“Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэг болов
“Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэг болов
2014.04.16

“Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэг болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн шинэтгэл” уулзалт хэлэлцүүлэг болж, оролцогчид уг асуудлаар харилцан ярилцаж шийдвэрлэх арга замын талаар байр сууриа илэрхийллээ.

Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн зохицуулалтын хязгаарлагдмал байдал, өөрчлөлт, шинэчлэл хийх бодит санал, санаачилга, одоо хийж буй ажил, өнөөгийн улс төр, засаглалын нөхцөлд хэрэгжүүлж болох шийдлийн хувилбарууд, богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааг багтаасан төлөвлөгөө боловсруулах зэрэг сэдвийг хөндөн ярилцав.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, АНУ-ын Азийн сангийн Хөтөлбөр, стратеги, шинэчлэл, сургалт хариуцсан дэд захирал Марк Коэниг болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл, Улаанбаатар хотын дүрэм боловсруулахад оролцож байгаа зөвлөх мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

НИЙСЛЭЛ БОЛ ХОТУУДЫН ТОМ НЭГДЭЛ БАЙХ ЁСТОЙ

Миний нэрийн хуудас дээр “Нийслэлийн governor, Уланбаатар хотын mayor” гэсэн байдаг.

Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн байдлыг дэлхийн жишигтэй харьцуулж үзвэл ихээхэн гажуудсан, ээдрээтэй, эргэлзээтэй байдгийг тайлбарлалаа.

Нийслэлийн Засаг дарга хэлэхдээ “Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал хэчнээн чухал болохыг би нэг жишээгээр тайлбарлая. Би АНУ-ын Денвер, Канадын Калгари хотуудад очиж Засаг дарга нартай нь уулзаад нэрийн хуудсаа өгөхөд миний нэрийн хуудсыг хараад ойлгохгүй байсан. Миний нэрийн хуудас дээр “Нийслэлийн governor, Улаанбаатар хотын  mayor” гэсэн байдаг.

АНУ-ынхаар бол Колорадо мужийн Засаг дарга бөгөөд Денвер хотын захирагч гэсэнтэй ижилхэн болчихсон. Калгари хотын мэр “Би өмнө нь ийм албан тушаал харж байгаагүй. Та их мундаг том албан тушаалтай юм шиг байна” гэж гайхаж байсан. Энэ нь өнөөдрийн Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн байдал дэлхийн жишигтэй нийцэхгүй байгааг харуулж байна.

Уг нь засаг захиргааны нэгж бол тухайн нутаг дэвсгэр дээрээ хуулийн хэрэгжилтийг хангадаг чиг үүрэгтэй байдаг. Хот бол улс төрөөс ангид, аж

Улаанбаатар хотын эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалттай холбоотой тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдээс дурдав.

ахуйн үйл ажиллагаагаа хариуцдаг. Жишээ нь, Денвер, Калгари хотуудад хотын мэрийн сонгуульд намууд нэр дэвшүүлэхийг хуулиар хориглодог.

Монголд бол СӨХ-ны даргад намууд нэр дэвшүүлэх шахдаг. Хот толгойноосоо хөлөө хүртэл улстөржчихөөд  ерөнхий үйл ажиллагаа нь хаягдсан байдаг. Гэтэл хот бол өмч хөрөнгөөрөө нийлсэн хүмүүсийн корпораци юм. Бүдүүлгээр хэлбэл хот бол СӨХ-нуудын СӨХ юм. Хот бол үл хөдлөх хөрөнгөө жилээс жилд сайжруулж, орчноо тохижуулж, үнэ цэнийг нь алдагдуулахгүй байх ёстой.

Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар нийслэл гэдэгзасаг захиргааны нэгж дотор тосгон байгуулах эрхийг хаачихсан. Хэрэг дээрээ нийслэл нь хотуудын том нэгдэл байх ёстой юм. Зайсан хот, Яармаг хот, Баянхошуу хот байх ёстой. Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваах талаар ярьж байгаа. Гэтэл ингэх биш, хоёр хот болгох ёстой.

Хотууд өөр өөрийн асуудлаа шийдээд явах учиртай. Хот бол улс төрийн байгууллага биш. Үүнд намууд оролцох ёсгүй. Ингэвэл нийслэлийн асуудлыг амархан шийдэж болно. Энэ талаар хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа нарт талархаж байна. УИХ дахь АН-ын бүлэг үүнийг дэмжиж байгаа” гэлээ.

НИЙСЛЭЛ ГЭДЭГ УТГААС УЛААНБААТАР ХОТЫГ САЛГАХ ЁСТОЙ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалттай холбоотой тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдээс дурдав. Тэрээр Нийслэл гэдэг утгаас Улаанбаатар хотыг салгах ёстой гэж байлаа.

Түүний хэлсэн үгэнд дурдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох нийслэл, эдийн засаг, нийгэм, соёл, хүн ам төвлөрсөн нийслэл хот, Улаанбаатар хот гэсэн гурван ойлголт зааглагдалгүй явж иржээ.

Г.Баярсайхан, С.Одонтуяа нарт талархаж байна. УИХ дахь АН-ын бүлэг үүнийг дэмжиж байгаа.

Хотын эрх зүйн байдал тодорхой бус, хот нь өөрөө Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох “нийслэл”-ээс хараат байдаг, хот үүсгэн байгуулахад оршин суугчдын оролцоо байхгүй, нийслэл дэх хотын асуудал зохицуулалтгүй хаягдсан, хотын эрх хэмжээний асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд очиж шийддэг. Ерөнхий төлөвлөлт, хотын татвар, бонд, газрын үнэ зэргийг хот өөрөө тогтоодоггүй зэрэг хүндрэл үүсдэг байна.

Эдгээрийг даван туулахын тулд УИХ-ын нэр бүхий гишүүд Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга, Сангийн яаманд хүргүүлжээ. Мөн Монгол Улсын ЕрөнхийлөгчийнТамгын газрын даргын захирамжаархотын бие даасан байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийг байгуулжээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах төсөл зэргийг боловсруулж, Улаанбаатар хотод улсын зэрэглэл тогтоолгох асуудлыг УИХ, Засгийн газарт өргөн мэдүүлсэн байна.

Улаанбаатар хотын Үндсэн дүрмийн төслийн үзэл бармтлалыг “Ач холдинг” ХХК боловсруулж байгааг тус ХХК-ийн менежер Г.Даваа танилцууллаа.

УЛААНБААТАР ХОТ ГЭДГИЙГ НИЙСЛЭЛ ГЭДЭГ УТГААР ХЭРЭГЛЭХ НЬ ЗОХИМЖТОЙ БИШ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, Хотын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Эрхэмбаяр хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ “Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Хотын тухай хуулийн төсөл боловсруулах үүргийг бидэнд хүлээлгэсэн. Хотын тухай хууль боловсруулахын тулд юуны түрүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна.

Хот бол өөрөө засаг захиргааны нэгж дотор байгаа хот юм. Үндсэн хуулиараа Эрдэнэт бол Баян-Өндөр сум дотор байгаа хот. Үндсэн хуульд хот гэдэг засаг захиргааны нэгж байхгүй. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж  хот гэдэг засаг захиргааны нэгжийг бий болгох асуудлыг шийдэх ёстой.

Нийслэл бол хот биш, Монгол Улсын төрийн төв байгууллагууд байдаг хотыг л нийслэл гэдэг. Гэтэл нийслэлийг засаг захиргааны нэгж болгочихсон. Нийслэл хаашаа ч нүүж болно. Улаанбаатар хот бол эндээ үлдэнэ. Тиймээс Улаанбаатар хот гэдгийг нийслэл гэдэг утгаар хэрэглэх нь зохимжтой биш. Улаанбаатар хот бол харин засаг захирга, нутаг дэвсгэрийн нэгж байх ёстой” гэв. Мөн Иргэдийн Хурал улс төрөөс ангид байх ёстой гэсэн юм.

ӨНӨӨДӨР 13 000 ХҮНТЭЙ АЙМАГ НЭГ САЯ 300 МЯНГАН ХҮН АМТАЙ УЛААНБААТАРТАЙ ИЖИЛ СТАТУСТАЙ ЯВЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Төрийн тэргүүнээс санаачлан хэрэгжүүлж байгаа ажлуудаас хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн дүрэмтэй байх санал дэвшүүлсэн.

Иргэдийн оролцооны тухай, Орон нутгийн санал асуулгын тухай зэрэг хуулийн төслийг боловсруулж байна.

Орон нутгийн дүрэмд иргэдийн эрх, орон нутгийн засаг захиргаатай харилцах харилцаа нь ямар байх талаар чиглэл гаргасан. Бидний иргэдийн оролцоо, төвлөрлийг сааруулах чиглэлээр хийсэн дүрэм, журмын төсөл дээр гавьяат хуульч агсан Б.Чимид идэвхтэй оролцож байсан. Гавьяат хуульч агсан Б.Чимид “Үндсэн хуульд нэг заалт бий. Орон нутгийн тодорхой асуудлаар ард иргэдийн дунд санал асуулга явуулж болно.

Санал асуулгын дүн эцсийн шийдвэр болно. Энэ заалтыг бариад явах юм бол их олон асуудлыг шийдэх боломжтой шүү” гэж хэлж байсан. Иймд тухайн орон нутаг иргэдээрээ шийдүүлээд дүрэм, журам гаргаад явах боломжтой юм. Төр, засаг бүх асуудлыг бусдын өмнөөс шийдэх эрмэлзэлтэй байдаг. Энэ нь 1924 онд батлагдсан Зөвлөлт маягийн Үндсэн хуулиас улбаатай.

Өөрсдөө ажил хийдэггүй хүмүүс бусдын ажлыг барьж авч хийдэг. Тиймээс Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн хийх ажил тус тусдаа тодорхой байх ёстой” гээд орон нутгийн татварын дээд доод хязгаарыг УИХ тогтооно. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг орон нутаг өөрөө шийднэ. Орон нутгийн зарлагаас давсан орлогыг орон нутагт нь үлдээж орон нутгийн санд төвлөрүүлнэ гэх зэрэг өөрчлөлтийг

Төсвийн тухай хуульд тусгаж өгөхөөр УИХ-д төсөл боловсруулж оруулсныг хэллээ. Гэвч УИХ-аар батлахдаа  Орон нутгийн зарлагаас давсан орлогыг дээд шатны төсөвт төвлөрүүлж болно гэсэн зааалтыг хөндлөнгөөс оруулжээ. Үүнээс болж Төсвийн тухай хуульд зөрчилтэй хоёр заалт орсон байна. Тэрээр мөн “Улаанбаатар хот олон асуудал шийдэх хэрэгтэй байдаг ч санхүү, төсвийн хувьд эрх мэдэлгүй. Яам, Тамгын газрын аяыг хардаг. Улаанбаатарт Монгол Улсын хүн амын тал хувь, эдийн засгийн потенциалын 60-70 хувь нь төвлөрдөг ч ийм байдалтай байгаа нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухаалаг төрийн бодлогын хүрээнд орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хуулийн төслүүд бэлтгэж өргөн барьж байгаа бөгөөд УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өнөөдөр Шилэн дансны тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Иргэдийн оролцооны чиглэлээр Нийтийн зар мэдээний тухай хуулийн төслийг боловсруулсан. Иргэдийн оролцооны тухай, Орон нутгийн санал асуулгын тухай зэрэг хуулийн төслийг боловсруулж байна. Эдгээрийн хүрээнд орон нутагт шийдэх асуудлууд хуулийн зохицуулалттай болно. Орон нутгийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч Ерөнхийлөгчөөс чиг үүрэг өгөөд байна. Өнөөдөр 13 000 хүнтэй аймаг нэг сая 300 мянган хүн амтай Улаанбаатартай ижил статустай явж байгаа. Эдгээрийг өөрчлөх цаг болсон” гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид Улаанбаатар хотын бүтэц, эрх зүйн шинэтгэлийг нэн даруй хийх болсон гэдэг дээр санал нэгдлээ.