоот тогтоолоор 5 дугаар сарын 13-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох, эрт оролцох өдөр болгохоор болсон.
Энэ өдрийг тохиолдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Эрт үеийн оношилгоо, оролцооны газар хамтран хөгжлийн бэрхшээлийг эрт үед оношлох эрт оролцохын ач холбогдлыг хүн амд ойлгуулах, таниулах ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа нар оролцлоо.
Дэлхий дээр жилд дунджаар 130 сая хүн шинээр мэндэлж байгаагийн 7,6 сая нь төрөлхийн гаж хөгжилтэй төрж, 3,2 сая нярай нас барж, 3,6 сая нярай хөгжлийн бэрхшээлтэй үлдэж байна. Тиймээс хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт үед илрүүлэх, эрт үед оролцох, түүнээс сэргийлэх шаардлагатай байна.
Мөн энэхүү өдөртэй холбогдуулан "Хөгжлийн хоцрогдлын эрт илрүүлэлт, оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Цаашид хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт үед нь сэргээн засах, эмчлэх, тэдний гэр бүлд мэргэжлийн зөвлөгөө өгөх, орон нутгийн сэргээн засалтын нэгжүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг ажлын зохион байгуулж ажиллах юм.