Нүүрсний үнийг Засгийн газар өөрөө унагасан уу?
-Л.Гансүхийн тухайд гадагшаа эмчилгээнд явсан-
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас “Чалько” компанитай хийсэн гэрээний асуудлыг тодрууллаа.
УИХ-ын гишүүн МАН-ын дарга М.Энхболд
"Экспортын бүтээгдэхүүний үнэ 10-20 хувь буурсан, нүүрсний экспортын хэмжээ багссан гэж бичсэн байна. Нүүрсний үнэ хэнээс болж буурсан юм бэ? Өөрсдөө буулгасныгаа дэлхийн зах зээл дээр буурчихсан юм шиг төсвийн тодотголын танилцуулга даа бичиж орж ирж болж байгаа юмуу." гэсэн.
Мөн Тэрбээр "Нууцын зэрэглэлтэй болчихсон гээд байгаа. Цалин, тэтгэвэр яаж нэмэх гэж байна вэ? Засгийн газар цалин тэтгэвэр нэмэхдээ их нуудаг болоод байгаа. Сарын өмнө ашигт малтмалын нөөц ашигласны хувь хэмжээг багасгасан. Үүнээс бол төсвийн орлого 60 тэрбум төгрөгөөр буруулж тооцож оруулж ирж байгаа. Энэ роялтыг 2,5 болгох нь буруу гэж хэлсээр байтал 60 тэрбумын орлогыг олонхоороо түрүү бариад алдсан. Та нөхдийн энэ оруулж ирж байгаа бодлогууд яаж уялдаж явж байна вэ?" хэмээн асуусан юм.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү
"үнэхээр Чалько компанитай Ерөнхий сайд гэрээ хийсэн юмуу. Үнэнээ хэлээ. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гадаадад зугатсан тухай өнөөдөр мэдээлэгдсэн. Энэ талаар тайлбар өгөөч" гэсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулав:
“Чалько” компаниас 370 сая ам.доллар урьдчилж аваад, 250 сая ам.долларыг нь Хүний хөгжил санд хуваарилж, 21 мянга болж тараагдсан. Одоогийн байдлаар “Чалько”-д төлөх өрийнхөө 200 гаруй сая ам.долларыг төлсөн, үлдэж байгаа 130 сая ам.долларыг энэ зундаа төлж дуусгана. Үнийг унагаачихсан гээд худлаа хэлээд байгаа. Хятадын дөрвөн боомт дээр байгаа нүүрсний үнийн дунджаар өгч авах гэрээ хийсэн юм билээ. Тэр үедээ 70 хэдээр хийсэн, одоо 30 хэд болсон уу гэвэл үнэн. Дөрвөн биржийн дундаж үнээр авсан үнэ явж байгаа. Эргэлзээд байвал гэрээг нь аваад үзчих, бүгд бичиг үсэгт тайлагдсан биз дээ. Нүүрс тээвэрлэлт зургаан сар зогсоогүй, 2 сар гаруй зогссон. Ийм бодитой юмаа ойлголцоод цэг тавиад хаячих л даа.
Л.Гансүхийн тухайд гадагшаа эмчилгээнд явсан. Өнгөрсөн жилийн турш Н.Алтанхуягаар оролдсон, энэ жил зөвлөх рүү орж байна. Уг нь бол нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрч байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож бууруулсан.
Энэ чинь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн. Засгийн газраас хийж байгаа бүх юмыг муухай, эсвэл Н.Алтанхуягийн хавь ойрынхон иддэг гэдэг хэл аманд оруулж байна. зөвлөх н.Батмөнхийг байцаагаад таньдаг компанидаа тендэр олгосон гээд баахан шуугиулсан. Засгийн газар уг нь мөнгө идэхийн тулд биш ард түмнийхээ төлөө л ажиллаад байгаа юм шүү дээ. Авлигатай тэмцэх газартай холбоотой холбоотой хоёр өгүүлбэр хэлсэн. Юм л бол “Цагдана хорино” гэж айлгадаг. Цагдаагийн байгууллагад би “Аж ахуйн нэгжийг шалга” гэж хэлээгүй. Гэтэл ийм ийм схем яваад байна. Болохгүй шүү дээ гэлээ.