Хуримын бялууны шилдэг чимэглэлийг “Батбайгаль-ийнхан хийлээ
Хуримын бялууны шилдэг чимэглэлийг “Батбайгаль-ийнхан хийлээ
2014.03.27

Хуримын бялууны шилдэг чимэглэлийг “Батбайгаль-ийнхан хийлээ

Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх Бялуу үйлдвэрлэгчдийн зөвлөлөөс “Бялуу чимэглэх ур чадвар"-ын улсын анхдугаар тэмцээнийг өчигдөр амжилттай зохион байгууллаа. Уралдаанд “Атар өргөө”, “Талх чихэр”, “Батбайгаль”, “Жүр үр”, “Наран ТИСТ”, “Монкек” зэрэг арав гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцлоо.

Тэмцээн Технологийн дээд сургууль дээр хоёр үе шаттайгаар явагдсан юм. Эхний шатанд төрсөн өдрийн баярын бялуу чимэглэж өрсөлдөв. Дугуй хэлбэртэй, 10 инчийн хэмжээтэй төрсөн өдрийн кексийг 20 минутын хугацаанд чимэглэх даалгавар байсан юм. Бүх багууд хугацаандаа бялуугаа бүрэн гүйцэт чимэглэсэн юм. Нэгдүгээр шатны дүн дараагийн шатны дүнтэй нэгтгэгдэж эцсийн дүн гарах учраас энэ шатны дүнг шүүгч нар албан ёсоор танилцуулаагүй юм.

Харин дараагийн шат буюу шийдвэрлэх үед багуудад таван давхар хуримын бялуу хийх даалгавар өгсөн юм. Багууд хоёр цагийн хугацаанд бэлтгэж ирсэн кексээ янз бүрийн хэлбэр гарган зүсч, олон төрлийн крем, чихэр жимсээр чимэглэж гарсан юм. Хоёр цагийн дотор таван давхар хуримын бялууг бэлэн болгох ёстой. Тэмцээнд оролцогчдын анхаарлыг сарниулах болоод үйлдвэрлэлийн технологийн шаардлагыг биелүүлэх үүднээс зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцогчдын дундуур холхих, цонх онгойлгох, чанга дуу авиа гаргах зэргийг хориглож байсан юм.

Энэ нь тэмцээнд оролцогчдод тэвдэж сандралгүйгээр өөрийн ур чадварыг бодитоор илэрхийлэх боломжийг олгож байснаар давуу боллоо. Таван давхар, хуримын бялуу гэх ерөнхий шаардлага тавьсан байсан нь тэмцээнд оролцогчдод чөлөөтэй сэтгэж, чимэглэх бололцоо олгож буй болохыг зохион байгуулагчид онцолж байлаа.

Хоёрдугаар шатны тэмцээн эхлээд цаг гаруйн хугацаа өнгөрөхөд “Наран ТИСТ” компанийн багийнхан хуримын бялуугаа бусдаасаа хамгийн түрүүнд бэлэн болголоо. Харин энэ үеэр бялууныхаа суурь хэсгийг чимэглэж байсан нэг баг байхад гуравдахь үеийг нь чимэглэж дуусгаад дөрөв  дэхь үе рүүгээ орж байсан нөгөө нь ч байлаа.

Бялуугаа чимэглэх янз бүрийн хэлбэртэй сүүн крем, чихрэн чимэглэл зэргийг тухайн цаг мөчид гараар хийсэн бөгөөд урьдчилан бэлдэц хэрэглэхийг хориглосон байж. Тэмцээний ач холбогдлын  талаар Бялуу үйлдвэрлэлийн зөвлөлийн дарга Ц.Нарангэрэл “Хүнсний салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тэднийг мэргэшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор өнөөдрийн уралдаант тэмцээнийг бялуу үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийнхээ дунд анх удаа зохион байгуулж байна. Хамгийн гол нь тэмцээнд оролцогчид нэг нэгнээсээ туршлага судлах явдал. Үндэсний хэмжээнд ганцхан “Талх чихэр”, “Өгөөж" зэрэг үндэсний үйлдвэрлэгчид байснаас бодвол өнөөдөр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй аж ахуй нэгжтэй болж. Энэ салбар өдрөөс өдөр ирэх тусам хөгжиж байгааг харах таатай байна” гэсэн юм Бүх баг хугацаандаа хуримын бялуугаа чимэглэж дуусгасан хэдий ч “Жүр үр" компанийн багийнхны ширээг хөдөлгөсний улмаас бялуу нь нурсан юм.

Хамгийн гол нь тэмцээнд оролцогчид нэг нэгнээсээ туршлага судлах явдал.

“Жүр үр” компанийн багийнхны хийж байсан бялуу хөндлөнгийн шалтгааны улмаас нурж, шалгаруулалтад оролцох боломжгүй болсон хэдий ч тэмцээний хагас цаг тутамд багуудын хийж буй бялууны зургийг зохион байгуулагчид авч байсан учраас тухайн үеийнх ньгүйцэтгэлээр тэмцээний шалгаруулалтад оролцуулсан юм. Шүүгч нар багуудыг тогтсон  хугацаандаа өгөгдсөн сэдвийн  дагуу чимэглэсэн эсэхээс гадна чимэглэлийн шийдэл, үзэмж. арга ажиллагаа, ур чадвар зэргийг  голчлон дүнгээ гаргажээ.

“Батбайгаль” компанийн  багийнхны хийсэн хуримын бялуу чимэглэл, ур хийцийн хувь бусдаасаа ялгарч байлаа. “Суман- гүн”  бэйкерийн  давхар бүрийг сүүн крем, шоколад болон олон жимсээр бүрсэн, “Дархан дээжис" компанийн дөрвөлжин хэлбэртэй дээш нь шаталсан маягаар байрлуулсан хуримын бялуу нь Олны анхаарлыг татаж байлаа.

Мөн “Мөнх ундармал” компанийн бялуу бусдаасаа хамгийн өндөр байсан бол “Тэнгэрийн хишиг”-ийнх дан цагаан өнгийн крем ашиглаж хийсэн нь байлаа. “Бат байгаль" компанийн багийнхны хийсэн хуримын бялуу тэргүүн байрыг эзэлсэн бол “Тэнгэрийн хишиг” компанийхан  удаалав. Харин гуравдугаар байрт хэдий бялуу нь нурж, бүтэлгүйтсэн хэдий ч “Жүр үр” компанийн багийн хийж байсан бялууг шалгарууллаа. Үүн дээр нэгдүгээр шатны үзүүлэлт нэмэгдсэн нийлбэр дүнг гаргасан хэдий ч хоёрдугаар шатны дүнд нэг их нөлөөлсөнгүй.