Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.04.10

Д.Тэрбишдагва: Хоёр нам байтугай нэг намын дотроос ч санал зөрөлдөх тохиолдол гардаг

“Ам нээвэл” зочны ярилцлагын цагаар Монгол улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Тэрбишдагва уригдан оролцлоо.

-      Сүүлийн үед та хөдөө орон нутгаар яваад байх шиг байна. Тэгэхээр ер нь засгийн газрын ажил нэлээд ачаалалтай байна уу,  Таны оролцдоггүй ажил гэж бараг байдаггүй юм шиг байна?

Баярлалаа. Та бүгдийг манай өрөөнд намайг хүндэтгэж ирж ярилцлага авч байгаад баярлалаа. Миний хувьд  цаг наргүй ажиллаад ирсэн. Одоо ч ажиллаж байгаа. Сая би чуулганы завсарлагааны үеэр хөдөө орон нутагт нийтдээ дөрвөн аймагт ажиллалаа. Аймгийн  төв дээр ард иргэдтэй уулзалт хийж явахаас гадна замд малчин хүн малаа хариулаад явж байвал очоод уулзах, эсвэл малчин айлд очоод хонох, замд явж байгаад бэлтгэлгүйгээр айлд орох гэх зэргээр  явахад сайхан санагддаг.

Энд л халуун дулаан яриа өрнөдөг. Тэгэхгүй хурал дээр хүмүүс дэмжиж яриад эсвэл шүүмжилнэ, бас бэлдэж ирсэн сайхан сайхан санаа хэлдэг.  Энгийн яриа дундаас асар олон зүйл мэдэж авах ёстой. Тэгж байж бид төрийн бодлогынхоо энэ зүйлд нь анхаарах хэрэгтэй юм байна, бодох хэрэгтэй юм байна гэх болно. улсын хэмжээнд шинэчлэлийн засгийн газрын зорьж байгаа зорилгыг ойлгож байгаа ч гэсэн бодит амьдрал дээр алдаа дутагдал байна.

Бид харамсалтай нь 20 гаруй жилийн хугацаанд дандаа амлалтын бодлого, халамжийн бодлогод дэндүү анхаарснаас болоод хүмүүсийг ажил хийх сонирхолтой болгож чадаагүй юм байна, ажлын байрыг бий болгоход онцгойлон анхаарч чадаагүй юм байна, өмч хувьчлал нэрээр нэлээд олон үйлдвэрүүдээ хувьчилчихаад тэрийгээ ажиллуулж чадаагүй юм байна гэх зэргээр аваад үзвэл бидэнд хийх ажил их байна.

-     Та тэгэхээр АН-ын тэргүүлсэн засгийн газарт МАХН-ыг төлөөлж сайдын ажил хийж байгаа. Нэг ёсондоо та зарим үед Ерөнхий сайдыг оролж ажиллахаас аргагүйд хүрдэг байх. Тэгэхээр хоёр өөр намын хүмүүс учраас зарим талдаа санал, үзэл бодол зөрөх тохиолдол байгаа байх. Энэ тохиолдолд яаж ойлголцож байна вэ? Зарим хэвлэлээр таныг хааяа Алтанхуяг сайдтай ам зөрдөг, заамдалцаад авсан ч тохиолдол байгаа гэсэн бор шувуунууд хэвлэлээр гардаг шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байна?

Малчин хүн малаа хариулаад явж байвал очоод уулзах, эсвэл малчин айлд очоод хонох, замд явж байгаад бэлтгэлгүйгээр айлд орох гэх зэргээр явахад сайхан санагддаг.

Хоёр нам байтугай нэг намын  дотроос ч зөрөлдөх асуудал зөндөө гардаг шүү дээ.  Санал бодол зөрөлдөх тохиолдол гарна. Шинэчлэлийн засгийн газрын бодлогын хувьд мэдээж зарим нэг асуудал дээр санал зөрөлдөх, тухайлбал, Чингис бондыг оруулж ирээд тодорхой газрууд бүтэн жилийн хугацаанд ашиглаагүй ч байдаг юм уу ийм асуудал дээр жишээ нь асуудалтай ханддаг.

Ер нь засгийн газрын хуралдаан дээр маргалдахаасаа илүү аль болох л эв дүйгээр, ойлголцож ажиллах нь чухал гэсэн байр суурийг илүү анхаарч байгаа. Тэгэхийн тулд бид урьдчилсан байдлаар хоорондоо ярилцдаг. Шадар сайд хэрнээ өөр намын гээд заавал эсэргүүцсэн байр суурьтай гэхээсээ илүү Ерөнхий сайдын өрөөнд ороод ийм асуудлууд дээр анхаараад үзвэл яах уу, засгийн газрын хурлаар орохоос өмнө санал зөрөлдөөнтэй зүйл байвал санал бодлын зөрүүтэй юм аа эхлээд ярьчихъя гэж боддог.

Эсвэл засгийн газрын хуралдаан дээр зөрөлдсөн саналтай зүйл ороод ирвэл “Ерөнхий сайдаа, сайдууд хоорондоо ойлголцоогүй учраас үүнийг хойшлуулчихъя” гэх зэргээр явдаг. Ийм учраас зөрөлдөнө гэхээсээ илүү аль болохоор дэвшилтэй, ойлголцож ажиллахыг эрхэмлэдэг.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...