Эрчим хүчний сайд М.Сономпил
2014.04.04

Сумдыг дизель цахилгаан станцаар үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангаж байна

 Говь-Алтай аймгийн 3 сум төв одоогоор эрчим хүчинд холбогдоогүй байна. Дизель цахилгаан станцаар эрчим хүчний хэрэгцээгээ хангаж байгаа Цээл, Бугат сумдыг энэ жилдээ багтааж төвийн эрчим хүчинд холбох юм. Харин Алтай сумыг эрчим хүчтэй холбох ажилд ихээхэн цаг хугацаа шаардах учир эхний ээлжинд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар салбарын яам ажиллаж байна.

Мөн тус аймагт дулааны цахилгаан станц байгуулах саналыг орон нутгийн удирдлагын зүгээс гаргаж байна. Гэхдээ энэ нь эдийн засгийн хувьд алдагдалтай учир боломжгүйг салбар яамнаас өгчээ.

Манай улсын хэмжээнд одоогоор төвийн эрчим хүчинд холбогдоогүй 5 сум байгаагаас 3 нь Говь-Алтай аймагт байна. Эдгээр сумдыг дизель цахилгаан станцаар үйлдвэрлэсэн эрчим хүчээр хангаж байна. Дизель станцаар цахилгаан үйлдвэрлэх нь асар их зардалтай. Тухайлбал: 1 киловатт  цаг эрчим хүчийг 800 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Гэхдээ хэрэглэгчдэд 79 төгрөгөөр борлуулж үлдэгдэл мөнгийг төрөөс татаас хэлбэрээр олгодог. Тиймээс салбар яамнаас эдгээр сумдыг төвийн эрчим хүчтэй холбох талаар ажиллаж байна.

Энэ жил Говь-Алтай аймагт дулааны станцыг барих ажил эхэлнэ.  Аймгийн удирдлагуудын зүгээс газар чөлөөлөх болон бусад асуудлыг шийдсэн гэдгийг хэлж байсан. Гэхдээ энэ станцыг дулааны цахилгаан станц болгох асуудлыг тэд тавьж байлаа.

Харин салбар яамны зүгээс хүн ам багатай суурин газарт бага оврын цахилгаан станц барих нь зардал ихтэй. Тиймээс цахилгааны өөрийн өртгийг хямд байлгах боломжгүй гэсэн юм.

Тус аймагт дулааны станц барих ажлыг гүйцэтгэхээр 2 компани саналаа ирүүлжээ. Салбарын яам эдгээр компанитай танилцсаны дараа Концесын  гэрээ байгуулж тун удахгүй станцын барилгын ажлыг эхлүүлэх юм.

Алтай Улиастайн бүсийг эрчим хүчээр хангах гол эх үүсвэрүүдийн нэг бол Тайширын  цахилгаан станц. Одоогоор тус станц эрчим хүчний нэгдсэн системтэй зэрэгцэн ажиллаж Завхан, Говь-Алтай аймгийг эрчим хүчээр хангаж байна. Гэсэн ч энэ станц Завхан голын усны урсгалаас шууд хамааралтай учир одоогоор бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа юм.

Анх 2008 оноос эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн Тайширын усан цахилгаан станц 6 жилийн дотор 36 тэрбум төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 37 сая.киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ өнгөрсөн жилийн хувьд 18.5 сая.киловатт.цаг- эрчим хүч үйлдвэрлэжээ. Энэ нь усны нөөц хангалтгүй байгаатай холбоотой.

Тайширын усан цахилгаан станцад 400 сая.м .куб ус ирж байж энэ станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Гэтэл сүүлийн жилүүдэд Завхан голд цутгадаг жижиг голуудын эхэнд алтны уурхайнууд ихээр үйл ажиллагаа явуулснаас болж усны түвшин шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна.

Тайширын усан цахилгаан станцад 400 сая.м .куб ус ирж байж энэ станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой.

Нийт 42 сая долларын өртгөөр баригдсан энэ станц байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай. Тиймээс яг энэ хэвээрээ ажиллавал үйлдвэрлэлийн зардлаа нөхөх хэмжээнд л байна. Анх оруулсан хөрөнгийг нөхөх боломжгүй гэж станцын инженерүүд хэлж байлаа. Иймд хөнгөлөлттэй зээлийн мөнгийг хөрөнгө оруулалтын хэлбэрт шилжүүлэх нь зүйтэй гэж салбар яамнаас үзэж байна.

Эрчим хүчний сайд М.Сономпил: “Сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд Засгийн газар, УИХ дэмжлэг үзүүлж байна, бодлогоор дэмжлэг үзүүлэх ёстой. Дан ганц өөрсдийн зардлаар үйл ажиллагаагаа явуулах нь учир дутагдалтай.”

Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээнд ашигтай ажиллаж чадахгүй байгаа ч Тайширын усан цахилгаан станц байгаль орчинд сөрөг нөлөөгүй, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж алдагдалгүй ажиллаж байна. Мөн Алтай, Улиастайн бүсийн эрчим хүчний гол эх үүсвэр болж байна.