Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах захирамж гарчээ
“Зууны мэдээ” сонин цэвэрлэх байгууламж тойрсон асуудлыг найман удаагийн цуврал нийтлэл, ярилцлагаар уншигч танд хүргэсэн билээ. Төв цэвэрлэх байгууламжийг зайлшгүй шинэчлэх, засч сайжруулах талаар олон зүйлийг ярьдаг. Гэтэл түүнд зарцуулах хөрөнгө мөнгө улсын болон нийслэлийн Төсөвт суугаагүйг ч мөн дуулгасан.
Төв цэвэрлэх байгууламжийн техник төхөөрөмж элэгдэж хуучирсан, ажиллах нөхцөл боломж муу байгаа талаар албаны болон бусад эх сурвалжууд ам уралдан ярьсаар байна. Харин үүнээс гарах шийдлийг төдийлөн ярьсангүй. Нэгдсэн төв цэвэрлэх байгууламжтай байх эсэх галаар ярьж байгаа тухай чих дэлсэж байсан ч сонсогдоод өнгөрөх төдий хязгаарлагдана.
Манай нийтлэлийн дараа буюу гуравдугаар сарын 26-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч Э.Бат-Үүл шинээр барих төв цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай А/203 тоот захирамж гаргажээ. Ажлын хэсгийг Засаг даргын тамгын газрын стратеги, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар ахалсан байна. Тэрээр “Зураг төслийг боловсруулах эхний шатны ажлыг хийж эхэллээ.
Одоогоор мэргэжлийн байгууллагуудын саналыг авч байна. Нийслэлийн төсөвт шинэ цэвэрлэх байгууламж барих зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээний зардалд зориулан зургаан тэрбум төгрөг тусгасан” гэв.