21 аймгийн цахилгаан станцын удирдлагууд Эрдэнэт хотод хуралдав
2014.04.17

21 аймгийн цахилгаан станцын удирдлагууд Эрдэнэт хотод хуралдав

Монгол улсын эрчим хүчний хэрэглээ хоёр жилийг бодвол хэд дахин нэмэгджээ. Бүгдийг өөрсдөө хангаж чадахгүй учраас урд, хойд хоёр хөршөөсөө импортолдог. Гэхдээ өндөр үнээр худалдан авч байнга гадны хараат байхаас татгалзах цаг болсныг салбарынхан хэлж байлаа. Эрчим хүчний хэрэглээ ч үүнийг шаардаж байгааг онцолж байна. Тиймээс салбарынхаа ирээдүйн талаар ярилцахаар 21 аймгийн цахилгаан станцын удирдлагууд Эрдэнэт хотод цуглан хуралджээ.

Тусгай зөвшөөрөлтэй 25 аж ахуйн нэгжүүд, 21 аймгийн эрчим хүчний салбарын дарга нар нэг дор зөвлөлджээ. Манай улсын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдалд орсон нь 2012 оныхоос 2.9 тэрбум төгрөгөөр буурсан гэдэг мэдээллийг эрчим хүчний зохицуулах хорооны дарга тайлагналаа.

1990 оноос хойш байнга алдагдалд орсныг салбарын удирдлагуудад танилцуулж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Алдагдал хүлээж байгаа гол шалтгаанууд нь ажилчдынхаа цалин хөлс, техникийн элэгдэл хорогдол, дээрээс нь үнэ өндөртэй импортын эрчим хүч гэдгийг салбарынхан дуу нэгтэй хэлж байв.  Манай улсад тусгай зөвшөөрөлтэй төрийн өмчит хувьцаат компани  25 байгаагийн 23 нь алдагдалтай ажиллаж хоёр нь бага зэргийн ашигтай  ажиллажээ.

Өнгөрсөн онд эрчим хүчний үнийг аж ахуй нэгж, өрхийн хэрэгцээгээр ангилж нэмсэн нь энэ оныг алдагдал багатай угтахад нөлөөлсөн гэж салбарын удирдлагууд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр жил ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох магадлалтай байсныг онцолсон. Цаашид алдагдал хүлээхгүйн тулд ДЦС-гүй аймгуудад томоохон хүчин чадалтай станцуудыг барьж байгуулах явдал гэж салбарынхан санал нэгдэж байна.

Энэ онд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай,  Хэнтий, Төв аймгуудад станц барих, шугам сүлжээний өргөтгөл хийгдэх төслийг хэрэгжүүлжээ. Гэхдээ төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх бодлогыг барьж байгаа юм.

Цаашид алдагдал хүлээхгүйн тулд ДЦС-гүй аймгуудад томоохон хүчин чадалтай станцуудыг барьж байгуулах явдал

Ингэхийн тулд хувийн хөрөнгө оруулагчид бизнесийн таатай орчин, үнэ тарифын уян хатан бодлого зэрэг олон асуудлыг төрөөс зохицуулах шаардлагатай байгааг салбарын сайд хэллээ. Нэг аймаг ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөгийн төсөв шаардагдаж байгаа юм.

Эрчим хүчний сайд Н.Сономпил: "2014 онд бид 147.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 69 төсөл, арга хэмжээний угсралтын ажил хийхээс 36 ажлыг 2014 онд эхлүүлнэ.

Чингис бондын хөрөнгөөр 50 сая ам.долларын ажил, Хөгжлийн банкын  зээлээр 180 сая ам.долларын ажил, Шинэ бүтээн байгуулалтын хөрөнгөөр 93 тэрбум төгрөгийн ажлыг тус тус хийж эхлүүлээд байна. Их бүтээн байгуулалтын ажилд эрчим хүчний яамнаас Багануурын 700 мегаваттын чадалтай дулааны станц, Багануурын станцын техник эдийн  засгийн үндэслэл, газар, байгаль орчны үнэлгээ үндсэндээ хийгдсэн.

Тавантолгойн 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын ажлыг эхлүүлэх,  Шивээ-Овоогийн 270 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг эхлүүлэх, Баруун бүсэд 60 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц зэрэг ажлуудыг эхлүүлнэ."

Нийслэлд хоёр цахилгаан станцад өргөтгөл хийснээс өөрөөр сүүлийн 20 гаруй жилийн туршид энэ салбарт томоохон бүтээн байгуулалтууд хийгдээгүй. Тиймээс цахилгаан, дулааны доголдол аймаг бүрт гардаг. Станцгүй аймгууд хувийн голдуу уурын зуухаар цахилгаан дулаанаа зохицуулж байгаа ч өвлийн улиралд доголдол гарч, хэрэглэгчдийн тав тухыг алдагдуулдаг болохыг аймгуудын энэ салбарын удирдлагууд хэлсэнюм.