Нэг ч килограмм өөх мах оруулж ирээгүй гэж МХЕГ-аас мэдэгдлээ
МХЕГ-ын дарга Д.Батмөнх, “New mаss” шөнийн клубийн захирал У.Баттөмөр, Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч С.Нямдорж, Монголын хүнсчдийн холбооны захирал Х.Гиймаа нар өчигдөр мэдээлэл хийлээ.
БНХАУ-аас гахайн өөх импортлох зөвшөөрлийг олгосон, Шанхай хотод зургаан мянга гаруй гахай үхсэн үеэр гахайн өөх мах импортлох шийдвэр гаргасан зэрэг мэдээллийг үгүйсгэсэн юм. Яг өнөөдрийн байдлаар нэг ч килограмм өөх мах оруулж ирээгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэд хэлэхдээ “Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулахаар төлөвлөж, хууль эрхзүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа цаг үе юм. Нөгөө талаар ажлын хариуцлага алдаж, ажлаас чөлөөлөгдсөн, албан тушаалын хойноос хөөцөлдсөн бүлэг этгээдийн зохион байгуулалттай, баримт нотолгоогүй дээрх мэдээллийг олон нийтэд тарааж байгаад харамсч байна” гэв.
Мэргэжлийн хяналтын байгууллагын идээ бээрийг цэвэрлэх, ашиг сонирхлын зөрчилтэй байж болох зарим удирдах ажилтныг АТГ-т өгч шалгуулж байгаа тухайгаа энэ үеэр хэлж эрх бүхий хуулийн байгууллагад илгээсэн албан тоотоо танилцуулав. “New mass” шөнийн клубийн захирал У.Баттөмөр “Би МХЕГ-ын дарга Д.Батмөнх гэдэг хүнийг танихгүй, өнөөдөр л харж байна. Би нэгдүгээр сарын 3-ны өдөр Хонгконг ниссэн. 5-ны өдөр Монголд байгаагүй. “Өдрийн сонин”-д бичээд байгаа шиг нууц бичлэг байхгүй. мэдэхгүй” хэмээн тайлбарлав.
БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс “New mass” шөнийн клубийн үйл ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хаасан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа аж. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр архидан согтуурч маргалдсан байх ямар ч үндэслэл байхгүй гэдгийг тэрээр хэлсэн.
Удаа дараа цуврал нийтлэлээр гүтгэлгийн чанартай захиалгат мэдээлэл нийтэлсэн “Өдрийн сонин”-г шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандах болно гэлээ.
Манай улсын гахайн өөх махны нэг жилийн хэрэгцээ 2300-2400 тонн байдаг бол үүний 700-1800 тонныг гадаадаас авч үлдсэнийг нь дотоодынхоо үйлдвэрлэлээс хангадаг ажээ. Энэ үеэр Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч С.Нямдоржтой цөөн хором ярилцлаа.
-Импортын бүтээгдэхүүнд ямар хяналт тавьдаг вэ?
-Бид БНХАУ-ын чанарын хорио цээрийн газар руу бичиг явуулдаг. Энэ нь Хятадын аль мужийн ямар үйлдвэр нь чанарын шаардлага хангасан байна, мал эмнэлгийн гоц халдвар илрээгүй ямар үйлдвэр танайд байна вэ гэсэн албан тоот явуулсан. Үүний хариуд малын гоц халдвар гараагүй, хүнсний аюулгүй бай- дал хангасан найман үйлдвэр байгаа гэсэн хариу ирсэн. Үүнээс манай импортлогчид гурван үйлдвэрийг сонгоод импорт хийх
хүсэлтээ Хүсэлтийн холбоогоор дамжуулаад өгчихсөн байдаг. Үүнд манай МХЕГ-аас авч үзээд гурван үйлдвэрт нь Хүсэлтийн холбоо, Хятадын чанарын хорио цээрийн ерөнхий газартай нийлж мэргэжлийн үнэлгээ хийж, боломжтой гэсэн дүгнэлт гаргаж өгдөг.
-Энэ ямар үйлдвэр байдаг вэ?
-Олон улсын шаардлага хангасан дэлхийн арван улсад одоо гахайн өөх махан бүтээгдэхүүнээ гаргаж, чанарын, удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн үйлдвэрүүд байсан.
-Хятадад бүтээгдэхүүнээ яаж шинжилдэг вэ?
-Энэ талаас судалж байж сонгосон. Нэгдүгээрт баталгаажуулалт чухал. Дараа нь ямар лабораторид шинжилдэг, ямар хяналттай хийдэг, савлалт, тээвэрлэлт гээд үйлдвэрийнх нь бүх үйл явцтай танилцсан.