2012.05.03

Л.Гантөмөр: Эвгүй үнэр ханхалсан, сэжигтэй тоо байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний Статистикийн хорооны өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг сонссон юм. Мэдээлэл дотроос Монгол Улсын ядуурлын түвшин нэг жилийн дотор 10 хувиар огцом буурсан нь гишүүдийн анхаарлыг татсан юм. Монголд ядуурлын төвшин 2001-2002 онд 36,1, 2007-2008 онд 35,2, 2009 онд 38,7, 2010 онд 39,2 хувьтай гарч  байсан  бол  2011  онд огцом буурч 29,8 хувь болсныг гишүүн Л .Гантөмөр "Эвгүй үнэр ханхалсан сэжигтэй тоо байна" гэсэн юм. Л.Гантөмөр гишүүн "Ядуурал 10 хувиар буурсан юм бол жижиг, дунд үйлдвэр хөгжсөн үү. Хүнд суртал, гааль, татварын дарамт алга болсон уу. Энэ бүгд хэвээрээ байгаа бол 29 хувь гэсэн тоог улс төрийн ухуулга гэж үзэхээс аргагүй. Яагаад ядуу байсан хүн ядуу биш болчхов гэдгийг гаргаж өгөх хэрэгтэй" гэж байв.


Харин Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан өмнөх жилүүдэд ядуурал их байсныг зудтай холбон тайлбарлав. Тухайлбал 2010 он их зудын жил байж, манай улсын нийт мал сүргийн 25 хувь нь хорогдсон аж. 20 гаруй мянган малчин өрхийн амьдралд цохилт болсон жил байлаа хэмээсэн юм. Харин өнгөрсөн  жилийн   тухайд  өрхийн орлого 557 мянга, мөнгөн орлого 505 мянган төгрөг болж, урьд өмнөхөөс 28 хувиар нэмэгдсэн сайн талтай гэнэ. Мөн инфляцийг ч нэг оронтой тооноос илүү гаргалгүй барьж чадсан аж. Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Буд ДНБ-ний өсөлт ийм өндөр байхад иргэдийн амьдрал өөдлөхгүй байгааг сануулав. Тэрбээр манай улсын ДНБ-ний хэдэн хувь. гадагш гарч, статистик мэдээлэлд хиймлээр нөлөөлөөд байгааг асуусан ч хүссэн хариултаа сонс ч чадсангүй. С.Мэндсайхан дарга болон түүний ажилтнууд "дараа мэдээлье" гэдэг үгээр "аргалаад" өнгөрсөн юм. Байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь махны хангамж, нийлүүлэлтийн одоогийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Н.Баянмөнхийн өгсөн мэдээлэл байв. Энэ үеэр нөөцийн махны нийлүүлэлт муу, үнэ өндөр байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Манай улс жилдээ 200 орчим мянган тонн мах бэлтгэдгийн 10 хувийг гадаад зах зээлд нийлүүлж, бусдыг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг байна. Гадаад зах зээл рүү гаргаж байгаа махны ихэнх хувийг ОХУ руу нийлүүлдэг бөгөөд дэвшилттэй нь өртөг шингэсэн, боловсруулсан махан бүтээгдэхүүн багагүй байгаа аж. Тухайлбал шар айрагны даруулга болгох хатаасан мах зэрэг нь гадаад зах зээлд нэлээд эрэлттэй болсон байна. Цаашдаа ч нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах бодлого баримталж байгаагаа дэд сайд Н.Баянмөнх хэлж байв. УИХ-аас баталсан Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хууль ирэх сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Гэхдээ энэ үеэс эхлээд мах, сүү, ноос, ноолуур гээд малын гаралтай бүтээгдэхүүнүүд бирж дээр гарна гэсэн үг биш аж. Учир нь манай улсын онцлог, тархай бутархай суурьшилтайгаас үүдэж биржийг ажиллуулахад бэлтгэл хангах шаардлагатай байгаа аж. Тухайлбал бирж дээр арилжаалагдах хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийн үндэсний стандартыг батлах ёстой гэнэ. Харин гишүүд сүүлийн саруудын инфляцын 90 хувь махнаас үүдэлтэйг салбарын яаманд сануулсан юм. Мөн долдугаар сарын 1 хүртэл нийслэлийн махны хангамжид онцгой анхаарахыг ч зөвлөсөн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.