Хамтдаа хөгжихөөр 1300 ногоочид, тариаланчид, малчид цуглалаа
“Хамтдаа хөгжье” уриан дор “Хөдөө аж ахуйн салбар-Иргэдийн оролцоо” сэдэвт 5 дугаар зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
2014.03.27

Хамтдаа хөгжихөөр 1300 ногоочид, тариаланчид, малчид цуглалаа

Хөдөө аж ахуйн салбарт иргэдийн оролцоог хангах нь хамгийн чухал билээ. Иргэдийн оролцоогүйгээр хөгжлийн тухай ярих ч хэрэггүй.

Ялангуяа дэлхий нийтээрээ өрхийн аж ахуй, өрхийн үйлдвэрлэл рүү чиглэж байгаа энэ цаг үед Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас санаачлан “Хамтдаа хөгжье” уриан дор “Хөдөө аж ахуйн салбар-Иргэдийн оролцоо” сэдэвт 5 дугаар зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээ нь Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн ассоциацын таван жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог ажээ. Зөвлөлгөөнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн гишүүд, дэмжигчид, аж ахуй нэгж, ТББ-ууд, холбогдох

яам, тамгын газрууд нийлсэн 1300 төлөөлөгч оролцов. Түүнээс гадна зөвлөлгөөний гадна аймаг бүрээс ирсэн хүнсний бүтээгдэхүүний дээжис байсан бөгөөд алдарт цаатан цай, увсын чацаргана, хөвсгөлийн цагаан загас, кимчи, сүүн бүтээгдэхүүн болон төрөл бүрийн эрүүл мэндийн цайнууд ихээр гарсан байлаа.

Өнөөдөр ногоочид, малчдын амьдрал ямар байгаа талаар ний нуугүй ярилцаж, цаашид хамтдаа хөгжихийн тулд хэрхэх ёстой талаар санал шүүмжлэл гаргалаа. Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал сэдвээр Дэлхийн малчдын холбооны дэд ерөнхийлөгч, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин С.Мааманхүү илтгэл тавьсан юм. Уг нь холбогдох яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцох ёстой байсан ч ирж малчдынхаа үгийг сонссож амжсангүй.

Увс аймгийн гишүүд

Гэхдээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийлгүй ажиллаж, эх орныхоо хөрсөнд экологийн цэвэр бүтээгдэхүүнийг ургуулахаар зүтгэж яваа ногоочдод ямар ч урамшуулал, дэмжлэг байдаггүй гэдэг нь харагдлаа.

Шинэчлэлийн засгийн газрын зүгээс сум, орон нутаг руу чиглэсэн дөрвөн төрлийн хөнгөлөлттэй зээл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч зөвлөлгөөнд оролцож байгаа иргэдээс гарын таван хуруунд багтах хүн л хамрагдсан байлаа. Харин энэ байдлыг нүдээр үзсэн ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дотоодын аудитын газрын дарга зээл, хөтөлбөр жинхэнэ эзэндээ хүргэх арга замыг эрэлхийлж, засгийн газарт мэдээлэл хүргэнэ гэдгээ амласан юм.

Энэхүү зөвлөгөөний бас нэг онцлог нь МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр лүү” зорилтыг зөвлөгөнд оролцогчид дэмжин уриалга гарган, гарын үсэг зуран Ерөнхийлөгчид хүргүүлэх явдал байлаа.

Зөвлөлгөөнөөс гарсан олон зөв зүйтэй саналыг нэгэн цогц болгон холбогдох төрийн албан тушаалтан, бодлого шийдвэр гаргагчдад хүргүүлнэ гэдгээ МХХААҮА-ийн Ерөнхийлөгч Р.Мөнхбат хэлэв.