Төрөөс үзүүлэх 450 үйлчилгээг ажил, гэрээсээ авахаар болов
НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулах үеэрээ “Нэн тэргүүнд баримталж байгаа зарчим бол авлигагүй, хүнд сурталгүй, иргэний оролцоог хангасан төрийн үйлчилгээг бий болгох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилга болон ҮАБЗ- ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлээс 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч энэхүү хөтөлбөрийг боловсруулсан.
Хөтөлбөрийг 2014-2020 он хүртэл гурван үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлээс үзүүлж байгаа барилгын зөвшөөрөл, газар эзэмших, өмчлөх, тендерийн сонгон шалгаруулалтад оролцох, иргэний бүртгэлийн үйлчилгээ авах гэх мэт 540 гаруй үйлчилгээг иргэд гэрээсээ, ажил дээрээсээ амар хялбар, ойлгомжтой байдлаар авах боломж бүрдэх юм” гэж онцоллоо. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, 2014-2016 онд “Цахимжсан Улаанбаатар”, 2015-2018онд “Технологижсон Улаанбаатар”, 2016-2020 онд “Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар” гэсэн шатлалтайгаар хэрэгжүүлэх юм байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуун “Хөтөлбөрийн хүрээнд бид энэ онд нийслэлээс үзүүлж байгаа 50 үйлчилгээг онлайн болгож, 20 гаруй үйлчилгээг хороонд шилжүүлэх зорилготой ажиллаж байна” гэлээ. Энэхүү хөтөлбөрийг баталснаар нийслэлийн иргэд 400 гаруй төрлийн үйлчилгээг нэг цонхоор цахимаар авдаг болно гэж НИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа.