Бизнес эрхлэгчид, ажил олгогч мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар нар өнөөдөр / 2014.05.12 / бизнес эрхлэгчид, ажил олгогч мэргэжлийн холбоодын төлөөлөгчидтэй уулзан, санал солилцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь ажил олгож байгаа гол хүмүүс болох бизнесийн төлөөлөл, мэргэжлийн холбоодын гаргасан санал ажлын хэсгийн дүгнэлтэд орж, төр засгийн бодлогод тусгагдах учиртайг онцлоод, иргэдийн амьжиргааг хэрхэн сайжруулах, цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх боломж байгаа талаар харилцан санал солилцов.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар нар өнөөдөр / 2014.05.12 / бизнес эрхлэгчид, ажил олгогч мэргэжлийн холбоодын төлөөлөгчидтэй уулзав
Хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын төлөөлөлүүд олон чухал санал хэлж, УИХ, Засгийн газраас зөв шийдвэрүүд гарч байгаа хэдий ч яам, агентлаг хэрэгжүүлэх түвшиндээ төдийлөн сайн ажиллахгүй, хүнд суртал гаргасаар байна хэмээн шүүмжилсэн. Мөн нийгмийн даатгал болон НӨАТ-ын тогтолцоог боловсронгуй, уян хатан болгохгүй бол хувийн хэвшлийнхэнд цалин нэмнэ гэдэг маш хүндрэлтэй асуудал болоод байгааг дуулгалаа.Түүнчлэн төрийн албаны 200 гаруй мянган хүн л төрийн дэмжлэг тусламжийг хүртэж, харин жирийн гуталчин, талхчин, инженер хүмүүст ямар нэгэн дэмжлэг, төрийн бодлого хүрдэггүй тухай УИХ-ын гишүүдэд хэлж байлаа.
Ийнхүү бизнес эрхлэгчид, ажил олгогч мэргэжлийн холбоодын төлөөлөгчдийн гаргасан чухал саналуудыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусган байнгын хорооны гишүүдэд танилцуулах юм