Шүлхий бизнес болчихсон юм биш биз
Улсын онцгой комиссын хуралдаанаар Зүүн 3 аймагт гарсан шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт тогтоосон хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэмийг цуцлахаар болжээ.
Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт өнгөрсөн 1-р сарын 27-нд шүлхий өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчний тархалт 3 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан. Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчилсөн 3454 малыг зориудаар устгаж, 4.5 сая малыг вакцинжуулаад байна.
Сүүлийн 11 хоногт мал нэмж өвчлөөгүй. Тиймээс Дорноговь аймгийн Иххэт, Даланжаргалант сумдыг аймгийн онцгой комиссынх нь мэдэлд үлдээж, бусад сумдад хорио цээрийн онцгой болон хязгаарлалтын дэглэмийг цуцлахаар болжээ. Гэхдээ өвчний дэглэмжтэй бүс нутагт малын шилжилт хөдөлгөөнийг 2 сарын хугацаанд хориглож малын гаралтай түүхий эд гаргахдаа орон нутагт нь ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний үндсэн дээр зөвшөөрөгдсөн зам, маршрутаар тээвэрлэхээр болж байна.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр: “Монгол улсад вакцинаа үйлдвэрлэдэг технологи байхгүй. Үйлдвэрлэлийн системийг нь бий болгох ёстой. Хоёрдугаарт: Тэнд малчны мал үхэхээр энд хүмүүстэй нь хариуцлага тооцдог биш, өөрсдөө ашиг шимийг нь хүртдэг бол тэр малчин малаа вакцинжуулдаг, вакцинжуулаагүй бол хариуцлага тооцдог системийг хийх хэрэгтэй.”
Сангийн сайд Ч.Улаан: “Шүлхий бизнес болчихсон юм биш биз дээ гэж ард иргэдийн дунд болон сонин хэвлэлээр бичиж байна. Нээрээ шүлхий бизнес болчихсон юм биш биздээ. Яагаад өртөг зардал геометрын прогрессоор өсөх болов. Өнөөдөр бидний энд ярьж байгаа зүйлд бид чинь наад захын хийх ёстой зүйлээ хийж чаддаггүй юм байна. Хэвшлээ тодорхойлж чаддаггүй, вакцинаа хадгалж чаддаггүй, вакцинаа хүргэж чаддаггүй, хүргэсэн вакцинаа тарьдаггүй юм байна шүү дээ”
Шүлхийн дэглэлтийг зогсоож чадсан ч анхаарч үзэх олон асуудал байгааг улсын онцгой комиссын гишүүд тэмдэглэсэн. Тухайлбал: Мал эмнэлгийн үржлийн газрын хариуцлагагүй ажиллагаанаас үүдэн вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдсөн. Улсын ариун цэврийн төв лаборатори энэ удаагийн өвчлөлийг А хэвшлийн вирусээр үүсгэгдсэн гэж тодорхойлсон.
Дэлхийн мал амьтын эрүүл мэндийн лавлагаа лаборатори үгүйсгэж О хэвшлийнх гэж тогтоосон. Хэрэв А, О хэвшлийн хам вакцин хэрэглээгүй бол буруу оношилсноос үүдсэн үр дагавар, хор хохирлыг тооцоолох аргагүй байлаа гэдгийг сануулсан юм. Энэ бүхнээс харахад цаашид малчдыг харицлагажуулах шаардлага ч байна. Шүлхий өвчин анх дэгдсэн Сүхбаатар аймгийн Онгон суманд гэхэд л нядалсан, олдохгүй байгаа гэх шалтгаанаар 7 мянга гаруй малыг 2013 оны вакцинжуулалтад хамруулаагүй байсан.
Шүлхий өвчний голомтыг зогсоох, устгасан малд нөхөн олговор олгоход ЗГ 2005-2013 онд нийтдээ 27.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл энэ удаагийн өвчлөлийн үед 10.6 тэрбум төгрөг зарцуулаад байна. Цаашид улсын төсвөөс ийм байдлаар их хэмжээний хөрөнгө зарцуулаад байх уу, эсвэл энэ өвчинтэй тэмцэх стратеги арга барилаа өөрчлөх үү гэдгийг эргэн харах шаардлагатай гэж улсын онцгой комиссын гишүүд үзлээ.