Д.Энхжаргал: Өнөөдрийн байдлаар 33.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан
“Ийгл” телевизийн “Зочны цаг” ярилцлагын цагаар Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал оролцлоо.
“Ийгл news” сүлжээ, “news.mn” агентлаг, “Өглөөний сонин” хамтран шилдэг агентлаг тодруулах уралдаан, нийтийн аяныг зарласан билээ. Энэ аяны хүрээнд ярилцаж байгаа.
- Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан шүү дээ. Тэгэхээр төрийн байгууллагын худалдан авалттай холбоотой бүхий л үйл ажиллагааг энэ байгууллага төлөөлөн хийх юм гэдэг ерөнхий мэдээлэл иргэдэд оччихсон байгаа. Та худалдан авах ажиллагаатай холбоотой ерөнхий мэдээллийг бидэнд өгөхгүй юү? Чиг үүргийн хувьд өмнөхөөсөө юугаараа ялгаатай болсон бэ?
Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага 2012 оны 10 дугаар сарын 6-нд байгуулагдсан. 65 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. ХААГ 2013 онд нийтдээ Монгол улсын хөрөнгө оруулалтаар хийгдэх 337 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ингэснээр 93.4 хувийн биелэлттэй ажилласан.
2014 оны хувьд шинээр хийгдэх 340 төсөл арга хэмжээнээс 121 төсөл арга хэмжээг буюу 340-өөд тэрбум төгрөгийн ажил ХААГ-т хийгдэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Эдгээр ажлуудыг өмнөх үетэй харьцуулвал бид энэ жил 121 төсөл, арга хэмжээ, эрх шилжиж ирсэн 15 ажил нийлээд 141 төсөл, арга хэмжээ байгаа.
"Шилдэг агентлаг" тодруулах аяны хүрээнд ХААГ-ын дарга Д.Энхжаргалтай ярилцсан юм
Энэ төсөл, арга хэмжээнүүдийг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Үүн дээр нэмээд тендерүүдийн хяналтын төсвийг тавьдаг болсон. Энэ нь тендерт оролцож байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд мэдээллийн ил тод байдал, дээрээс нь өөрсдийн боломж бололцоонд таарсан ажлуудад ороход нээлттэй байх, өрсөлдөөнийг дэмжих үүднээс хяналтын төсвийг барилгын хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хуулийн дагуу нээлттэй тавьсан. ХААГ нь орон нутагт нэгжтэй.
Нийслэл, дүүрэг, бүх аймгуудад худалдан авах ажиллагааны нэгжүүд байгуулагдсан. Аймгуудын худалдан авах ажиллагааны нэгжүүд дээр одоогийн байдлаар 1754 төсөл, арга хэмжээ, Нийслэлтэй нийлээд 530-аад тэрбум төгрөгийн ажил явагдаж байгаа. Мөн 500-гаад тэрбум төгрөгийн ажил яамд дээр хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа.