С.Ганболд: Үндэсний даатгалын корпорацийг байгуулчихаад 3-5 жилийн дотор хувьчилж болно
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболд
2014.04.25

С.Ганболд: Үндэсний даатгалын корпорацийг байгуулчихаад 3-5 жилийн дотор хувьчилж болно

Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга С.Ганболдтой ярилцлаа.

-Манай хувийн даатгалын компаниуд экспортын даатгал хийж чадахгүй гэж үү.  Төр үндэсний даатгалын корпорацийг бий болгоно гэх юм. Хувийн компаниуд чадавхигүй байна гэсэн үг үү?

Манай даатгалын компаниуд экспортын даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулж хараахан чадаагүй байгаа. Энэ төрлийн даатгалыг хийхэд андоррайтер эрсдлийн тооцооллыг маш сайн хийх ёстой. Тиймээс төрийн зүгээс эхлээд экспортыг дэмжих зорилгоор Засгийн газраас шийдвэр гаргаж, үндэсний даатгалын корпорацийг байгуулахаар болсон.

Эхлээд тус корпораци Санхүүгийн зохицуулах хорооноос ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч бүртгүүлнэ. Энэ хүрээнд цэвэр экспортыг дэмжсэн, импортын бүтээгдэхүүн орлохыг дэмжсэн арилжааны даатгалыг хийнэ гэдгээр зөвшөөрөл авах боломжтой. Түүнээс биш төрөөс байгуулах корпораци нь хувийн хэвшлийн арилжааны даатгалын компаниудын зах зээлийг буцаалдах гээгүй гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Том төрөөс ухаалаг төрийг үүсгэнэ гэсэн санаачлагыг хүн бүр дэмжиж байгаа. Энэ үед төрийг томруулсан компани нэмэх нь хэр зохистой вэ. Зарим оронд эхлээд төр нь үндэсний даатгалын корпорацийг байгуулчихаад дараа нь хувьчилдаг юм билээ. Манайх ийм боломжтой юу?

Үндэсний даатгалын корпорацийг байгуулчихвал 3-5 жилийн дотор хувьчилж болно. Төрийн дэмжлэгтэйгээр байгуулагдаад үйл ажиллагаа нь тогтворжиж, ашигтай болоод ирвэл заавал төр эзэмших шаардлагагүйгээр хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэсэн. Гадны туршлагыг харахад ч гэсэн үндэсний даатгалын компани болон давхар даатгалын компанийг төр байгуулаад 4-5 жилийн даруу хувьд шилжүүлдэг туршлагатай.

- Даатгалын үйлчилгээ манай иргэдийн тархинд сайн сууж чадаагүй, санхүүгийн мэдлэг дутмаг байна гэдгийг мэргэжилтнүүд ярьдаг?

Даатгал нь сайн дурын болон албан журмын хоёр төрөлтэй хийгдэж байна. Албан журмыг хуулиар зохицуулсан бөгөөд одоо зөвхөн тээврийн хэрэгсэлд ашиглаж байгаа. Цаашид мэргэжлийн хариуцлага үүрэх ёстой эмч, өмгөөлөгч, шүүгч, нотариатч, хуульчийг даатгалтай болгоно.  Эдгээр мэргэжлүүд нь бусдын амь нас, эд хөрөнгөд санаатай болон санаатай бус хохирол учруулж болзошгүй хариуцлагыг даатгана гэсэн үг. Харин энэхүү даатгалын хоёр янзаар хэрэгжих боломжтой гэж харж байгаа.

Нэг нь хуулинд зааж оруулах, нөгөөх нь бие даасан хууль гаргахгүйгээр лиценз авах шаардлагад нь заавал даатгуулсан байх гээд заагаад өгчихөж болж байгаа юм. Учир нь эмч, барилга, шүүгч нар тусгай зөвшөөрөл авдаг шүү дээ.  Хууль гаргаж сайн дураараа очиж даатгуул гэж гуйснаас зөвшөөрөлд нь тусгаад өгөх нь хамгийн зөв.

-Даатгалын компаниудын өрсөлдөөн ямар хэмжээнд байна вэ.  

Даатгалын компаниуд зардлаа өсгөж, үйл ажиллагаагаа тэлэх хэрэгтэй. Чадавхийг нь сайжруулахын тулд төрөөс хувь нийлүүлсэн дүрмийн санг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа. Өнөөдөр даатгалын компаниуд 2 тэрбум 400 сая төгрөгний дүрмийн сантай байгаа үүнийг  2016 он гэхэд 5 тэрбум болгоно гэсэн зорилт тавьсан. Тэд бусдын эрсдлийг үүрэхийн тулд санхүүгийн чадавхитай байх ёстой.

-Даатгалын салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ?

Мэргэжлийн боловсон хүчин. Даатгалын бүтээгдэхүүн гаргах нь эрсдлийн тооцооллыг маш сайн хийх ёстой гэсэн үг. Тухайлбал мэргэжлийн актуарчид байх ёстой. Манайд энэ талын мэргэжил дутагдалтай. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн актуарчид байхгүй. Одоо бол анхны мэдэгдэхүүнтэй хүмүүс л ажиллаж байна. Үүнээс гадна шинээр даатгалын бүтээгдэхүүн гаргах, шинэ гэрээ хийх эрсдлийг тооцох андоррайтер байхгүй адил байна. Тэгэхээр цаашид мэргэжлийн хүмүүсийг бодлогоор бэлдэж, сургаж, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.

-Гадны оронд гар утсаа хүртэл даатгуулдаг. Манайд ийм боломж байгаа юу?

Даатгалын компаниуд хувь хүн иргэдэд чиглэсэн даатгалын бүтэгэдэхүүнийг гаргахад хүчин чармайлт, зардал гаргах хэрэгтэй. Уламжлалт даатгалаа хийгээд байвал хөгжихгүй. Үүнд нь төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх бодлогын арга хэмжээг хийх хэрэгтэй.

Даатгалын компаниуд нөгөө талаас ард иргэдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллахын тулд иргэдийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах шаардлагатай.

Таны хэлдгээр гар утсаа даатгуулвал нөхөн төлбөрөө авах боломжтой байна гэдгийг иргэд ойлгосон цагт даатгуулна. Тэгэхээр компаниуд энгийн хялбарчилсан байдлаар ойлгуулах хэрэгтэй.

 Ярилцсанд баярлалаа.