Тавдугаар цахилгаан станц ашиглалтад ортол нийслэлчүүд тог, дулаанаар гачигдахгүй гэв
Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй холбогдох албаныхан гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл болон Амгалан дахь дулааны станцын барилгын ажилтай танилцлаа.
Амгалан дулааны станцыг барих ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлжээ. Тус станц ашиглалтад орсноор 100 мянга гаруй өрхийг дулааны найдвартай эх үүсвэрээр хангах гэнэ. Станцын суурийн ажил дуусах шатандаа орж, зарим тоног төхөөрөмж нь суурилуулахад бэлэн болжээ. Гурван зуух бүхий Амгалан дулааны станцын эхний ээлж нь ирэх аравдугаар сард ажиллаж эхлэх бол энэ оны төгсгөл гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах аж.
Ингэсэн тохиолдолд Баянзүрх дүүргийн дулааны хэрэгцээг хангаад зогсохгүй төвийн дулаан хангамжинд илүүдлийг нь нийлүүлэх юм байна. Түүнчлэн 80 гаруй нам даралтын зуух галлах шаардлагагүй болох юм.байна. Албаны хүмүүсийн хэлснээр “ТЭЦ- 4”-өөс гарсан дулаан Амгалан хавьд иртлээ 25 км зам шугам хоолойгоор дамжин, зургаагаас найман цаг болдог учраас халаалт маш муу байдаг гэнэ.
Амгалан дулааны станцыг барих ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлжээ
Сайдыг дагалдсан хүмүүс Амгалангаас гараад “ТЭЦ-3” болон “ТЭЦ-4” станцуудад хийж буй өргөтгөлийн ажилтай танилцлаа. “ТЭЦ-3” дээр өргөтгөл хийснээр 50 МВт цахилгаан нэмж үйлдвэрлэх юм. Өргөтгөлийн ажил төслийн хуваарийн дагуу ямар нэг хүндрэлгүй явагдаж байгааг гуравдугаар цахилгаан станцын гүйцэтгэх захирал Д.Чимиддорж онцолж байлаа. Тэрээр “Үйлдвэрлэлийн ажил өнгөрсөн есдүгээр сард дууссан, турбин генераторуудаа суурилуулах ажил мөн дуусах шатандаа орсон. Одоогоор үндсэндээ тохируулгын ажил л үлдсэн.
Өргөтгөл хийгдсэнээр 4500 гаруй байрыг дулаанаар хангах боломжтой. Ирэх сарын 25 гэхэд өргөтгөлийн турбин генераторууд ажиллаж эхэлнэ. Энэ жил 177 сая киловатт цаг хүртэл үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр нэг тэрбум 600 сая төгрөгийн ашигтай ажиллах төлөвлөгөөгөө хүртэл баталсан” гэв.
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн “Улсын төсвийн болон Хөгжлийн банкны 70 сая ам.долларын санхүүжилтээр хийгдэж буй Дөрөвдүгээр цахилгаан станцын 120 МВт өргөтгөлийн ажил амжилттай хэрэгжиж байна. Ерөнхий инженер ОХУ-ын Уралын трубин цехээс турбинээ хүлээн авахаар явсан. Графикийн дагуу ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орсноор 123 МВт цахилгаан 188 килокалори дулаан нэмж үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Манай өргөтгөл гуравдугаар цахилгаан станцын дайны гэсэн үг” гэлээ.
“ТЭЦ-3” болон “ТЭЦ-4” станцуудад хийж буй өргөтгөлийн ажилтай танилцлаа.
Эрчим хүчний салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар Эрчим хүчний сайд М.Сономпил “ Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл болон Амгалан дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл дулааны 588 ккал, цахилгааны 170 МВт-ын эх үүсвэр нэмэгдэж байна гэсэн үг. Тодруулбал энэ ондоо багтаад “ТЭЦ-4” 120 МВт, “ТЭЦ-3” 50 МВт-аар цахилгааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ.
Энэ нь ойрын гурваас таван жилдээ нийслэлчүүд дулаан, цахилгааны гачигдалд орохгүй буюу Дарханы ДЦС-ийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний өргөтгөл хийгдэж байна гэсэн үг. Тавдугаар цахилгаан станц барих асуудлаар манай яам, Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөллүүдтэй хэлцлүүд хийж байна. Энд зөвхөн станц барих, барихгүйн тухай асуудал бус хөрөнгө оруулалт, нэг квт цахилгааны үнэ, байгаль орчны үнэлгээ зэрэг дагалдах долоон гэрээ хийх учраас жаахан удааширсан асуудал бий. Гэхдээ ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулна.
Тавдугаар цахилгаан станцыг Хөлийн голын хөндийн 46 га газарт барихаар болж гидрогеологи, хөрсний судалгааны ажлуудыг хийж байгаа. Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр найман аймагт дулааны цахилгаан станц барихаар болсон. Саяхан аймгууд дээр очиж, газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцсан. Энэ жил нэгээс хоёр аймгийг станцтай болгох бол 2015 он гэхэд Хэнтий, Дундговь, Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Баянхонгор болон Төв аймгууд дулааны цахилгаан станцтай болно” гэсэн юм.
Эрчим хүчний сайд М.Сономпил: Өнөө жилийн хувьд ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан ДЦС орсноор нийт 588 гкал дулаан орно. Монгол улсын Улаанбаатар хотын төвд хэрэглэгдэж байгаа дулаан бол 1,500 гкал. Тэгэхээр 588 гкал гэдэг нь 1/3 гэсэн үг. Өнөө жилийн намраас эхлээд дулаан авахад байшин барилгууд ямар ч саадгүй болно.