Царцсан барилгуудыг гэсгээх боломжтой.
2014.04.10

Царцсан барилгуудыг гэсгээх боломжтой

Энэ оны төсвийн  тухай хуульд тэг өртөгтэй гэх тодотголтой буюу царцсан барилгуудыг гэсгээх боломжтой гэж Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг дүгнэжээ. Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлт учир дутагдалтай байсныг илчилж байна.

Төсвийн тухай хуульд зааснаар 200 гаруй төсөл арга хэмжээг аудитын дүгнэлт гарсны дараа дахин хэлэлцэх нэрийн дор өртгийг нь тэг төгрөгөөр тусгаж баталсан. Өнгөрсөн хугацаанд үндэсний аудитын газар ажиллаж дүгнэлтээ гаргаж төсвийн байнгын хороонд танилцуулсан ч УИХ-ын даргаас эхлээд гишүүд учир дутагдалтай байна гэж шүүмжлэн төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарсан. Төсвийн байнгын хороо өөрийн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ажлын хэсгийн дүгнэлтээс товчилбол хойшлуулах шаардлагатай гэсэн жагсаалтад багтсан хөрөнгө оруулалт  81 байснаас 15 цэцэрлэг, есөн сургууль, гэрээний биелэлт 78-90%-тай байгаа 3 төслийг 36.9 тэрбум, 20 төслийг 29.5 тэрбумаар санхүүжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Энэ мэт өөрчлөлт нэлээд оржээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: "Өмнөх УИХ энэ ажлыг хийх ёстой юм, энэ ажлыг үргэлжлүүлэх ёстой гэж, ард иргэд энэ ажлыг хийгээд өгөөч гэсэн захиалгын үндсэн дээр шийдсэн ажлыг өнөөдөр та ч өөрчлөх ёсгүй, УИХ ч өөрчлөх ёсгүй.

Нэгэнтээ нийгмийн захиалгаар хийгдсэн ажил тул хийгдээд дуусгах ёстой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил.  Бид энийг яриад сууж байх ёстой шүү дээ. Гэтэл засгийн газрын дараа УИХ-д өргөн барих ёстой ажлыг урьдчилж хийчихээд энд ярьж байгаа нь логикийн хувьд болохгүй."

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Тосонцэнгэл сумын соёлын төвийн барилга  ажлын  гүйцэтгэл нь 80%-тай дуусах гэж байгаа барилгын ажлыг зогсооно гэсэн байна. ийм араг яс болгоод дутуу барилга олныг үлдээх юм бол төсөв ямар хэмжээгээр үрэгдэх вэ гэдгийг тооцооч ээ. Тиймээс 80-90%-ийн гүйцэтгэлтэй байгаа санхүүжилт шаардлагатай хөрөнгүүдийг  барилгуудыг үргэлжлүүлэх хэрэгтэй.”

Төсвийн байнгын хороонд царцаасан төсвийн асуудлаа санал зөрөлдөөнтэй зүйл олон гарсан ч гишүүдийн олонх ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын тогтоол болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээр пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар болжээ.