Төсвийн орлого 300 тэрбумаар тасраад байна.
2014.05.08

35 тэрбумыг төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулна

Засгийн Газар 2014 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа. Урсгал зардлыг 10-30 хувиар танаж, хэмнэсэн мөнгөөрөө төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болжээ. Харин орон тоогоо хэмнэ гэсэн УИХ-ын даалгаврыг Засгийн Газар биелүүлсэнгүй.

Эдийн засагт үүссэн орлогын хүндрэлтэй холбогдуулан төсөвт тодотгол хийх нь зайлшгүй гэж үзжээ. 2014 оны төсвийн орлого эхний дөрвөн сарын байдлаар 300 тэрбум төгрөгөөр тасраад байгаа нь орлогыг дахин тооцох үндэслэл болсон байна. Сангийн сайдын өргөн барьсан төслөөр төсвийн байгууллагын урсгал зардлыг 10-30 хувиар хасч 40 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа бол үүнээс 38 тэрбумыг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулах юм байна. Харин Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн яамны төсөв 40-77 тэрбумаар өссөн нь барилга захиалагчдын албадыг яамдаас татан буулгаж төвлөрүүлсэнтэй холбоотой.

УИХ-ын гишүүн, төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга  Ж.Эрдэнэбат:

Бараа, үйлчилгээний зардал гэхээр нөгөө л цахилгаан, халаалт зэрэг орно. Цэцэрлэг, эмнэлэг, сургууль зэрэг төрийн байгууллагуудын бараа, үйлчилгээний зардлын хувьд сүйдтэй их зардал байхгүй. Хамгийн том зардал гэрэл, ус, халаалт дээр гардаг. Хэрэв үүнийгээ 10-30 хувь таначихвал байгууллагуудын хэвийн ажиллагаа алдагдах аюултай.

2014 онд 180 150 –д хүрчээ. Сангийн яам ийм тоо гаргасан бол Төрийн албаны зөвлөл 169 448 гэсэн зөрүүтэй тоо хэллээ.

2012 онд 161 мянга байсан төрийн албан хаагчдын тоо 2014 онд 180 150 –д хүрчээ. Сангийн яам ийм тоо гаргасан бол Төрийн албаны зөвлөл 169 448 гэсэн зөрүүтэй тоо хэллээ. 2008-2010 онд Засгийн газрын есөн яам 77 газар, 25 хэлтэс, 872 албан хаагчтай байсан бол 2012 онд яамдын тоо 16 болж, өнөөдөр 98 газар, 85 хэлтэс, 1549 орон тоотой ажиллаж байна.

2012 онд 43 агентлагт  3773 албан хаагч ажиллаж байсан бол 2014 онд 43 байгууллагад 3978 орон тоо байна.

2012-2013 онд 11 мянган төрийн албан хаагч өөрийн хүсэлтээр болон өөр ажилд орсонтой холбоотой 15 тэрбум төгрөгийн нөхөн олговор төсвөөс гарчээ.

УИХ-ын гишүүн, “Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоол” хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт:

Төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах, мөн ЖДҮ-ийг дэмжих ажлын хүрээнд зээлийн батлан даалтад зориулах хөрөнгө бүрдүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны орлогын хэмжээг зургаан их наяд 883 тэрбум 900 сая буюу ДНБ-ий 33,6 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг долоон их наяд 293 тэрбум 900 сая буюу ДНБ-ий 35,6 хувьтай тэнцэж байхаар баталж байв.