Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2014.03.21

Төрийн байгууллагын нүсэр бүтцийг задална

Төрийн тэргүүн Төрийн байгууллагын нүсэр бүтцийг задлах санаачлагыг дэвшүүлсэн билээ.  Хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр яам агентлагын нэгдсэн цогцолборыг барих юм.  

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шинэ оны өмнө №1 тоот зарлигтай төрийг хэмнэлтэй, үр ашигтайгаар нь шилжүүлж,  эдийн засгийн харилцаанд иргэдтэй ижил тэгш оролцох. Тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, улмаар энэ нь төрийн бодлогод нөлөөлдөг байх нөхцөл бололцоог олгохыг засгийн газарт чиглэл болгосон юм. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий агентлагуудаас бусад засгийн газрын байгууллагуудыг нэг дор төвлөрүүлснээр төр иргэдэд ойр, хүртээмжтэй болно гэдгийг зарлигт тусгасан юм. Төр засгийн газрын агентлагууд түрээсийн нөхцөлтэйгөөр хувьчлагдсан байранд нэг дор төвлөрч орно гэдэг нь хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтанд найдвартай нөхцөл байдлыг үүсгэх юм. Хот өөрийн эзэмшлийн барилгуудаа борлуулахад бэлтгэн үнэлж эхэлжээ.

Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун: "Хангарьд ордныг хувьчлах асуудлыг Ерөнхийлөгч зохион байгуулахыг даалгасан. Үүнтэй уялдан хувьчлах есөн барилгын нэр гаргасан. Дээр нь засгийн газрын агентлагууд орохтой холбоотойгоор уялдаж хийгдэнэ"

Төрийн яам, агентлагийг нэгтгэн нэг байранд оруулснаар албан хаагчдын тоо илүүднэ. Энэ нөхцөлд дахин шалгалт авч, чадвартайг нь үлдээн арын хаалгатай хүмүүст нь баяртай гэж хэлнэ хэмээн Монгол улсын төрийн тэргүүн хэлж байна.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  "Төрийн албанд ажиллахад технологийн хувьд ийм хэмжээний мэдлэгтэй хүн ажиллана гэсэн нэгдсэн стандарт гаргаж, түүнийхээ дагуу шаардлагаа тавина. Тэнд нийцэхгүй байгаа хүмүүсийг мэргэшүүлж сурган, нийцэж байгаад боломж олгоё. Бүр чадахгүй бол төрийн ажлаас өөр ажлыг хийж болно"

Улсын хэмжээнд барилгуудыг хувьчилснаар төр хэрэгцээгүй зардлаасаа сална. Өөрөөр хэлбэл урсгал зардал нэрээр төсөвт их хэмжээний мөнгө суулган, танилдаа өгдөг байсан явдал зогсоно гэж үзэж байгаа юм.  Хувийн хэвшил өөрсдөө зардлаа хариуцан төр зөвхөн түрээслэн суух нь хаа, хаанаа мөнгө хэмнэх хамгийн зөв арга хэмжээ юм.