Ч.Улаан: Даатгалын салбарт өргөн боломж бий
Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.
-Өдгөө даатгалын салбар манай улсад үүсээд наян жил болжээ. Танай яамны зүгээс энэ салбарын бодлогыг барьдаг. Өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэдэг вэ?
Өнөөдөр манай улсын даатгалын салбарт 17 компани үйл ажиллагаа явуулж байгаа нь нийт зах зээл дээр 120,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувьтай тэнцэх хэмжээнд хөгжиж байгаа нь энэ салбарт өргөн боломж буйг харуулж байна.
Гэвч цаашид даатгалын хэрэгцээ шаардлага ашиг тусыг иргэддээ ойлгуулах, тэдний эрх ашгийг хамгаалах, даатгалын хамрах хүрээг улам тэлэх зэрэг бодлогын асуудлууд тавигдаж байна. Мөн энэ нь даатгалын салбарт ажиллагсдаас илүү их шаардлагыг тавихад хүргэж буй.
-Даатгалын салбарт ямар бодлого баримталж байгаа вэ?
Монгол улсын засгийн газраас банк санхүүгийн салбар, тухайлбал даатгалын салбарт олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Үүнд санхүүгийн салбарын шинэтгэлийг бодит секторт оруулах, тухайлбал уул уурхайн бус эдийн засгийн бусад салбар жижиг дунд бизнесийн өсөлтийг дэмжих, хувийн даатгалын ба хөрөнгө оруулалтын сангууд, хувийн тэтгэврийн сан болон зээлийн батлан даалтын тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр орчин үеийн санхүүгийн өрсөлдөөнт орчныг бий болгохоор зорьж байна.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль эцсийн шатандаа орчихсон байгаа. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?
Эрүүл мэндийн даатгалын санг бие даалган, хувийн даатгалын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Эдийн засаг санхүүгийн урт хугацааны санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлуулах, давхар даатгалын компанийг байгуулан цаашид үндэсний хэмжээний давхар даатгалын компани болгон өргөжүүлэн зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.
Мөн арилжааны даатгалын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэнийг хэлэхэд таатай байна.