Д.Энхжаргал: Тендерт сайн оролцдог компаниудын "цагаан жагсаалт"-тай болно
худалдан авах ажиллагааны газар
2014.04.17

Д.Энхжаргал: Тендерт сайн оролцдог компаниудын "цагаан жагсаалт"-тай болно

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Худалдан авах ажил­­­ла­гааны газар бай­гуу­­лаг­даад удаагүй. Өнгөр­сөн ху­­гацаанд хамт олноо бүр­дүүлж, үйл ажил­ла­гаагаа жигд­рүүлэх гэж б­а­га­гүй зүт­гэ­сэн биз. Бусад агент­лаг­тай өөрийнхөө ха­риуц­даг байгууллагыг харь­цуулж хардаг байх?

-Манайх 2012 оны аравдугаар сарын 6-ны өдөр Шадар сайдын хариу­цах асуудлын хүрээнд байгуу­лагдсан. Мэдээж шинэ агент­­лаг байгуулагдаж, анх ажил авахад суух сандал, ажиллах боловсон хүчингүй эхэлж байсан ч сар гаруйн дараа худалдан авах ажил­лагааны мэргэжлийн бай­гууллага байгуулах төсөл арга хэмжээг Засгийн газ­раар батлуулсан.

Тухайн үед баг, хамт ол­ноо бүрдүүлэх, боловсон хүч­нийхээ ажиллах нөхцөл байд­лыг тогтворжуулах зэ­рэг ажил хүлээгдэж байсан уч­раас өдөрт хүн найман цаг ажилладаг бол бид 10-12 цаг зүтгэдэг байлаа. Худалдан авах ажил­лагааны газрын үйл ажил­лагааг анх дөрвүүлээ эх­лүүлж байсан.

Дараа нь яамдаас худалдан авах ажил­лагаа хариуцсан мэр­гэжилтнүүд шилжих болон Төрийн албаны шалгалт өгсөн хүмүүсээс сонгон шал­га­руулах байдлаар хамт олноо бүрдүүлж, одоо 65 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Өнгөрсөн онд бүтээн бай­гуулах, хамт олноо бүр­дүүлж, чадавхжуулах, ху­далдан авах үйл ажиллагааг ил тод нээлттэй явуулах чиг, зорилгын хүрээнд бай­гууллагаа тохижуулах, тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, нээлттэй үйлчлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн.

-Танай байгууллагын үйл ажиллагаанаас нийгэмд маш их өөрчлөлт гарна хэмээн олон нийт хүлээдэг. Тендерээс хөрөнгөжих, тэр­бумтан төрдөг байдлыг тас­лан зогсоож, авлига, хээл хахууль, хүнд суртлыг үгүй хийх нь гэж ойлгодог?

-Бид ажлаа эхлүүлэхэд тендер бол өөрийн тань хэлснээр авлига, хээл ха­хууль, хүнд суртал, төвөг чирэгдэл зэргийн бөөгнөрөл, аж ахуйн нэгжүүдээс олон янзын лавлагаа бичиг нэхдэг гэх мэтийн гомдол маш их байсан. Тиймээс бид хамгийн түрүүнд иргэд, аж ахуйн нэгжүүд тендерийн материал, лав­лагаа авахад түргэн шуурхай үйл­чилгээ үзүүлэхийн тулд “Нэг цэгийн үйлчилгээ” шаардлагатай юм байна гэж төлөвлөөд, байгуул­лагынхаа нэгдүгээр давхарт бий болгосон.

Түүнчлэн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй явуу­лах үүднээс хуульд “Худалдан авах ажиллагааны 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр явуулах” заалтыг хэрэгжүүлсэн. Ингэснээр 2013 онд нийт төсөл, арга хэм­жээ­ний худалдан авалтын 22 хувийг цахим хэлбэрээр явуулсан. Гэтэл энэ ажиллагааны систем гэж ямар юм байна, хэрхэн ажиллуулдаг, хаана байдаг, хэн хэрэгжүүлсэн гэх зэргээр асуудал үүсгэж эхэлсэн.

-Тэгж хар дагуулахаас аргагүй байсан байх л даа. Яг үнэндээ энэ ажлыг зохион байгуулах стандарт ч байгаагүй шүү дээ?

-Тийм шүү. Олон улсад бол ISO 10845 гэдэг стандарт нэвтэрчихсэн. Гэтэл манайд байхгүй. Тиймээс бид үүнийг нутагшуулах хэрэгтэй хэ­мээгээд гуравдугаар зорилтоо болгон дэвшүүлсэн. Стандарчилал хэмжил зүйн газар болон Дэлхийн банктай хамтарснаар MNS 10845 стандартыг эх орондоо нутагшуулж чадсан.

-Дээр дурьдсан ажлуудын хүрээнд тендерийн авлига, хээл хахууль үгүй болох боломж хэр байна?

-Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тендерийн авлига, хээл хахуулийг арилгах үүднээс 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу манай байгууллага 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээг 100 хувь цахим болгосон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тодорхой хэмжээг нь цахим болгосон. Орон нутагт боломжтой бол 50 хүртэл хувийг цахим болгох мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл өгсөн.

Өмнө нь үнэлгээний хорооны ажил ТББ болон иргэдийн орол­цоотой огт явагдаж байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд бид үнэлгээний хороонд ТББ, мэргэжлийн холбоодыг орол­­цуулж, худалдан авалтын ажил­лагааг тэдний хөндлөнгийн хя­налтын дор явуулах ажлыг хэрэг­жүүлсэн.

Стандарчилал хэмжил зүйн газар болон Дэлхийн банктай хамтарснаар MNS 10845 стандартыг эх орондоо нутагшуулж чадсан.

Ингэснээр 2013 онд 600 гаруй ТББ, мэргэжлийн хол­боодын төлөөлөл үнэлгээний хо­роонд орсон. Энэ нь худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй бол­госон. Мөн тендер шалгарсан бол мэдээллийн ил тод байдлыг хан­гахын тулд www.e-tender.mn хуудсыг шинээр бий болгоод, түүн­дээ тухайн шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн үр дүнгүүдийг тавьсан. Ингэснээр тендерт оролцогчдын гомдол, хардлага багассан.

-Гомдол, хардлага багассан гэдгийг яаж мэдсэн юм бэ?

-Өмнөх онуудад ирсэн гомдлын тоог харах гэхээр тийм мэдээллийн бааз суурь байдаггүй юм билээ. Яах вэ, ажил эхэлж байх үеийнхээсээ харьцангуй багасаж байгаа нь илэрхий болсон. Одоо бол 2013 онд манайхаас зохион байгуулсан тендерт оролцсон аж ахуйн нэгжийн мэдээллийн баазтай болсон.

-Хяналтын төсвийг ил бол­госон гэсэн?

-Өмнө нь хяналтын төсөв маш нууц, хэн ч мэддэггүй. Ёстой л тэрийг, түүнийг таних уу гээд үнэлгээний хорооны гишүүдийн танилыг хайгаад явчихдаг байсан. Одоо бол тийм шаардлагагүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн хяналтын төсвийг ил болгосон. Удахгүй журмаа бат­луулчихаар тендерт шалгарсан эсэхээс үл хамааран тендерийн саналыг нь PDF файлаар сайтдаа тавьчихна.

Ингэснээр аливаа тендерт шалгарсан аж ахуйн нэгж нь чухам хэн, ямар үнийн санал, чадвар, чадавхитай, өмнө нь юу хийж байсан бэ гэх зэрэг бодит мэдээллүүдийг өгнө. Аж ахуйн нэгжүүд ч эдгээрийг хараад өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөх боломжтой болох юм. Тэгээд ч аж ахуйн нэгжүүдийг муу, муухай, ажил хийдэггүй гэх зэргээр чичилж байхын оронд сайныг нь ч бас олон нийтэд дэлгэх нь зөв гэж бодож байгаа.

Өөрөөр хэлбэл саяхан Сангийн яамнаас 27 аж ахуйн нэгжийг хар дансанд бүртгэсэн. Үүнтэй адил хамгийн сайн компаниудыг бид бас олон нийтэд мэдэгддэг байх хэрэгтэй юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс олон улсад “цагаан жагсаалт” гэж нэрлэн, мөрддөг энэ жагсаалтыг бид ч бас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Удахгүй Сангийн яаманд хүсэлтээ өгнө.

-Энэ жил шилэн тендер арга хэмжээг зохион байгуулж байгаа байх аа?

-Ерөнхий сайдын санаачилга болон Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” аяны хүрээнд хэд хэдэн шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. “Шилэн тен­дер-1” ажлын хүрээнд 2014 онд хэ­рэгжих тендерийн төсөл, арга хэм­жээг 150 гаруй иргэн, аж ахуйн нэгжийг цуглуулж байгаад нээлттэй тавьж, ямар тендерийг хаана аль байгууллага зохион байгуулах вэ гэдгийг танилцуулсан.

Өөрөөр хэлбэл саяхан Сангийн яамнаас 27 аж ахуйн нэгжийг хар дансанд бүртгэсэн. Үүнтэй адил хамгийн сайн компаниудыг бид бас олон нийтэд мэдэгддэг байх хэрэгтэй юм гэдэг дүгнэлтэд хүрсэн

Хоёрдугаарт Засгийн газраас батлагдсан төсөл арга хэмжээнээс манай байгууллагад байгааг нь 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Мөн “Шилэн тендер-2” арга хэмжээний үеэр Төрийн өмчит компаниудаас зарлаж буй тендерүүдийг ил тод болгосон. Энэ мэтчилэн эдгээр ажлуудыг байнга үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа. Дараа жил худалдан авах үйл ажиллагааны гэрээ, 2016 онд төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийхээр төлөвлөөд байгаа.

-Байнга уламжлалт аргаар тендерт оролцож байсан иргэд, аж ахуйн нэгжүүд цахим хэл­бэрт шилжчихээр багагүй бэрх­шээл­тэй тулгарч байгаа байх. Энэ тохиол­долд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Цахим худалдан авалт гэдэг маань анх удаа хэрэгжүүлж байгаа болохоор иргэд, аж ахуйн нэгжид дэмжлэг, зөвлөгөө өгөх ажлыг заавал хийх шаардлагатай. Энэ хүрээнд долоо хоногийн мягмар, пүрэв гарагийн 15 цагт тогтмол сургалт зохион байгуулж, хамрагдагсадыг үнэ төлбөргүйгээр оролцуулж байгаа.

Вэб хуудсаараа зар тавьдаг байсан бол одоо хүмүүс мэддэг болчихсон. Тиймээс анги, танхимд маань багтахаа байх гээд байна шүү. Эхний үед суурь мэдлэг олгох сургалтыг “Mercy corp” олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн төслийн тусламжтайгаар 21 аймагт зохион байгуулсан.

Түүнчлэн МУИС-ийн ЭЗС-ийн дэргэдэх “Бизнес хөгжлийн төв”, Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо ТББ, Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв ТББ, КТМС-ийн сургалтын төв, Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв ТББ зэрэг байгууллагуудтай хамтран сургалт явуулж, бид шалгалтаа авдаг. Одоогийн байдлаар 17 аймгийн 1500 гаруй хүнийг сургалтад хамруулсан.

-Орон нутагт дэд бүтэц, ин­тернэт нэлээд асуудал болдог. Тий­­мээс тендерт оролцогчдын хувьд бэрхшээл байдаг л байх даа?

-Анх интернэттэй холбоотой гомдол ирж байсан. Хөвсгөл аймгаас тендерт оролцох гэж байсан хүн хоёрхон минутын өмнө материалаа илгээсэн байгаа юм. Гэтэл тухайн файл нь багтаамж өндөртэй учраас тэр хугацаанд интернэтийн хурд нь уншиж чадаагүй юм билээ. Тиймээс хоцорчихоод маш их уур­лаж байсан. Харин одоо ир­гэд, аж ахуйн нэгжүүд энэ мэт асуудлуудаа мэддэг болчихсон цаг хугацаагаа ч хуваарилж сурсан.

-Цахим дэлгүүрийн үйл явц ямар түвшинд яваа вэ?

-Урсгал зардлаар хийгдэж байгаа төсөл арга хэмжээг цахим дэлгүүрээр явуулахаар туршилтаа хийх гэж байна. Эхний ээлжинд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг зургаан агентлагийн зөвхөн бичгийн цаасны худалдааг явуулах юм. Энэ нь 28 сая төг­рөгийн цаасны тендер байгаа. Цахим дэлгүүрийн ажил дээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт банкныхантай хамтран ажиллаж бусад ижил төстэй орнуудын турш­лагаас судлах байдлаар бэлт­гэлээ базааж байгаа. Хэрвээ энэ ажлыг буруу зохион байгуулвал ганцхан компани монополь болчих магадлалтай.

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд багаар эхэлж байгаа юм. Солонгост цахим дэл­гүүр ажиллуулснаар жилд төрийн худалдан авалтад хоёр сая ам.долларын хэмнэлт гардаг гэсэн судалгаа, тооцоо бий. Урсгал зардлаар хийгддэг төсөл арга хэмжээг бүгдийг цахим дэлгүүрээр хийнэ гэвэл энэ жилийг бүтэн зарцуулах болов уу гэсэн тооцоо гарсан.