Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.03.24

Орон сууцны нэг оршин суугч хоногт 200 гаруй литр ус хэрэглэдэг

Ундны усны эх үүсвэр дээр баригдсан орон сууц, үл хөдлөх хөрөнгийг нураах боломжгүй байгаа талаар хотын удирдлага мэдээллээ.

Шат дамжсан шүүхийн шийдвэрийн эцэст дүнжингарав худалдааны төвөөс эхлээд орон сууцуудыг нурааж болохгүй байна. Анх зөвшөөрөл өгөхдөө дарга нар завхарал гаргасан тул төрийн буруутай үйл ажиллагаанаас бизнес эрхлэгч хохирох ёсгүй гэж шийдвэр гарчээ.

Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор  нийслэлд усны хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байгаа. Улаанбаатар хотод тогтоогдсон усны нөөцөөс олборлолт авахаар нөхцөл үүсчихээд байхад ундны усны  эх үүсвэрүүд дээр барилга барьчихсан сууж байна. Нийслэлийн орон сууцны хэрэглэгчид ус хэт их хэрэглэж байгаа бол гүний цэнгэг усаар машинаа угаадаг улс Монголоос өөр байхгүй болжээ.

Саудын Араб хоногт дунджаар 150 л ус, Герман улс 100-110 л ус хэрэглэж байхад Улаанбаатарт орон сууцны нэг оршин суугч хоногт 200 гаруй литр ус хэрэглэдэг тухай судалгаа гарчээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: “Цэвэр усны  сангийн дээр барилга барих шаардлага байгаагүй. Үүнтэй холбоотой захирамж гаргасан ч захиргааны хэргийн шүүх дээр удсан.”

Нийслэлийн засаг даргын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр: “1983 оноос хойш ЗХУ байхад судлагдсан зүйл. Гадаргын усыг хэрэглэх төсөл 31 жилийн нүүр үзэж байна. Эрдэм шинжилгээний хүмүүстэй хамтарч сан байгуулах асуудлаар төслийн хэмжээнд,  цаашид ямар арга замаар энэ асуудлыг шийдвэл зохих  талаар ярилцаж байгаа.”

Нийслэлд газрын доорх  усны түвшин буурч Туул голын урсац хавартаа тасарч 2016 он гэхэд Улаанбаатар усны хомсдолд орж мэдэх нь. Нийслэлд ахуйн хэрэглээний ус үйлчилгээний үнээс хямд байдгаас ус хангамжийн салбар ихээхэн алдагдалд орсон. Ус сувгийн салбарт 250 гаруй тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Ундны усны эх үүсвэрүүд дээр баригдсан барилгууд энэ мэт асуудлууд дээр нэрмээс болж байгаа юм.